М.Мягмарсайхан: Олсон дээр алхаж буй минь Монголоо дэлхийд таниулж, жуулчдыг татах зорилготой

Өндрөөс хэдий сүрддэг ч, олсон дээр гарахаараа газар дээр байгаа мэт тайвширдаг сонин содон зочныг энэ удаа онцолж байна. Тэрбээр “Олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог. Тийм болохоор чанга утасны үзүүлбэр (циркийн урлагт олсны олон төрлийн үзүүлбэр бий)-т хайртай байх” гэсэн юм. Соёлын тэргүүний ажилтан, циркийн жүжигчин, экстрем артист М.Мягмарсайхан энэ жил Чулуутын хавцал дээгүүр олсон дээр алхсаных нь дараа уулзаж хөөрөлдсөн юм. Тэрбээр олсон дээр алхдаг төрлөөр 18 дахь жилдээ, циркийн жүжигчнээр 29 дэх жилдээ, ажиллаж буй юм.


-өнгөрсөн жил орхоны хүрхрээн дээгүүр алхсан. энэ жил чулуутын хавцал дээгүүр алхлаа. Ер нь яагаад өндөр утасны үзүүлбэр хийдэг юм бэ?

-Хүмүүс хэнд ч хэрэггүй эрсдэлтэй зүйл хийгээд байна гэж шүүмжилдэг л дээ. Хэрэв би буруу алхам хийвэл олсноосоо унана. Яг түүнтэй адил хүн амьдралдаа тэнцвэрээ хэзээ ч алдаж болохгүй. Тийм ч болохоор би амьдрал бол тэнцвэр гэдэг уриатай. Ер нь хүмүүс надаас илүү амь насандаа эрсдэлтэй зүйл хийдэг.Зам тээврийн ослоор маш олон хүн амь насаа алдаж байна. Үнэндээ тэд эрсдэлгүй гэж бодоод л гэрээсээ гарсан байж таараа.Өнөөдөр намайг өндөр дээр алхаж байхад "энэ тэнэг" гэж бодож байгаа боловч тэд машин унахдаа надаас илүү тэнэг үйлдэл хийдэг. Орон нутгийн замд яаж машин гүйцэж түрүүлдэг билээ, ямар аюултай алхмуудыг хийдэг билээ. Тэдгээрийн хажууд миний хийж байгаа алхам бол тэнцвэрээ олсон зөв алхам гэж боддог.

-Дараа жил Хоргын тогоон дээгүүр алхана гэж сонссон?

-Хоргын тогоо, Уран тогооны аль нэг дээгүүр алхах бодолтой судалж байгаа. Гэхдээ тухайн байршлын онцлогоос их зүйл шалтгаална. Илүү урт зам туулах учраас тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Мэдээж төсөл томрохын хэрээр санхүүжилт ч давхар яригдана. Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үүсгэхийн зэрэгцээ, эх орныхоо үзэсгэлэнт байгалийг “тэнгэрийн алхалт”-тайгаа хослуулан гадаад, дотоодын аялагчдад сурталчлах давхар зорилго надад бий. Болдог бол эх орныхоо дээвэр болсон Алтай Таван богддоо ч гэсэн алхмаар байна. Жил бүр өөр байдлаар, өмнөх амжилтаа шинэчлэхийг зорьдог.

-Цаашид ямар газарт “тэнгэрийн алхалт” хийх хүсэлтэй байгаа вэ?

-Хэрмэн цав, Цагаан суваргаас эхлээд Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар энэ үзүүлбэрээ хийхсэн.Бас Улаанбаатар хотынхоо өндөр барилгууд болон цэнгэлдэх хүрээлэн дээгүүр алхах бодол бий. Цаашдаа өөрийнхөө энэ ажлыг таслахгүй үргэлжлүүлээд явна.

-Арын албанд нь олон хүн ажилладаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сая Чулуутын хавцал дээр утас байршуулахад хорь гаруй мэргэжлийн хүн ажилласан. Мөн арын албанд бусад багийнхнаа нэгтгэвэл 50 гаруй хүн байлаа. Өнгөрсөн жил Улаанцутгалан, энэ жил Чулуутын хавцал дээр алхахад манай найз нөхөд, багш, хамтран зүтгэгчид минь бүх сэтгэлээрээ тусалсан. Энэ дашрамд Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооныхондоо маш их баярласнаа илэрхийлье. Нэг ч төгрөгийн цалин авахгүйгээр, зөвхөн уран бүтээлийн төлөө шунан дурлаж, тусалсан тэдэндээ талархаад баршгүй.

Хүн хүчнээс гадна энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй зардал гардаг. Зөвхөн алхах 150 метр троссоо авахад л нэг сая төгрөг зарцуулах жишээтэй. Татлага, чангалагч, хамгаалалтын олс гээд шаардлагатай тоног төхөөрөмж их л дээ. Цаашид илүү урт зам туулна гэвэл тэр хэрээр л тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэнэ. Хоргын тогооны амсар 300 метр, Уран тогооных 500 метр диаметртэй.

