Европын холбооны эв нэгдэл ба сорилт

Унгар-Европын Холбооны хоорондын харилцаа, 2015, 2019 оны Польшийн сонгууль, 2015-2016 оны дүрвэгсэдийн хямралаас шалтгаалан баруун, зүүн /шинэ, хуучин/ европын хооронд үүссэн таагүй нөхцөл байдал Европын Холбооны эв нэгдэлд сорилт болж байна. Энэхүү сорилтыг Европын Холбоо амжилттай даван туулж, нэгдмэл хэвээр үлдэж, улам хүчирхэг болох уу эсвэл Брекситээр эмтэрсэн шиг дахин хэлтэрч жижигсэх үү үгүй бол зүгээр л Европ дахинд хүчний шилжилт явагдах болов уу гэдэг асуулт сонирхолтой юм.

Унгар-Европын харилцаа

Өнгөрсөн арваад жилийн турш Европын Холбоотой зөрчилдсөөр ирсэн Унгар улсын ковид-19 цар тахлын үед баримтлаж байгаа байр суурь мөн л Европын Холбооны бухимдлыг төрүүллээ.
4 дүгээр сарын эхээр Унгарын парламентаас цар тахлын үед баримтлах 80 гаруй тогтоол, шийдвэр гаргасны дотор Европын Холбооны өгөгдөл хамгаалах журмыг түдгэлзүүлсэн тогтоол, бүх эмнэлэгүүд, 150 гаруй хувийн болон улсын компани цэргийн хүчний хяналт дор үйл ажиллагаагаа явуулж, аливаа бизнесийн шийдвэрүүдээ тэдний зөвшөөрлөөр гаргаж байхаар болсон ба эдгээр тогтоол шийдвэрүүдийн дуусах хугацааг заагаагүй нь Европ дахины эрх чөлөө, ардчилал болон хууль дээдлэх үнэт зүйлстэй зөрчилдсөн хэрэг боллоо гэж нилээд шуугиан тарьсан юм. Харин эдгээр тогтоолуудыг 6 дугаар сарын 16-нд хүчингүй болгосон боловч цар тахалтай тэмцэхэд онц байдал тогтоох нэмэлт эрх мэдлийг засгийн газарт хэвээр үлдээсэнд Европ дахь хүний эрхийн байгууллагууд улс орноо авторитар дэглэм рүү хөтөлж байна хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Европын Холбооны гишүүн орнууд энэ мэт Европ дахины үнэт зүйлстэй зөрчилдсөн үйлдэл гаргахад гишүүнээс хөөх эрхгүй ба Лиссабоны гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу тухайн улсын тодорхой эрхийг түдгэлзүүлж болох юм. Гэхдээ Европын Холбооны бүх гишүүн орон зөвшөөрсөн тохиолдолд энэ нь хүчинтэй бөгөөд Унгар, Польш улсууд харилцан бие биенээ дэмждэг учраас нэгнийхээ эсрэг санал өгөхгүй тохиолдолд Унгарт ямар ч айх зүйл үгүй юм.

Польш-Европын харилцаа

2015 онд Польш улсын парламентийн сонгуульд Европын Холбооны эсрэг байр суурь баримтладаг Хууль-Шудрага ёс нам анх удаа олонхийн санал авч дангаар эрх барих болсон ба 2019 оны сонгуульд мөн тус нам парламентын доод танхимын олонхийн суудлыг авч үйл ажиллагаагаа дахин 4 жил үргэлжлүүлэх болсон нь энэ улсад Европын Холбооны нэр хүнд ямар байгааг харуулсан явдал болсон. Сонгуулийн үр дүнг ажигласан ажиглагчид Европын Холбоо болон Польш улсын хоорондох зөрчил улам даамжрах вий гэсэн болгоомжлолтой байлаа. Гэхдээ тус нам Сенатын танхимд олонхийн суудал авч чадаагүй нь дээрх болгоомжлолыг сарниулсан ч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшигч, өмнөх ерөнхийлөгч, консерватив үзэл баримтлагч Анджей Дуда дахин сонгогдсон нь Европын Холбооны зүгээс шүүхийн хараат бус байдлыг алдагдуулж байна хэмээн үзэж санал өгөх эрхийг нь түдгэлзүүлэх хүртэл талаар яригдаж байсан шүүхийн шинэчлэл тус улсад үргэлжилнэ гэсэн үг юм. Сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө А.Дуда Вашингтонд айлчилж Д.Трампаас хоёр талын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг авахаар болсон билээ. Харин 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байден ялвал яах бол гэсэн асуулт нээлттэй хэвээр үлдэж байна. Түүнчлэн Д.Трамп Герман улсаас гаргахаар болсон цэргийн хүчнийхээ тодорхой хэсгийг Польш улсад байрлуулах талаар ярьсан нь хэдийгээр АНУ Европын Холбооны холбоотон ч түүний дотоод эв нэгдэлд эрсдэл учруулж болзошгүй юм.

