Эртний Монголчууд шар будааг түлхүү хэрэглэдэг байжээ
- 2020-08-12
- Үнэн
- 0
Монголын нутагт оршин тогтнож асан хаант улсууд бидний төсөөлснөөс хөгжингүй, хоолны боловсронгуй соёлтой байсныг “Космос" эрдэм шинжилгээний тайлан сэтгүүлд онцолсон байна. Өмнөд Австралийн их сургуулийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Натали Парлетта эртний монголчуудын хоол хүнсэнд шар будаа махнаас дутахгүй чухал үүрэг гүйцэтгэж байсныг дурджээ. Тэрбээр Германы Макс Планкийн хүрээлэнгийн судлаач Шеван Вилкиний судалгааны ажлыг эш татсан байна.
Вилкин “Үнэндээ эртний монголчууд мах зулгааж, морь унаж давхилдсан зэрлэг бүдүүлгүүд байсангүй. Тэдний хоол унд их соргог байсны нэг нотолгоо нь шар будаа, үр тариа түлхүү хэрэглэдэг байсан явдал. Өөрөөр хэлбэл, нүүдлийн мал аж ахуйгаас гадна газар тариалан онцгой хөгжсөн байжээ.
Харамсалтай нь, тэдний эдийн засгийн талаар мэдээлэл ховор бөгөөд Монголын археологийн дурсгалт газрууд хүний үйл ажиллагаанаас болж устсанаас батлах олдвор ховор үлдсэн. Хүрэл зэвсгийн дараах үеэс эзэнт гүрний үе хүртэл монгол нутагт амьдарч байсан 137 хүний хавирга болон шүдний хэлтэрхийнүүдэд изотопын шинжилгээ хийж, яс хооллолттой хэрхэн холбоотойг судалжээ. Хүрэл зэвсгийн үед хүмүүс зэрлэг болон гэршүүлсэн амьтдын мах, сүүг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг байв. Харин төрт улсууд байгуулагдсанаар хүнсний хэрэглээнд өмнө нь байгаагүй өөрчлөли гарчээ. Хүний хэрэглээ төрөлжиж үр тариа тэр дундаа шар будааг хэрэглэх болсбн. Эртний тариалангийн багаж хэрэгсэл болон үр тарианы ботаникийн олдворуудаас үзэхэд нүүдэлчид ч газар тариалан эрхэлдэг байжээ. Уг нотлох баримт нь газар тариаланд болон үр нөөцлөлтөд ач холбогдол өгдөггүй цөөн хүн амтай онцгой улс төрийн системийн төлөөлөл бол Монгол гэсэн онолыг үгүйсгэж байгаа юм. Бусад эзэнт гүрнүүдээс ялгаатай нь газар нутгаа тэлэх, болон хүн амаа өсгөх зэрэг эдийн засгийн стратегийг хэрэгжүүлэхэд тариалан чухал нөлөө үзүүлсэн. Энэ утгаараа бидний судалгааны ажил дэлхийн хүн төрөлхтөн хэрхэн соёлын өөрчлөлтөд орсоор ирснийг ойлгоход нэг алхам ойртуулсан” гэжээ. Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай.
Монголчуудын бүр Хүннү улсын үеэс, магадгүй түүнээс ч өмнөөс тариалж ирсэн амуу будаа нь буудай, арвай, бог, хошуу, гурвалжин будаа гэсэн таван зүйл болох бөгөөд эдгээрээс бог будааг анх Ази тивд, тэр тусмаа Монгол нутагт тариалж байжээ гэсэн таамаглалыг эрдэмтэн судлаачид дэвшүүлдэг бөгөөд арвайг тарималжуулсан хоёр дахь эх орон бол Монгол гэж үздэг байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)