Чихрийн агууламж өндөр бүтээгдэхүүнд архи, тамхитай адил онцгой албан татвар ногдуулъя
- 2020-08-07
- Үнэн
- 1
Засгийн газар 2018 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан. Нийт 50 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулж шүдийг нь эрүүлжүүлэхээр төлөвлөж ажлаа эхэлсэн юм. Дөрвөн жилийн дотор энэ зорилгоо биелүүлж чадах юм бол өсвөр үеийнхний эрүүл мэндэд том дэвшил болно. Халдварт бус өвчний эсрэг тэмцэлд ч ахиц гарна гэдгийг тухайн үед онцолж байлаа. Тэгвэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 долоодугаар сарын 27-ны өдрийн байдлаар 130.599 хүүхэд хамрагдаад байгаа ажээ. Энэ нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойших жил хагасын хугацаанд нийт хамруулах хүүхдийнхээ 18 хувьд хүрч ажиллан, шүдийг нь эрүүлжүүлээд байгаа гэсэн үг юм. Шүд цоорох өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2000 онд олон шалтгаант халдварт өвчин хэмээн бүртгэсэн байдаг. Шүд цоорно гэдэг халдварт өвчин төдийгүй халдварт болон халдварт бус олон өвчний үндсэн шалтгаан болдог аюултай. Тиймээс нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэгээр шүд цооролтыг дурдах болжээ.
Орчин үед чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн нь шүд цоорох өвчний тархалт, хүрээг тэлсээр байна. Монгол Улсын хэмжээнд хоёр жилийн өмнө хийсэн судалгаагаар хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86.2 хувьтай, шүд цоорох өвчний эрчим 6.2 нэгж буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шалгуур үзүүлэлтээс өндөр түвшинд байгаа гэсэн дүн гарч байжээ. Түүнчлэн мэргэжлийн эмч нар цэцэрлэгийн 300 гаруй хүүхдэд үзлэг хийхэд 100 хүүхдийн гурав нь л эрүүл шүдтэй байсан аж. Эндээс хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин газар авсныг харж болно.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ нэмэгдэж байгааг олон судалгаагаар нотолжээ. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болж байгаа аж.
Түүнчлэн манай улсын хүүхэд, өсвөр үеийнхний дунд таргалалт, илүүдэл жингийн үзүүлэлт хэт өндөр түвшинд хүрсэн нь чихрийн хэрэглээтэй шууд холбоотой. Нэг монгол хүнд хоногт 330 мл-ээс дээш чихрийн агууламжтай ундаа ногдож байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй дээгүүр үзүүлэлт. Гэтэл төв суурин газарт амьдарч буй хүүхэд хоногт 0.5 мл чихэрлэг ундаа уудаг гэсэн судалгаа бий. “Улсын дунджаар шүд цоорох өвчний тархалт 71.4 хувь, шүд цоорох өвчний эрчим 4.33 шүд, эмчилгээний хэрэгцээ 94.3 хувь байна. Нийслэлийн долоон дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар 1408 сурагчийн 66.0 хувь чихэрлэг ундаа, 39.1 хувь нь хямд үнэтэй чихрийг сургуулийн орчмоос өдөр бүр худалдан авч, хэрэглэдэг болох нь тогтоогдсон” хэмээн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн танилцуулгад дурдсан байдаг. Уг хөтөлбөр дээрх таагүй статистикийг эрс өөрчлөх ёстой. Ингэхийн тулд амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зэрэг нийт 17 ажлыг хийхээр төлөвлөсөн юм билээ. Үүн дээр нэмээд хэлэхэд зарим хууль, журамд өөрчлөлт оруулахгүйгээр энэ ажил үр дүнд хүрэхгүй. Учир нь, зарим талаар албадлагын шинжтэй, захиргааны арга хэмжээг авч