Валютын ханш тойрсон хүндрэл цаашид ч гүнзгийрч болзошгүй
- 2020-08-07
- Эдийн засаг
- 0
Үндэсний статистикийн хорооноос гаргасан хагас жилийн тайлан мэдээллээр төгрөгийн хадгаламж өнгөрсөн зургадугаар сарын эцэст 10.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 264.2 (2.5 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 13.4 (0.1 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Харин валютын хадгаламж өнгөрсөн зургадугаар сарын эцэст 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 338.2 (8.5 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеэс 1.4 (47.1 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, төгрөгийн хадгаламж жилийн хугацаанд ердөө 0.1 хувиар өсч байхад валютынх 47.1 хувиар нэмэгдсэн нь иргэд үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэхгүй байгааг харуулж байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бүх төрлийн гадаад валют өссөөр ирсэн бөгөөд ам.долларын ханшийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6, юань 3.4, евро 5.8 хувиар тус тус нэмэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад рубль 1.9 хувиар буурсан ганц валют байсан боловч өмнөх тавдугаар сартай харьцуулахад 5.9 хувийн өсөлт үзүүлсэн байна. Валютын ханш тасралтгүй өсч, төгрөгийн үнэ цэнэ буурсаар байгаа уг үзэгдэл нь иргэд Засгийн газар, төв банкны валютын ханшийг тогтворжуулах бодлогод итгэхгүй байгаагийн илрэл хэмээн эдийн засагчид үзэж байна. Ханшийн өсөлтийн нөлөөгөөр импортын бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн цалин, тэтгэврийн үнэ цэнэ буурдаг. Үүний нэг томоохон жишээ бол хэдхэн хоногийн өмнө шатахууны ханш литр тутамд 50-70 төгрөгөөр өссөн явдал байв. Үүнд гадаад хүчин зүйл нөлөөлөөгүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлт зардлыг нэмэгдүүлэхэд хүргэсэн хэмээн нефть импортлогчид тайлбарласан юм.
ТӨМӨР ЗАМЫНЦАРИГ ДЭЭР ДАХИНОЙЛГОМЖГҮЙ БАЙДАЛ ҮҮСЛЭЭ
Валютын ханш тойрсон сэдвээр эдийн засагч Б.Мөнхдөлтэй ярилцлаа.
-Валютын ханш тасралтгүй өссөөр байна. Шалтгааныг нь хэрхэн тайлбарлах вэ?
-Манай голлох бүх валют болох ам.доллар, юань, иен зэрэг бүгд байнга дээд ханш тогтоож яваад байна. Маш товчхон дүгнэвэл, Монголд ам.доллар орж ирэх нь гарахаасаа бага байна гэсэн үг. Экспортын орлого хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь валютын орох урсгалыг сааруулсан. Эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийг харвал 679 сая ам.доллар Монголоос гараад явжээ. Мэдээж энэ төгрөгөөр гарахгүй, ам.доллараар гадагшилна. Тэгэхээр ам.долларын эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш унаж байна.
Ер нь иргэдийн дунд төгрөгт итгэх итгэл буурч байна. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жил тогтмол өсч байсан ч цаашид эдийн засгийн ирээдүйд итгэх итгэл буурч байна гэсэн үг. Энэ нь нэг талаас цар тахалтай холбоотой. Нөгөө талаас гаднаас хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. Гаднаас экспортын орлого, хөрөнгө оруулалт гэсэн хоёр гол эх үүсвэрээр валют орж ирнэ. Экспортын орлого мэдээж хумигдсан. Нэмээд гадаадын хөрөнгө оруулалт маш бага байна. Статистик харвал эхний зургаан сарын байдлаар 898 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний дийлэнх нь зөвхөн ганц төсөлтэй холбоотой. Тэр нь мэдээж Оюу толгой. Бусад төсөл, салбарт гадаадын хөрөнгө оруулалт бараг байхгүй гэж хэлэхэд болно.
-Цаашид ханшаас үүдэлтэй эрсдэл улам өссөөр байх нь?
