Өлзийтийнхөн урамтай, өрнөсөн ажил нь өнгөтэй байна

Хонгор нутгийн ихэнх сумд гантай зуны халуун өдрүүд үргэлжилсэн хэдий ч зарим суманд бүтээн байгуулалт өрнөж, сумын төвийнхөн борви бохис хийх завгүй ажиллаж байгааг хараад яахын аргагүй бахархах сэтгэл төрөв. Өдрийн наран баруунтай таширлах үес Өлзийт суманд хүрэлцэн ирлээ. Энд тэндгүй ажил өрнөж, ундуй сундуйч их бүтээн байгуулалтын хөлс хүн бүрийн магнайд дааварлан, хүрз жоотууны хангинасан дуу тачигнаж, хүчит техникийн нүргэлээн үл тасарнам...

Баянхонгор аймгийн Өлзийт сумын өнгө нэг л аятайхан сэтгэгдлийг төрүүлээд авлаа. Монгол улсын хэмжээнд өрнөөд буй Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын дарга Г.Занданшатар өсөж торнисон сумаасаа ийнхүү эхлүүлсэн ажаа.

Өнгө засаж, өгөөжөө өгөхүйц сумын төвийн шинэчлэл төсөл Хонгор нутгийн хэд хэдэн суманд хэрэгжинэ гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Энэ суманд хийгдэж буй энэхүү бүтээн байгуулалтын ажил инженерийн байгууламж, тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын болон 40 гаруй өрхийн жишиг хороолол, цэцэрлэгт хүрээлэн, соёлын ордон зэрэг ажлуудаар эхэлжээ.

Эхлүүлсэн ажлуудын явц сайн, хүмүүсийн ажиллах урам зориг дүүрэн, эрч хүчтэй ажиллаж байгааг сумын засаг дарга Д.Цэдэнсодном бидэнд танилцууллаа. Нэг бодлын энэ засаг дарга азтай аавын хүү юм гэж бодлоо.

Ийм том бүтээн байгуулалтад гар бие оролцож, ухаан цараална гэдэг төрөлх нутгийнхаа түүхийн гэрч болохын хувьд ч, түмэн олондоо мартагдахгүй ажлыг үлдээсний хувьд ч...

Бид цэвэрлэх байгууламж 100 м3 усан сан, дулааны хос шугамууд, усан хангамжийн хос шугамууд, 1000 метрийн хатуу хучилттай авто зам, 1200 м2 талбай бүхий явган хүний замууд, цэцэрлэгт хүрээлэнгийн 2000 м2 талбайд мод бут,сөөг тарих, явган замын гэрэлтүүлэг, сүүдрэвчүүдийн ажил байдалтай сумын засаг даргатай хамт явж биечлэн танилцсан юм. Эхэлсэн ажлууд ихэвчилж, зарим нэг ажлууд дуусах шатандаа оржээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын өнөө жилд хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудыг ирэх есдүгээр сарын 1-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд цаг наргүй ажиллаж байгаа нь ч бахархууштай...

Мөн 240 хүний суудалтай соёлын ордны барилгыг унаган нутгийн хүү О.Батбаатар захиралтай "Өлзийтийн хийморь өөдөө" ХХК-ний барилгачид барьж ашиглалтад өгөхөөр шавыг нь тавьж ажлаа эхлүүлсэн байна.

Ийнхүү сумын төвийн шинэчлэл төслийн ажлын гараа сайн, тухайн сумын иргэдийн урам зориг, сэтгэл өөдрөг, сайн ажиллаж байж сумандаа сайхан амьдарна гэсэн хүслээр жигүүрлэн эрвийх дэрвийхээрээ сайн ажиллаж байна.

Энэ мэтээр хонгор нутагт өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэгээхэн хэсгийн ажил өөрдөг, Өлзийт сумынхан өнгөтэй байна. Бас нэг авууштай нь манай суманд ажилгүй хүнгүй боллоо хэмээх сумын засаг даргын яриа нэгийг бодогдуулж, ихийг хийж бүтээхийн өгөөж, хаялга юмдаа гэдгийг тодосгоно билээ...

Доод тал нь өдөрт 20000 төгрөг, мэргэжлийн хүн 3,0 сая төгрөгийн цалин авч байгаа аж.

Мөн хашаагаа тавигдаж буй шаардлагад нийцүүлэн тохижуулсан 31 өрхөд 300000 төгрөгийн урамшуулалтай болзолт уралдааныг зарласан гэж байна.

 

 

 

 

 

 

 

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ "ӨНӨӨГИЙН БАЯНХОНГОР" СОНИНЫ ЭРХЛЭГЧ ПАГВЫН САНААДАГВА 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)