хэрэгжүүлж байж шүд цооролтоос урьдчилан сэргийлэхэд бодитой ахиц гарах болов уу. Тухайлбал, чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгжүүдээс авах татварын хэмжээг нэн түрүүнд нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм жишиг олон улсад ч бий. 2016 онд Их Британийн Засгийн газар бүх төрлийн зөөлөн ундаанаас авах татварын хэмжээгээ нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж байсан юм. Энэхүү татварын нэмэлтэд “Кока кола”-наас эхлээд 100 мл тутамдаа таван граммаас дээш хэмжээтэй чихэр агуулсан бүх ундааг багтаасан ажээ. Их Британийн хүн амын дунд, ялангуяа хүүхдүүдийн дунд таргалалт газар авсан нь ийм алхам хийхэд хүргэж байжээ. Их Британиас гадна Франц, Норвеги, Чили, Өмнөд Солонгос, Өмнөд Африк, Финланд, Дани, Тайланд, Филиппин зэрэг 28 улс чихэрлэг ундааны борлуулалтад 10-25 хувийн онцгой албан татвар ногдуулдаг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2013-2020 оны хооронд хэрэгжүүлэх халдварт бус өвчнийг бууруулахад чиглэсэн хөтөлбөрийнхөө хүрээнд нэн хортой бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулах зөвлөмжийг бүх улс оронд хүргүүлсэн байдаг. Нэн хортой гэдэгт хүүхдүүдийн амтархан уудаг чихэрлэг ундаанаас эхлээд сахарын агууламж өндөр бүх бүтээгдэхүүн багтана. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээрх зөвлөмжийг баримтлан чихрийн агууламж өндөр бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлэхийг хууль тогтоогчдоос шаардах ёстой. Хэрвээ парламент ийм шийдвэр гаргаж чадвал жинхэнэ нэмэх оноог олон нийтээс авах болно. Юутай ч эрүүл мэндэд хортой, сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах санаачилга ЭМЯ-наас гарсан ч ‘'дээшээ” очоод сураг алдарсан жйшээ байна. Илүүдэл жин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг халдварт бус өвчний шууд эх үүсвэр болдог учраас чихэрлэг ундааг нэн хортой хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад ДЭМБ оруулсан. Яагаад ийм шийдвэр гаргах болсныг Монголынхоо жишээн дээр бэлхнээ харж болно. Манай улсын хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж буй. Энэ үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Халдварт бус өвчлөл буюу урьдчилан сэргийлэх боломжтой зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин, бөөр, уушгины архаг бөглөрөлт өвчин, хоол боловсруулах замын өвчин, яс, булчин, үе мөчний өвчин, сэтгэцийн өвчин зэргийн анхдагч шалтгаан нь архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол зэргийг нэрлэдэг.
Зохисгүй хооллолтын хамгийн том жишээ нь сахар болон чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ юм. Чихрийн хэрэглээ хэт өндөр байгаагаас амны хөндийн өвчлөл, чихрийн шижин, таргалалт зэрэг эмгэг ч сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Ганц жишээ дурдахад хүүхэд багачуудын дунд хэт таргалалт 2010 оноос хойш 6-7 дахин нэмэгдсэн байна.
Түүнчлэн диабет буюу чихрийн шижин өвчин эрс залуужиж, сүулийн үед хүүхдүүд хүртэл энэ аюулт өвчнөөр өвчлөх болжээ. Энэ бүхнээс харахад чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ архи, тамхины адил аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчээ гэж хэлж болно.
