Олон улсад хүчний тэнцвэр алдагдаж байна

Монгол Улсын “Тэргүүн шадар” дипломатч Гуудайн Төмөрчулуун хэмээх эрхэмтэй ярилцлаа. Тэрбээр 1973 онд Өлгий хотын 10 жилийн хоёрдугаар сургууль, 1978 онд Куба улсын Гаванийн Их сургууль, 1983 онд Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийн дээд курс, 1990 онд ЗХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус дүүргэсэн манай улсын тэргүүний дипломатч, эрдэмтэн, судлаач  юм.

2020 он гарснаар олон улсын харилцаа хэрхэн өөрчлөгдөөд байна вэ?

-Он гарснаар коронавирус дэлхий даяар тархсанаас олон улсын харилцааг орвонгоор нь өөрчлөөд байна. Халдвар тархаагүй улс ч гэж алга. Энэ өвчин нь дэлхийн хүчирхэг, "№1" эдийн засагтай АНУ-ын сонгуульд хүртэл нөлөөлж эхэллээ. Вирус газар авахаас өмнө Д.Трампын нэр хүнд өндөр байлаа. Тэгэхээс ч аргагүй, АНУ-ын эдийн засаг маш үсрэнгүй хөгжиж, ажилгүйдэл хамгийн доод цэгтээ хүрч байсан. Гэтэл коронавирусээс болоод 100 гаруй мянган хүн нас барж, өдөр ирэх тусам өвчлөлийн тоо өсөн нэмэгдэж байна. Улс орондоо тулгараад байгаа энэхүү нөхцөл байдлыг арилгахад олигтой шийдвэртэй алхам хийж чадахгүй байгаа учир түүний нэр хүнд хурдан унаж байна. Дараа нь тус улсад гарсан арьс өнгөөр ялгаварлах үзэл. Жеорж Флойд гэгч Африк гаралтай Америкийн иргэнийг цагдаа нар хороосноос болоод “Black Lives Matter” гэх уриа лоозонтой хөдөлгөөн газар аваад сүүлдээ дан ганц Америкийн бус дэлхий нийтийн том асуудал болж хувираад одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Хар арьстнууд нь Испани гаралтай цагаачидтайгаа нийлээд Америкийн сонгогчдын ихэнх хувийг эзэлдэг чухал бүлэг болдог.

 

Нөгөөтэйгүүр “Make America Great Again”, “America First” зэрэг Д.Трампын уриа лоозон, үзлээс болж тус улс холбоотон орнуудаа гомдоож эхлээд байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисийн гэрээ, ЮНЕСКО, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр үйл ажиллагаа нь зохицуулагддаг маш чухал байгууллагуудаас АНУ гарлаа. Энэ мэт том гүрний гадаад бодлогын өөрчлөлтөөс болж дэлхий дахинд худалдааны дайн, улс хоорондын үл итгэлцэл, геополитикийн сөргөлдөөн гэх зэрэг олон хүчин зүйл урган гарч ирсээр байгааг бид бүхэн харж байна. 

 

Ялангуяа Америк Хятадын харилцаа сүүлийн үед муудаж байна. Энэ тухай та юу хэлэх вэ?

 

