Хотын туурийг хамгаалалтад авч, судалгаа, малтлагын ажлыг төрөөс дэмжих шаардлагатай
- 2020-08-11
- Орон нутаг
- 0
Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас олдоод буй Хүннү гүрний нийслэл Луут (Лунчен)-ын туурь байж болох хотын малтлага судалгааны ажилтай Улсын Их Хурал, Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөөлөл болон эрдэмтэн, судлаачид танилцаад ирлээ.
Улаанбаатарын их сургуулийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайн удирдсан экспедиц урт хугацаанд уйгагүй судалж, сорилын малтлага хийсний дүнд урьд өмнө хаанаас ч олдож байгаагүй археологийн чухал олдворуудыг илрүүлсэн байна. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг дээврийн нүүр вааран дээрээс олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных юм. Энэ нь Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь болохыг батлах хөдлөшгүй баримт хэмээн судлаачид үзэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм томоохон хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор үндэсний экспедиц гаргаж, Монголын археологичдын судалгааны нэгдсэн арга зүй, хүний нөөцийг дайчилж хийх шаардлагатай. Энэхүү малтлагын ажлыг Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс анхааралдаа авч, хөрөнгө зардлыг нь шийдвэрлэх явдал чухал. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад авах ажлыг яаралтай хийхээр боллоо” гэв.
БШУЯ
Сэтгэгдэл (0)