Манай улс чихэрлэг ундаанд онцгой албан татвар ногдуулах тухай 2015 оноос ярьж эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас 2017 онд энэ талаар Сангийн яам руу 1а/1651 тоот албан бичиг хүргүүлж байжээ. Татварын ерөнхий газарт ч мөн уг албан бичгийн нэг хувийг хүргүүлсэн аж. Чихэрлэг ундааны борлуулалтаас 20 хувийн онцгой албан татвар авдаг болсноор улсын татварын орлого жилд 98.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой хэмээн судалгааны багийнхан тооцоолсон аж. Энэ мөнгө Монголын хамгийн эмзэг, тарчиг салбар гэгдэх Эрүүл мэндийн яамны жилийн нийт орлогыг 50.9 хувиар (2016 оны байдлаар 193.2 тэрбум төгрөг), Эрүүл мэндийг дэмжих сангийн орлогыг бүр 576 хувиар (2016 оны байдлаар 17 тэрбум) нэмэгдүүлэх тооцоо гарч байжээ. Энэ талаар хэвлэлүүд цөөнгүй бичсэн. Хэрвээ чихэрлэг ундаанд 20 хувийн онцгой албан татвар ногдуулах юм бол монголчуудын жилийн хэрэглээ 28 хувиар буурах боломжтойг АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судалгааны багийнхан тогтоосон юм байна. Тэр хэрээр чихрээс шалтгаалдаг олон өвчлөл тэр тусмаа хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчин багасах боломж бүрдэх юм билээ.
Алс хэтээ, хүүхэд, залуусаа бодвол ийм л шийдвэрийг төр засаг гаргаж, бизнес эрхлэгчид нь дан ганц ашиг орлогын төлөө бус нийгмийнхээ сайн сайхны төлөө зөв зүйл дээр “За” гэж хэлдэг байх ёстой. Энгийн логикоор бодоход л тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн худалдан борлуулж буй бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа л бол түүнийгээ ухамсарлан олсон ашгаасаа илүү татвар төлдөг, нийгмийн эрүүл мэндийн үйлсэд манлайлан оролцдог байх учиртай. Өндөр хөгжилтэй улс орнууд 100 мл тутамд чихэрлэг нь таван граммаас их агууламжтай ундаа болон чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэгдүүлж, энэ төрлийн хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзахыг иргэддээ уриалж, хэвшүүлж байна. Харин Монголд эсрэгээрээ.
Манайд худалдаалагдаж буй ихэнх ундааны 100 мл дэх сахарын агууламж найман грамм түүнээс ч өндөр байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн Хүн амын хоол тэжээлийн үндэсний 4 ба 5 дугаар судалгааны дүнгээс харахад хүн амын дунд чихэрлэг ундааны хэрэглээ өндөр, түүнээс шалтгаалсан өвчлөл их байгаа атлаа амин дэм, эрдсийн дутагдал буюу далд өлсгөлөн хүрээгээ тэлсэн нь тогтоогджээ.
Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эх орны хүнсний үйлдвэрүүд, малчид сүү, цагаан идээгээ аль болохоор сахаргүй үйлдвэрлэх, хэрэв сахар нэмэлтээр хийсэн бол 100 граммд агуулагдах сахарын хэмжээг бүтээгдэхүүнийхээ шошгон дээр заавал тавьж хэвших, эрүүл мэндийн, боловсролын, хүнсний асуудал хариуцсан байгууллагууд сахартай, сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд учруулах хор холбогдлын талаарх мэдээлэл, сурталчилгааг бүх түвшинд өргөн хүрээнд зохион байгуулах зөвлөмж гаргасан юм байна. Эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь иргэн хүний үүрэг. Гэхдээ төр засгийн зүгээс бодлогоор зохицуулалт хийхгүйгээр бүхнийг иргэдэд даатгаад орхих юм бол үр дүн гарахгүй. Тэр тусмаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хортой хүнсний жагсаалтад оруулсан чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулах нь зүй ёсны хэрэг билээ. Түүнчлэн чихрийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүн импортолдог, үйлдвэрлэдэг аж ахуйн нэг аргыг нь олдог гэдэг. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд “Чихэргүй Монгол” хөдөлгөөн өрнүүлцгээе.
Г.Хангарди
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (1)
Zochin (127.0.0.1)
Энэ бол маш сайн санаа байна УИХурал анхааралдаа авах хэрэгтэй хэрэгтэй, хэрэггүй хууль гаргаад байдаг харин үүнд л хууль гаргах хэрэгтэйг ард түмэн хүсэж байна