Үүнийг гар аргаар татах боломжгүй учраас тусгай мотороор татах хэрэг гарна.Моторыг нь тэнд аваачиж байрлуулж суурилуулна гээд асар их ажиллагаа болох байх. Хэрвээ надтай хамтарч ажиллах газар байвал цаашдаа илүү том газруудыг зорино доо.

-Байгалийн үзэсгэлэнт газруудад өндөр олсон дээр алхаж байсан циркчин танаас өөр бий юү?

-Гурав, дөрвөн метрийн өндөртэй утсан дээр циркийн үзүүлбэр хийдэг хүн бол Монголд байсан. Түүнээс илүү өндөр дээр хамгаалалтгүй явсан хүн байхгүй.Би өөрийнхөө хүсэл мөрөөдлөө дагаад л явж байна. Энэ үзүүлбэртээ дуртай.Бүр хайртай.Хүмүүст үнэ цэнийг нь ойлгуулж, хөгжүүлэхийг л зорьдог.

Мэдээж дэлхийн хэмжээнд бол skywalk-ыг хүмүүс мэднэ. “The Walk” кинонд Филипп Петигийн тухай гардаг шүү дээ.

-Таны үзүүлбэрийн дээд амжилтыг сонирхох хүн олон байгаа болов уу, цухас дурдвал...

-Хамгийн өндөрт алхсан нь 50 метр. Чулуутын хавцал яг ийм өндөртэй байлаа. Тэгэхээр амжилтаа баталсан гэсэн үг. Хамгийн урт зам туулсан нь 2009 онд болсон “Hangang highwire champion­ship” уралдаанд оролцохдоо Хан мөрөн дээгүүр татсан 1000 метр буюу нэг км олсон дээгүүр 12 минут 55 секундэд гүйж, дөрөвдүгээр байрт орж байлаа.

2005 онд Швейцарь улсад 30 метрийн өндөрт татсан, 120 метр урт утсан дээгүүр, шөнө нуруундаа салют бэхлэн алхсан. Мөн Германд циркийн барилга болон томоохон байгууламжийн хооронд татсан 15-30 метр өндөр, 40 метр урт, өгсүүр, чанга утсан дээгүүр гүйж байлаа. 2008 онд Швейцарийн Үйркхайм тосгонд 30 метр өндөр дээгүүр, 80 метр урт утсан дээр явж байлаа.

-Чулуутын хавцал дээгүүр алхахад ямар мэдрэмж төрөв. Урьд нь алхаж байснаас нэлээн өндөр учраас шинэ содон мэдрэмж авсан байх?

-Өмнөх алхалтууд дээр шууд хэрэгслээ тавиад бүх юм жин тан боллоо гээд явчихдаг байсан. Харин хавцал дээгүүр алхах их аюултай юм билээ. Доороос гэнэт хүчтэй салхилдаг учраас хамгаалалтын бүс хийж байгаад хоёр удаа явж туршсан. Ерөнхийдөө яаж явах ёстойгоо ойлгосон.Аюулгүй ажиллагааны багийнхан маань “Хамгаалалтгүй явж болохгүй, аюултай заавал хамгаалалтын бүс зүү” гэсэн шаардлага тавьсан л даа. Гэхдээ би өөртөө бүрэн итгэлтэй байгаагаа нөхдөдөө ойлгуулж, хамгаалалтын бүсгүй алхсан. Хэрэв хамгаалалтын бүстэй алхсан бол миний үзүүлбэр утга учиргүй болчихно шүү дээ. Нөгөө талаараа бид Монголынхоо байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд таниулах зорилготой. Аялал жуулчлалаа дэмжинэ ээ гэсэн үг шүү дээ. Жуулчид зөвхөн тэр хавцлыг ирээд үздэг бус хажуугаар нь сонирхолтой экстрем үзүүлбэр үздэг байвал илүү гоё. Тухайн өдөр миний үзүүлбэрийг хүлээж Чулуутын хавцалд тав хоносон гэсэн эгчтэй таарсан. Тэр эмэгтэй аяллын явцад ийм сонирхолтой үзүүлбэр олон байвал бүр л сайхан байна гэж онцолж байсан шүү.

-Таны хамтрагч Фредди Нок Гиннесийн 25 удаагийн амжилтын эзэн гэсэн. Та ч бас түүнтэй хамтран шинэ амжилт тогтоох уу?

-Өмнө нь бид хамтдаа Герман, Швейцарь, Итали зэрэг оронд цэнгэлдэх хүрээлэн, байшин барилга, уул хооронд олон удаа алхсан. Хамтдаа хийсэн Гиннесийн дээд амжилт ч бий. Бидний хамтран ажиллах гэрээ 2010 онд дуусгавар болсон ч түүнээс хойш хуурай, ах дүүсийн харилцаатай байдаг болсон. Намайг энд үзүүлбэр хийхэд манай хүн сэтгэл зүрхээрээ хамт байдаг.