Дүрвэгсэд, цагаачдын асуудал

2015-2016 онуудад Төв болон Зүүн Европын орнуудад Ойрх Дорнод болон Хойд Африкийн улсуудаас их хэмжээний дүрвэгсэд ирсэн бөгөөд дүрвэгсэд эдгээр орнуудаар дамжин Баруун Европыг чиглэх зорилготой байлаа.
Маргаан үүссэн гол шалтгаан нь Европын Холбооны улсууд дүрвэгсэдийн талаар нэгдсэн бодлогогүй ба дүрвэгсэдийн хөлд ихээр нэрвэгдсэн Зүүн Европын орнууд тэгш бус хуваарилалтын талаар шүүмжилж бусад гишүүн улсууд адил ачаа үүрэлцэх ёстой хэмээн маргаан дэгдээсэн юм. Дублины гэрээ ёсоор бол дүрвэгсэдийг анх хүлээн авсан Европын Холбооны гишүүн орон тэднийг хариуцах үүрэгтэй ба дүрвэгсэд ихэвчлэн Өмнөд болон Зүүн Европын орнуудаар орж ирдэг юм. Ийм дүрвэгсэдийн хямрал одоо дахин үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа ба энэ асуудлаар Европын Холбоо-Туркийн хооронд асуудал үүсэх магадлалтай байна.
Мөн түүнчлэн хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн зөрүү буюу Зүүн Европт ажилчдын цалин хөлс Баруун Европын цалин хөлсний 1/3-тэй тэнцэх хэмжээний байдаг нь ажилчдын шилжилт хөдөлгөөнийг ихэсгэх шалтгаан болдог. Хоёр Европын хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийн зөрүүнээс үүдэн Зүүн Европын орнуудын хөдөлмөрийн насны ажиллах хүч болох залуус их хэмжээгээр Баруун Европ руу шилжин ажиллаж байгаа нь богино хугацаандаа өөрийн эх оронд орох валютын урсгалыг нэмэгдүүлснээрээ ДНБ-ий хэмжээг өсгөж байгаа сайн талтай ч урт хугацаандаа эх орныхоо хүн амын бүтэц, нийгмийн хамгааллын системд аюул учруулдаг.
Мөн өөрийн эх орондоо боловсрол эзэмшсэн залуус гадаад улс оронд очин ажиллах нь хэдийгээр тэд туршлага судлан, шинэ технологи эзэмшин эргэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах сайн талтай ч их хэмжээгээр гарч, тэндээ суурьшин үлдэж амьдрах нь тухайн улс хүн баялагаа гадагш алдаж байгаа хэрэг бөгөөд цаашлаад эдийн засагт нь хохиролтой үйлдэл юм.
Дүрвэгсэд, цагаачдын асуудал Баруун, Зүүн Европын хувьд улс төрийн хуваагдлын хамгийн том шалтгааны нэг хэдий ч Польш, Унгарын ардчилалын хямрал болон ер нь Зүүн Европын орнуудын хууль дээдлэх байдал сул, хөдөө аж ахуйн болон бусад сангийн санхүүжилт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, байгаль орчны стандарт, хүнсний чанар зэрэг асуудлаар зөрүүтэй байр суурьтай байдаг.

Бусад сорилт

Европын Холбоонд сүүлд элссэн Зүүн Европын орнууд Европ хоорондын интеграцчилал амжилттай явагдахгүй байгаа гэж үздэг ба өөрсдийгөө ялгаварлан гадуурхалтын золиос болж барууныхан тэднийг дуугүй аялдан дагалдагч болгох гэж байна гэж гомдоллодог.
Мөн эдийн засгийн чадамж сул улс орнууд байгаль орчны стандартыг дагаж мөрдөх нь хүндрэлтэй ба жишээ нь Польш улс нүүрсний олборлолтоо хамгаалахыг хичээдэг бол Унгар, Словак улсууд авто машины үйлдвэрлэлээ чухалчилдаг. Ингэснээрээ европ даяар мөрдөх нэг стандартыг хангахгүй болж зөрчилддөг.
Түүхийн туршид олон улс гүрэнд хуваагдаж ирсэн европынхоны хувьд одоо нэгдсэн хууль дүрэмд захирагдаж амьдрах нь бас нэг сорилт юм. Үүн дээр Дэлхийн II дайны дараа социалист системын нөлөөнд байсан Зүүн Европын орнуудын хандлага нэрмээс болдог нь Унгарын ерөнхийлөгч Виктор Орбан “1990-д онд Европ бидний ирээдүй байсан бол одоо бид Европын ирээдүй” гэж хэлснээс харагдах мэт. Тэдэнд шүүх засаглалаа сайжруулах, авилгыг бууруулах чиглэлд ихээхэн хэмжээний хандив тусламжийг Баруун Европын орнуудын зүгээс үзүүлдэг ч зарим улс орны хувьд нөхцөл байдал санаснаар сайжрахгүй байна.
Европын Холбооны зүгээс Унгар, Польш, Румын зэрэг улсын эрх баригч намыг шүүхийн хараат бус байдалд халдаж, хараат бус хэвлэл мэдээллийн орон зайг хумих замаар засаглалаа хэрэгжүүлж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг.
Харин Европын Холбоонд элссэнээс хойш хэдийнэ 16 жил өнгөрсөн ч Баруун Европтой харилцаа тэгтлээ сайжраагүй, улс орнуудын нөхцөл байдалд дорвитой өөрчлөлт гараагүй, барууныхан өөрсдийн шоугаа хийсээр, давуу талаа хадгалсаар байна гэж Зүүн Европынхон үздэг.
2017 оны 6 дугаар сард болсон Версалын дээд хэмжээний уулзалтаар Европын хөгжлийн 2 өөр хурдыг хүлээн зөвшөөрч дэмжсэн мөн Брекситийн дараа Лондонд төвтэй зарим агентлагуудыг байрлуулахаар Төв болон Зүүн Европын хэд хэдэн хотыг нэр дэвшүүлсэн ч Баруун Европын чинээлэг хотууд болох Парис, Амстердам руу нүүлгэх шийдвэр гарсан нь Зүүн Европынхныг ундууцуулсан юм.
Хүйтэн дайн дуусч, ЗХУ задарсанаас хойш Европын Холбоонд нэгдсэн Балканы хойгийн болон Зүүн Европын улсууд ба Баруун Европын улсууд хоорондын нэг чухал ялгаа нь эдийн засгийн чадамж, түүнээс үүдсэн цагаач ажилчдын урсгал, нийгмийн хамгааллын тогтолцоо юм. Энэ нь Европын Холбооны шийдвэрлэх гол асуудлын нэг болж байна.
Европын Холбооны зүгээс зарим Зүүн Европын орнуудын удирдлагын тогтолцоог авилгад өртөмхий, олигархижсан, автократ хэмээн шүүмжлэлтэй ханддаг.