-Монголын хамгийн гол геополитикийн хүчин зүйл бол ОХУ, БНХАУ шүү дээ. Хоёр хөрш маань өдрөөс өдөрт улам хүчирхэгжиж байна. Үүнийг олон улсад "Rising new powers” гэж нэрлэн бичиж байна. Орос, Хятадын харилцаа улам гүнзгийрч, олон улсын харилцаанд хамтран “тоглож” Америкийн дарамт шахалтыг эсэргүүцэж байна. Хүчний тэнцвэр алдагдаж, дан ганц Америк бусад улсын хөгжлийг араасаа дагуулж, манлайлж явдаг байсан үе удахгүй ард хоцрох төлөвтэй байгааг дэлхийн бүх сонин, сэтгүүлээр бичиж байна. Хэрвээ тус улс тэргүүллээ алдвал дагаад ардчилал, либерал үзэл ч ноёрхлоо алдана. Өөрөөр хэлбэл энэ нь манай улсын либерализмд нөлөөлнө гэж ойлгоход болно. Фрэнсис Фукуяама хэмээх АНУ-ын эрдэмтэн 1991 онд “Түүх төгсчихлөө” гэдэг ном бичсэн. Тус номд “... Америк либерализмыг гаргасан эх орон нь юм”. “Либерализм дэлхий даяар тархлаа”. “Ардчилал дайсангүй боллоо” гэх зэргээр бичиж байлаа. Арга ч үгүй Хүйтэн дайн төгсөж, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ЗХУ бутран Америктай өрсөлдөх дайсан үгүй болсон тэр цаг үе. Ингээд либерал дэг журам дэлхий дахинд тогтлоо гэж тунхаглан бичиж байсан бол одоо 30 жилийн дараа энэ үзэл мухардалд орж эхэлжээ. Энэ бол миний хувьд, судлаач хүний хувьд гаргаж байгаа том дүгнэлтийн нэг юм шүү. 

 

Тэгэхээр “Rising new powers” гэдэг нь манай хоёр хөрш улсууд байх нь ээ. Тэгвэл энэ байдал манай улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

 

-Тэгэлгүй яах вэ, мөн Ази тивд Энэтхэг хэмээх маш том улс гол тоглогч болж гарч ирж байгааг бид харж байна. Италийн нэрт олон улс судлаач эрдэмтэн Антонио Грамшич “This is the time of monsters” буюу “Мангасуудын эрин цаг үе ирлээ” гэж бичиж байна. Манай хоёр хөршийн хувьд эдийн засаг болоод Батлан хамгаалах чадавхаа хурдацтай нэмэгдүүлж, бүс нутагтаа ч төдийгүй дэлхий дахинд өөрсдийн сүр хүчийг байнга харуулж байна. Хятадын хувьд Хонг Конг, Шинжаан Уйгур, Тайван арал руу чиглэсэн түрэмгий бодлого явуулж эхэллээ. Сүүлд гэхэд л Өвөр монголчуудыг монгол бичгээ хэрэглэж болохгүй гэсэн хатуу хууль, журам гаргасныг та, бид цахим орчноос уншсан. Оросын хувьд ч ялгаагүй. Өдрөөс өдөрт баруун хилд нь ойртож байгаа НАТО-ийн тэлэлтийн эсрэг олон мянган цэрэг, техник оролцсон том, том цэргийн сургуулиуд хийж сүр хүчээ байнга харуулж байна. Хоёр хөрш маань Батлан хамгаалах чадавхаа ингэж нэмэгдүүлж байгаа нь энгийн хүнд ч ойлгомжтой нэг зүйлийг бидэнд хэлээд байна. Энэ нь бүс нутагт аюулгүй байдлын асуудал хурцдаж, улам муудсаар байгаа гэж хамгийн энгийнээр ойлгоход болно. Цаашдаа бүс нутагт өрнөж буй эдгээр үйл явдал манай улсын тусгаар тогтнолд ч аюултай байж мэдэх юм. Өөрт ирж болох аюулыг байнга урьдчилан тооцоолж байх нь олон улсын харилцааны чухал урлаг байдаг. Геополитикийн тоглоом бол маш аюултай, бүхэл бүтэн улс, үндэстнийг бүхлээр нь үгүй хийх, эзлэн түрэмгийлэх аюултай бодлого юм.

 

Монгол Улсын гадаад бодлогод тусгаар тогтнол, эрх ашгаа улс төр- дипломатын замаар хангана гэсэн үзэл баримтлал байдаг. Энэ тухайд ...

 

 

-Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын гуравдугаар хэсэгт “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” гэж заасан байдаг. Энэ бол манай гадаад бодлогын гол үзэл л дээ. Үүний гол учир нь манай улс геополитик, хоёр том гүрний дунд байх газар нутгийн байршлаасаа хамаарч аюулгүй байдлаа нэн тэргүүнд цэргийн хүчээр хангах боломжгүй учир ингэж үзсэн хэрэг л дээ. Ингэж хэлэхээр Зэвсэгт хүчнээ мууллаа, цэрэг эрсдээ итгэсэнгүй гэж бодож магадгүй.