-Ирэх дөрвөн жилийн хугацаанд 2.3 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийг төлөх ёстой. Үүнийг бид төлж чадахгүй нь ойлгомжтой. Засгийн газар ч хүлээн зөвшөөрч мэдэгдсэн. Тиймээс хугацааг сунгана, эсвэл дахиж зээл авч энэ их өрийг дарна. Тэгэхээр ирээдүйд ам.долларын эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна. Ам.долларын эрэлт нэмэгдэж, цаашид төгрөгийн ханш улам унах болов уу гэсэн төлөв харагдаж байна. Харамсалтай нь бодит хүлээлт ийм байна.
-Хадгаламжийн дүн мэдээг харахад иргэд төгрөгөөс илүү валютыг нөөцлөх сонирхолтой болжээ. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Төгрөгт итгэх итгэл маш бага байна гэсэн үг. Хүн олсон мөнгөө аль болох ам.доллар болгож хадгалахыг хичээж байна. Ханш цаашид унана гэсэн хүлээлт иргэдийн дунд байна. Төв банкнаас долоо хоногт хоёр удаа валютын дуудлага худалдаа явуулах учиртай. Энэ нь зах зээлд ам.доллар нийлүүлж ханшийн огцом өсөлтийг хязгаарлах, сааруулах зорилготой. Гэвч ийм боломж төв банкинд хэр байна вэ. Тэгэхээр цаашид төгрөгийн ханш унах нь тодорхой. Харин хэр удаан үргэлжлэх вэ гэдэг тодорхойгүй. Монголын эдийн засаг нэгдүгээр улирлын байдлаар хасах руугаа орсон. Хоёр улирал дараалаад ДНБ унавал хямрал гэж нэрлэдэг. Тэгэхээр Монголын эдийн засаг хямралд орсон нь тодорхой байгаа.
-Эдийн засагт гэрэл гэгээтэй дүр зураг байна уу?
-Нэг сонирхолтой статистик байсан. “World economics” байгууллагаас худалдааны менежер гэх индексийг саяхан гаргасан. Худалдааны менежерүүдээс санал асуулга авахад итгэл нь дээшилсэн байсан. Тэд гуравдугаар улирлаас эдийн засаг бага зэрэг сэргэж магадгүй гэж таамагласан байна лээ. Тиймээс гуравдугаар улирлаас манай эдийн засаг тогтворжиж, дахин унахгүй байх болов уу гэсэн хүлээлт байна. Хятадтай “Ногоон гарц”-ын хүрээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд экспорт өсөх болов уу гэж найдаж байна. Гэхдээ бодит хөрсөн дээр яаж буухыг мэдэхгүй.
-Ер нь ханшийн уналтын суурь бодлогын уялдаагүй, хариуцлагагүй байдалтай холбоотой. Энэ талаар та ямар дүгнэлт хэлэх вэ?
-Бодлогын, засаглалын тогтворгүй байдал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа шүү дээ. Уг нь уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэх зэргээр эдийн засгийн тулгуур салбараа тодорхойлсон. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хангалттай хөгжөөгүй. Гол ажиллаж байгаа салбар нь уул уурхай байдаг ч хамгийн их улстөржүүлдэг. Монголын голлох экспортыг нүүрс, зэс хангаж байна. Гэтэл төмөр замаа барьж чадахгүй асар их хугацаа, боломжоо алдлаа. Дээрээс нь саяхан сонгуулийн өмнө нэг хачирхалтай шийдвэр гарсан байна лээ. Тавдугаар сарын 13, 14 хавьцаа байсан санагдана. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг олон улсын стандартаар буюу нарийн царигаар барихаар УИХ-ын тогтоол гарсан. Тэгтэл тус шийдвэрийг эсэргүүцэж Н.Удаанжаргал гэж хүн Үндсэн хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ хүн бол төрийн өмчит “Таван толгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал. Ингээд ҮХЦ улсын нууц гэсэн шалтгаанаар нууцаар хуралдаад дээрх шийдвэр Үндсэн хууль зөрчсөн юм байна гэж үзсэн. Маргааш нь шууд УИХ-ын чуулганаар оруулаад ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авахаар шийдвэрлэсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам өргөн царигаар баригдана гэсэн үг. Энэ мэтээр хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг гацаах үйл явц явагдаад байх шиг.
-Өргөн царигаар тавибал урагш зөөхөд хүндрэл үүснэ шүү дээ?