Гэхдээ аажмаар Зүүн Европын эдийн засаг, нийгмийн байдал сайжирч Европын төв хөгшин баруунаас хөгжсөн зүүн тийш шилжих боломжтой юу?

Гомдоллоод, тунирхаад суух уу, тоглоомонд ухаалгаар оролцож байр сууриа дээшлүүлэх үү гэдэг нь өөрсдөөс нь хамаарна. Зүүн Европын улсууд эдийн засгаа сэргээх, хамгаалах хэрэгцээнээс үүдэн худалдааны протекционист бодлого явуулах магадлалтай.
Европын Холбооны бодлогын хувьд мэдээж хагалан хуваах бодлого байхгүйгээр барахгүй ялангуяа Брекситын дараа илүү нэгдмэл бодлого баримтлаж, үйл ажиллагаагаа явуулах нь ойлгомжтой ба хуваагдлын талаар улс төрийн ажиглагчид болон тинк-танкуудын өгүүллийн хэмжээнд л яригдаж байгаа хэдий ч энэ нь тэдний хоорондын харилцаа, бодлогын шийдвэрт нөлөөлж болзошгүй юм.
Ажиглахад Европын Холбоо болон Зүүн Европын орнуудын аль алинд нь Европын Холбоог хуваах, түүнээс гарах бодол байхгүй ба харин ч Зүүн Европын орнууд Европын Холбооны зүгээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, тусламж дэмжлэгийг авдаг, Европын Холбоо ч зарим гишүүн орнуудын шүүмжлэлийг үл харгалзан тэдгээр орнуудад тусалсаар байдаг.
Европын Холбоог илүү амжилттай, АНУ, Хятадтай өрсөлдөхүйц хүчирхэг, дэлхийн хүчний нэг тулгуур байлгаж чадах эсэх нь хоёр Европ хүсэл зорилгоо нэгтгэж хамтран ажиллаж чадах эсэхээс ихээхэн хамаарах нь ойлгомжтой юм. Үүнийг өнгөрсөн сард болж өнгөрсөн ковид-19 цар тахлын дараах нөхөн сэргээх сангийн талаарх Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт тодорхой харууллаа. Эргэн сануулхад энэ уулзалт сүүлийн 20 жилийн Европын Холбооны удирдагчдын хамгийн удаан, маш хүнд уулзалт болж өнгөрсөн ч үр дүн нь тун сайн байлаа гэж Европын зөвлөлийн ерөнхийлөгч үнэлсэн юм.

Ашигласан эх сурвалж:

https://www.dw.com/en/hungary-is-no-longer-a-democracy-says-hungarian-legal-scholar/a-53442394

https://www.euronews.com/2020/06/16/hungary-debates-end-to-emergency-powers-but-new-law-opens-up-potential-to-re-apply-them

https://www.theatlantic.com/international/archive/2020/04/europe-hungary-viktor-orban-coronavirus-covid19-democracy/609313/

https://www.euronews.com/2020/07/13/what-does-duda-s-victory-mean-for-eu-poland-relations

https://www.ecfr.eu/article/commentary_poland_under_duda_a_divided_country_dividing_europe

https://www.intereconomics.eu/contents/year/2019/number/1/article/fifteen-years-of-convergence-east-west-imbalance-and-what-the-eu-should-do-about-it.htmlhttps://carnegieeurope.eu/2019/04/11/europe-s-east-west-divide-myth-or-reality-pub-78847

ЭХ СУРВАЛЖ:  Аюулгүй байдал судлалын хүрээлэн     

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)