Дараа жилээс бид хамтарч челленж хийнэ гэж ярилцсан. Жишээ нь, би Швейцарьт очиж Фредди Ноктой хамт Альпийн нуруун дээгүүр алхах, Фредди Нок манай улсад ирж надтай хамт манай улсын байгалийн үзэсгэлэнт газрууд дээгүүр алхах зэрэг челленж хийнэ. Гэхдээ цаг хугацаа нь хэдийгээр вэ гэдэг тодорхойгүй байгаа. Ямар ч байсан ойрын гурван жилдээ хийнэ гэж ярилцсан.

-Энэ жилийн Чулуутын хавцал дээгүүр алхах үзүүлбэрийг хэр их хүн ирж үзсэн бэ. Үзсэн хүмүүсийн сэтгэгдэл хэр байв?

-Ойролцоогоор таван мянган хүн ирж үзсэн. Машин гэхэд нүдэн баримжаагаар харахад 1000 гаруй байсан. Дроноор машин болон хүмүүсийн бичлэгийг авчихсан байгаа. Удалгүй нэвтрүүлэг байдлаар цацагдана. Харин өнгөрсөн жил Улаан цутгалан дээгүүр алхсанаа бид бараг зарлаагүй явсан шүү дээ. Гэтэл Улаан цутгалан дээр өглөө ирсэн хүмүүс орой хүртэл хүлээж үзсэн. Тэгэхээр зарлавал хүмүүс ихээр ирэх юм байна гэж бодсон. Гэхдээ энэ жил ч тэгж их зарлаагүй. Цар тахлаас шалтгаалаад олон хүн нэг дор цуглуулахыг хориглож байгаа. Тодорхой хэмжээнд өөрийнхөө фэйсбүүкээр л зарласан. Сүхбаатар, Өмнөговь аймгаас ирж үзэж байна гэж байсан.Улаанбаатар хотоос зорьж үзсэн олны дотор 80 гарсан циркчин эмээ хүртэл байсан. Тэр хүн хүүхдүүддээ захиж, заавал очиж үзнэ гэсээр ирсэн байна лээ. Сайхан санагдсан шүү. Ингээд харахаар хүмүүс огт сонирхдоггүй биш бололтой.

-Олсон дээр явах техникийн тухай ярихгүй юу. Толгой эргэх, сандрахаас эхлээд асуудал бишгүй байх?

-Мэдээж хүн л юм чинь айх зүйл гарна. Харин өөрийгөө сайхан тайвшруулах хэрэгтэй. Миний хувьд өөртэйгөө их ярилцдаг. “Тайван, яараад хэрэггүй, алхам бүрээ цэгнэ” гэсэн үгсийг өөртөө их хэлдэг. Заримдаа олон хүн харахаар онгироо зан хөдлөөд олсон дээгүүрээ гүйчихмээр санагдаад байдаг. Тэр болгонд л өөрийгөө тайвшруулж сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй. Миний хувьд өндөр барилга дээр гарахаар эвгүй байдаг. Харин утсан дээрээ гарахаар сандралгүй, тайвширчихдаг. Яагаад ч юм тэр олс бол миний байх ёстой газар гэж ойлгодог болохоор тэр байх.

-130 метрийн урттай олсон дээр таваас арван минут явна гэж тооцоолсон гэсэн. Яг алхахад төсөөлж байснаас хэр зөрсөн бэ?

-Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Ер нь төсөөлж байсан зүйлс тэгж их өөрчлөгдөөгүй шүү.

-Таны алхдаг олсны хэмжээ 16 мм гэсэн. Стандарт хэмжээ юү?

-Тийм. Стандарт хэмжээ. Долоовор хурууны хэмжээтэй л зузаан олс гэсэн үг.

-Хотын төвд өндөр барилга, байгууламж хооронд үзүүлбэрээ үзүүлэх бодол бий юү?

-Уг нь бол хиймээр л байна. Гэтэл манайхан юмны эрсдэлийг хамгийн эхэнд хардаг хүмүүс. Шилэн гоё барилгуудын хооронд явъя гээд холбогдох байгууллагууд руу нь хүсэлт явуулсан. Тэгсэн хэтэрхий эрсдэлтэй учраас хүлээж авах боломжгүй гэсэн хариу ирсэн.Хэрэв надад байшингийн хооронд явах боломж нь олддог бол би Улаанбаатартаа үзүүлбэрээ хийхийг хүсч байна.Олон хүн үзнэ, төсөв санхүү талаасаа ч хэмнэлттэй.

-Тэр өндөрт олсон дээр алхана гэдэг үнэхээр эрсдэлтэй шүү дээ. Ер нь энэхүү үзүүлбэрийг гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ?

-Олсон дээр алхаж байгаагаа ээждээ үзүүлэх дургүй. Тэр өндөр олсон дээгүүр хүү нь явна гэдэг эх хүнд аймшигтай санагдана шүү дээ. Гэхдээ энэ удаагийнх дээр ээж маань цуг ирээд үзсэн. Хүүхдүүд маань аавыгаа дэмжээд хөөрөөд баярлаад л гүйж байдаг. Эхнэр бол үргэлж хамт байж дэмждэг. Хэцүү бэрх ямар ч үед хамт байдаг ханьдаа баярлалаа гэж хэлэхэд ч багадна.

С.ЛХАМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)