Н.Түвшинбаяр олимпын аварга болсон өдрөөрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох уу?
- 2020-08-14
- Үнэн
- 0
Монголын үндэсний олимпын хорооны гишүүд өнөөдөр хуралдаж, Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонгоно. Үүнээс өмнө энэ сарын 12-нд тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал болж, ээлжит бус хурлаараа хэлэлцэх асуудлыг баталгаажуулсан юм.
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэрээ дэвшүүлээд байгаа билээ. Хэрвээ тэр өнөөдөр болох хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч болбол түүний хувьд давхар тэмдэглэлт өдөр тохионо. Тэрбээр 12 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улсад олимпын анхны алтан медалийг авчирсан гавьяатай эрхэм юм.
Цар тахлын улмаас зуны олимпын наадмыг хойшлуулсан ч хэдхэн сарын дараа болох хуваарьтай байна. Тиймээс тус хорооны шинэ ерөнхийлөгч ажлаа түргэвчилж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй байгаа юм. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш тус байгууллагын ерөнхийлөгчийн албыг тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг түр хариуцан ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд дээрх хурлыг зохион байгуулахаар хэд хэдэн удаа товлосон ч цар тахлын улмаас хойшлуулаад байв. Ээлжит бус хурлаар тус хорооны ерөнхийлөгчөөс гадна дэд ерөнхийлөгчийг гишүүдийн саналаар тодруулна. Дэд ерөнхийлөгчид Ж.Отгонцагаан, Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшээд байна. МҮОХ-ны энэ удаагийн хурлаар ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад томилгоо, сонгуульт албан тушаалын талаар хэлэлцэхгүй. Өдгөө тус хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар “Бээжин-2008” олимпын аварга Э.Бадар-Ууган ажиллаж байна.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)