-Тэгнэ. Царигийн зөрүүг яаж шийдвэрлэх нь тодорхойгүй. Хил дээр очоод дугуйгаа солих юм уу, яг яах ёстойг мэдэхгүй байна. Бас нэг зүйл нь Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын гүйцэтгэгч компани болох “Бодь интернэшнл”-д эрх олгохдоо тендергүй, нууцаар шийдвэрлэсэн. Би хувьдаа манай эдийн засгийн хамгийн том мега төсөл нь Таван толгойн төмөр зам гэж хардаг. Гэтэл энэ мэт ойлгомжгүй, нууц байдлаар явагдаж буй шийдвэрүүд хардалт төрүүлж байна. Тэгээд аль хэдийн эхэлсэн ажил дээр дундаас нь царигийг нь өөрчилчихөөр юу гэж ойлгох ёстой юм. Нөлөөллийг нь яаж тооцож байгаа юм гэдэг дээр Засгийн газар хариулт өгөх ёстой байх. Үүнээс гадна хайгуулын лиценз байна. Сүүлийн жилүүдэд хайгуулийн лиценз огт олгогдоогүй гэж хэлж болно. Гэтэл дараа дараагийн Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэргийг залгамжлах ордуудаа илрүүлэх ажил хоцроод байна. Одоо хайж эхлэхгүй бол 20-30 жилиййн дараа том ордуудын нөөц дуусахад дараагийн том уул уурхайн төсөл юу байх вэ. Үүнийг дагасан гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах асуудал бас байна. Уг нь хариуцлагатай уул уурхайн хүрээнд хайгуулын лицензийг тодорхой бодлоготойгоор олгоод явах нь зүйтэй гэж хардаг. Энэ мэтээр ханш өсөхөд нөлөөлсөн хөрөнгө оруулалтын зогсонги байдал, экспортын орлого хумигдсан зэрэг нь өмнөх бодлогын алдаануудаас үүдэлтэй.
-Та хилийн чанад дахь монголчуудын холбоог төлөөлдөг. Ер нь тэдний шилжүүлж буй мөнгө валютын ханшид нөлөөлөх хэмжээний байж чаддаг уу?
-Өнгөрсөн жил 590 гаруй сая ам.доллар хувь хүний дансаар Монголд орж ирсэн байдаг. Үүнд мэдээж ялгаатай ойлголтууд байгаа л даа. Албан бусаар орж ирж байгаа их хэмжээний мөнгө бас бий. Тэгэхээр гадаадад байгаа монголчууд эх орон руугаа дунджаар 600 сая ам.доллар шилжүүлж байна гэвэл хол зөрөхгүй. Энэ бол их мөнгө. Валютын ханшид нөлөөлөх хэмжээний дүн юм. Гэвч он гараад энэ мөнгө багассан. Яг хэр хэмжээтэй багассаныг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ханшид нөлөөлөх хэмжээний валют Монголд орж ирэхээ байсан.
АЛТ ОЛБОРЛОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
Эдийн засагч Г.Ганзоригтой ярилцлаа.
-Ам.долларын эрэлт буурсан боловч валютын ханш өссөөр байна. Ялангуяа, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийн үед ханшийн өсөлт импортын бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж, иргэдийн цалин, тэтгэврийг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Наад зах нь бензиний үнэ өслөө. Ер нь ханшийн өсөлтийн шалтгаан, өсөлтөөс үүдэлтэй хор нөлөөг хэрхэн харж байна вэ?
-Манайх шиг дотоод үйлдвэрлэл муутай улс оронд төгрөгийн ханш тогтвортой байх нь маш чухал үзүүлэлт. Гэвч мэдээж тийм байдаггүй. Ам.долларын эрэлт буурсан ч нийлүүлэлт бүр хүчтэй буурсан. Төлбөрийн тэнцэл зургадугаар сарын байдлаар 680 орчим сая ам.долларын алдагдалтай байна. Үүнд голлох нөлөө нь нүүрсний экспортын орлого 50 гаруй хувиар буурсантай холбоотой. Тэгэхээр үндсэндээ төгрөгийн ханш сулрах суурь нөхцөл бол үүссэн гэж харж байна. Угтаа олон улсад ам.доллар бусад томоохон валютын эсрэг суларч байгаа шүү дээ.
