Шинэ зам гаргалгүй аялаарай
- 2020-08-06
- Үнэн
- 0
“COVID-19'’ цар тахлын улмаас хил хаагдсан тул энэ жил дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэн. Манай гэр бүл ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд бяцхан аялал хийсэн юм. Аяллын үеэр анзаарагдсан нэг зүйл нь иргэдийн зорин очдог байгалийн үзэсгэлэнт газруудыг олж очиход үнэхээр бэрхшээлтэй болжээ. Маш олон шинэ, хуучин зам сүлжилдэн, таних тэмдэг ч ховор үзэгдэх аж. Үүнээс нь болж төөрч будилж, “буруу замаар будаа тээх" гэгчээр энхэл донхол зам руу орж, шаварт суух тохиолдол ч их байлаа. Энэ бүхэн дан ганц манай гэр бүлд тохиолдсон зүйл биш болов уу.
Үзэсгэлэнт байгальдаа иргэдийг татаж, нутгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл тухайн сум орон нутгаас багахан хэмжээний зардал гаргаж, зориулалтын тэмдэг тэмдэглэгээг хийх шаардлагатай болжээ. Тэмдэг, тэмдэглэгээ үгүй учраас иргэд замдаа төөрч будилж, зарим тохиолдолд эрдэнэт хүний амь нас эрсдэх аюул ойрхон байна. Тиймээс иргэд та бүхэн ч гэсэн зориулалтын гаргасан замын дагуу аялаж зугаалж байхыг уриалж байгаа юм.
Энэ бүх байдлыг анзаарч Экологийн цагдаагийн албанаас дотоодын жуулчдадаа зориулж, “Аяллын алтан 10 дүрэм”-ийг гаргажээ. Үуний дотор “шинэ зам гаргахгүй” аялахыг жуулчдаас хүсч уриалга гаргасан байна. Шинэ зам мөр гаргалгүй, зориулалтын замаар зорчсоноор аялагчдын цагийг хэмнэсэн, түлшинд хэмнэлттэй, мөн эрдэнэт хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлсэн арга хэмжээ болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Г.Ням
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)