 

Гэхдээ олон улсын харилцаа гадарладаг хүн бол хэзээ ч ингэж бодохгүй. Та бод, хоёр гүрний зэвсэглэл, техникийн хөгжлийг харгалзахгүйгээр урд хөршид дөрвөн сая цэрэг, хойд хөршид хоёр сая цэрэг байна. Гэтэл гуравхан сая хүнтэй манай улсын хувьд тэдний хэд нь цэрэг, эсвэл буу барьж чаддаг хүн байх вэ гээд бодохоор маш бага тоо гарна. Тиймээс л гадаад бодлогын гол үзэлдээ ийм өгүүлбэр оруулж өгсөн юм. Өөрөөр хэлбэл яриа, хэлэлцээний замаар аюулгүй байдлаа хангана гэсэн үг. НҮБ болоод бусад олон улсын байгууллагаар дамжуулан санаа бодлоо дэлхийн сонорт хүргэнэ гэсэн үг. Мөн НҮБ-д олон улсын эрх зүйгээр хүлээсэн үүргийнхээ дагуу цэрэг хандивлаж, дэлхийн энх тайвны төлөөх оролцоогоо нэмэгдүүлж байгаа нь улс төр-дипломатын аргаар хангаж байгаагийн нэг хэлбэр юм.  

 

Таныг Монгол Улсын гадаад бодлогод чухал зүйл хийсний нэг нь манай улсыг олон улсын эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд оруулсан гэж сонссон ...

 

-Тийм ээ. Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн, Монгол Улсаас НҮБ-д байсан байнгын төлөөлөгч Л.Эрдэнэчулуун болон миний бие 1991 онд Гана улсын нийслэл Акра хотод Монгол Улсыг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд элсүүлсэн юм. Уг хөдөлгөөний гишүүн байхад гурван үндсэн шалгууртай. Нэгдүгээрт, “Эх орондоо гадаадын аль нэг улсын цэргийн баазыг байрлуулж болохгүй”. Хоёрдугаарт, “Ямар нэгэн цэргийн эвсэлд нэгдэж болохгүй”. Гуравдугаарт, “Гадаадын аль нэг улсын цэргийг нутгаараа дамжин өнгөрүүлж болохгүй” гэсэн гурван чухал нөхцөлтэй. Энэ гурван нөхцөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, гадаад бодлогод маш чухал үүрэгтэй юм. Саяхан Оросын цахим сайтуудаар тус улсын ОДКБ (Организация Договора о коллективной безопасности) буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад манай улсыг элсүүлж болох юм гэсэн утгатай нийтлэл гарсныг би уншлаа. Энэ гэрээнд ОХУ, Армени, Узбекистан, Казахстан, Киргиз, Тажикистан багтдаг бөгөөд нэг ёсондоо аюулгүй байдлын эвсэл юм. Тиймээс манай улс тус эвсэлд нэгдэж болохгүй. 

 

Монгол Улсын гадаад бодлого төвийг сахих боломжтой юу?

 

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 2010 онд шинэчлэгдэн батлагдсан бол 2011 онд Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсан.

 

Гэтэл 2015 онд НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Манай улсын гадаад бодлого нь төвийг сахих юм” гээд пал хийтэл хэлчихсэн. Нөгөө Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлал, хоёр хөрштэйгөө хийсэн гэрээ, хэлэлцээ нь хаачсан юм, бүү мэд. Ц.Элбэгдоржийн гаргасан уг үйлдлийг олон улсад волунтаризм (voluntarism) буюу дур зоргоороо аашлах гэж нэрлэдэг.

 

Тэгэхээр манай улс төвийг сахих ямар ч боломжгүй гэсэн үг үү?