Үүний хор нөлөөг та асуултандаа бараг тодорхойлчихсон. Манай хэрэглээний маш өндөр хувийг импортоор хангадаг. Тэр бүхний үнэ өснө. Энэ бол иргэнд бууж буй нөлөөлөл. Макро эдийн засаг талаасаа харвал манай бодит ДНБ-ий өсөлтийг ам.долларт шилжүүлэн харвал хасах утга руу оруулах эрсдэл үүснэ. Тэгэхээр хэнд ч хэрэгтэй зүйл биш.
-Иргэд Засгийн газар, төв банкны бодлогод итгэхгүй байна уу гэх хандлага анзаарагдаж байна. үүнийг валютын хадгаламжийг илүүд үзэж байгаагаас харж болох нь?
-Үүнийг долларжилт гэдэг. Ханшийн савлагаа үүсэх бүрт л гардаг үзэгдэл. Хүн бүрт л өөрийнхөө хадгалсан хэдэн төгрөгөө илүү өгөөжтэй байлгахыг хүснэ. Эдийн засгийн онолд үүнийг хүлээлт гэдэг. Үүний эсрэг төв банк маш зөв бодлогын алхмууд хийсэн. Үүний үр дүн ч гарсан. Хэрэв тэгээгүй бол асуудал одоогийнхоос ч хүнд байх байсныг үгүйсгэхгүй.
-2021 оноос бондын томоохон төлбөрийн хүлээлт байгаа. Тиймээс төв банкны тухайд нөөц бүрдүүлэхэд голлон анхаарч зах зээлд нийлүүлэх валютын урсгалыг бууруулснаар ханш өсөх шалтгаан болж байна уу?
-Өмнө нь хэлсэнчлэн долларжилт бий болгохгүй байх тал дээр оны өмнөөс л сайн алхмууд хийсэн. Харин зах зээлд ам.доллар нийлүүлэх тал дээрээ хойрго хандаж байгаа юу гэвэл тийм бас үгүй. Яагаад тийм гэхээр зах зээлийн нийт эрэлтийг бол биелүүлэхгүй байгаа. Энэ нь хуримтлагдсаар л байна. Яагаад үгүй гэхээр Төв банк нь валютын арилжаагаар огцом савлагааг л үгүй хийдэг, тэрнээс суурь трендийг өөрчлөх боломжгүй. Үүнийг өөр арга хэрэгслээр л зохицуулдаг. Тэгэхээр бид Төв банкнаас бүх нөөцөө гаргаад өгчих гэж шахах учиргүй юм.
-Валютын ханш өссөнөөр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрддэг хэмээн ярьдаг. Энэ боломж нөхцөл манайд бүрдэх боломжтой юу. Үүнд чиглэсэн төв банк, Засгийн газрын бодлогын уялдаа, арга хэмжээ байна уу?
-Шууд тийм гэж хэлэхэд хэцүү. Валютын ханшийн савлагаа нь зээлийн хүүтэй шууд уялддаг. Тэгэхээр ханш өсөөд байвал зээлийн хүү өндөр байсаар байна. Энэ нь үндсэний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжгүйд хүргэнэ. Харин аль хэдийнэ манайд маш олон үйлдвэр байгаад тэр нь үнийн өрсөлдөөнөөс болоод ашиггүй ажиллаж байсан бол яахын аргагүй ханш эерэг нөлөөлнө. Гэхдээ тийм биш гэдгийг та мэдэж байгаа.
-Алт худалдан авалтыг хэрхэн дэмжих хэрэгтэй вэ. Өнөөгийн цаг үед алт эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэх вэ?
-Алт хөтөлбөр хэрэгжин тодорхой зээлүүдийг өгч байна. Сайн хэрэг. Харин процесс нь жаахан удаан байна. Алт бол яахын аргагүй одоогийн нөхцөл байдалд эм л гэсэн үг. Энэ нь шууд улсын валютын нөөцийг нэмэгдүүлдэг болохыг та мэдэж байгаа. Яаралтай үүнийг шийдвэрлэж, алтны олборлолтыг дэмжихгүй бол цаг хугацаа нэгэнт оройтсон байх болов уу. Алтны ханш үргэлж ийм өндөрт, шатахуун хямд байхгүй шүү дээ.
Г.БАТ
Сэтгэгдэл (0)