 

-Тийм, ямар ч боломжгүй. Зарим нь бүр Швейцар лугаа төвийг сахих боломжтой гэж ирээд л мэдэмхийрч ярина. Тус улс хүчирхэг эдийн засагтай, газар зүйн байрлал, топографигаараа өндөр мөнх цаст уулсаар хүрээлүүлсэн зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж төвийг сахиж болж байгаа юм. Ерөөс төвийг сахихын тулд эхлээд хүчирхэг эдийн засаг, хүчирхэг Зэвсэгт хүчинтэй байх ёстой. Гэтэл манай улс юу билээ. Ийм улсад төвийг сахих ямар ч боломжгүй. Тийм нөхцөл байдал ч манай улсад бий болоход тун хэцүү. 

 

 

Таныг Куба улсад дипломат алба хашиж байсныг мэдэх юм. Тухайн үед Монгол, Кубын дипломат харилцаа хэрхэн хөгжиж байсан бэ?

 

-Би 1981-1984 онд 23-хан настайдаа Куба улсад Элчин сайдын яаманд атташегаар томилогдож байлаа. Дараа нь 2001-2004 онд Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон. Атташегаар томилогдохдоо би залуу байсныг ч хэлэх үү олон ажлыг зэрэг амжуулдаг байв. Тухайлбал, ёслолын албыг хариуцна, үүнд Элчин сайдын зоог, хүлээн авалт, уулзалт, яриа хэлэлцээ, угтах, үдэх гээд л явж өгнө. Дараа нь хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Сэтгүүлчидтэй ярилцана, мэдээлэл бэлтгэнэ. Мөн монгол оюутнуудаа хариуцна. Намайг байхад шүдний эмчээр суралцдаг 10 гаруй оюутан сурч байсан. Тэднийгээ хариуцна, асуудлуудыг нь шийдвэрлэнэ гээд их ажилтай. Мөн нууц шифр хариуцан тайлж уншина, явуулна. Дээрээс нь намын үүрийн дарга хийнэ. Мөн л амаргүй ажил байсан. Сар бүр хурал хийнэ, протокол хөтөлнө гээд л ... Ер нь олон ажил хийж үзэх тусмаа залуу хүн юм сурдаг. 

 

Мөн таныг нэрт орчуулагч гэж дуулсан юм байна ...

 

-Нэрт орчуулагч нь ч хаашаа юм. Яах вэ, 2004 онд Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа “Монголын нууц товчоо”-г хамгийн анх харь хэлнээ буюу испани хэлнээ хөрвүүлж, Куба Улсад 10 мянга гаруйг хэвлүүлж байлаа. Мөн Бельги улсад дипломат алба хашиж байхдаа “Гэсэр”, Монгол Улсдаа ирээд “Жангар” туужийг тус тус испани хэлнээ хөрвүүлж байсан. Харь хэлнээс эх хэл рүүгээ орчуулах нэг хэрэг. Харин эх хэлээсээ бусад улсын бичгийн хэл рүү хөрвүүлэх нь тун адармаатай, хэцүү байдаг. Миний хувьд хоёр дахь төрлийн орчуулагч нь. Ерөөсөө өөрийн орны соёл, зан заншлыг сурталчилна гэдэг чинь дипломат хүний гол үүрэг байдаг юм. Үүнийг монгол хүн бүр хилийн чанадад явж байхдаа ухаарч байх ёстой юм шүү.

 

Ярилцлагын төгсгөлийг танд үлдээе ...

 

-Технологийн хөгжил, улс, гүрнүүдийн геополитик өөрчлөлт, дэлхийг хамарсан тахал, өвчин, худалдааны дайн гээд 2020 онд олон зүйлтэй бид нүүр тулж байна. Дараа жил ч энэ байдал үргэлжлэх магадлалтай байна. Тиймээс цэргийн алба хаагчид дэлхий дахинд өрнөж байгаа эдгээр аюулгүй байдалтай холбоотой үйл явдлуудыг байнга ажиглаж байх хэрэгтэй гэж зөвлөе. 

 

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгаа, эрдмийн ажилд амжилт хүсье.

 

Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (127.0.0.1)

    2020-08-07

    Уншлаа. Тун зөв талаас нотолгоотой дурдаж бичжээ. Баярлалаа. Волентарист Элбэгдорж их мэдэмхийрнэ, ер улсаа унагасан үнэхээр мэдлэг тааруу, дураараа дургигч, улсынхаа хөрөнгийг завшигч даа.