Сайн яваагаа дэмжих сэтгэлгээ бидэнд дутагдаж байна

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Японы иргэний паспортоо гардан авсан мэдээлэл өчигдрийн онцлох сэдвийн нэг байлаа. Түүний Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болох шйидвэр гаргасан нь учиртай.

Өөрөөр хэлбэл, зодог тайлсан ч өөрийн гэсэн дэвжээ байгуулж, шавь нараа бэлтгэхийн тулд заавал Японы иргэн байх ёстой гэсэн Сүмо бөхийн холбооны дүрэм бий. Тиймээс ч их аваргын саналыг өнгөрсөн оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, есдүгээр сарын сарын 3-нд албан ёсоор баталсан. Ингэснээр Хакүхо Японы иргэншилтэй болсон сүмо бөхийн гурав дахь их аварга болсон юм. Түүнээс өмнө АНУ-аас гаралтай хоёр их аварга Японы иргэншилтэй болж байжээ. Харин Монгол Улсаас сэкивакэ Кёкүтэнхо Н.Цэвэгням, Асасэкирюү Б.Дашням нар тус улсын иргэншил авсан юм.

 

Хэдийгээр Монголын сүмочид иргэншлээ сольсон ч тэдэнд өөрчлөгдөх зүйл байхгүй. Тэдний тухай хар бараан мэдээлэл түгээх нь олон улсад монголчуудыг буруу талаар нь сурталчилна анхаарах хэрэгтэй. Харин ч олон улсад Монгол Улсыг сурталчилж байгаа монгол сүмочдоороо бахархах нь зөв юм.

Манай сүмочдын талаар олон сайхан мэдээ мэдээлэл гарсан. Тэдгээрийн үргэлжлэл болсон нэгэн нийтлэл “The Diplomat” сэтгүүлд нийтлэгджээ. Тус сэтгүүлд сүмогийн түүхэн дэх монгол аваргуудын тухай онцолсон байна. Тус нийтлэлд “Сүмо бөхчүүдийн дундаж жин 136 кг-аас дээш байх хэдий ч биеийн жингийн 20 хувь нь л өөх байдаг. Иймээс мэргэжилтнүүд махлаг гэхээсээ илүүтэйгээр туранхай, булчинлаг хөвгүүдийг сонгохыг илүүд үзэв. Тэд дэвжээний амьдрал, чанга хатуу дэглэмийн дор жин нэмэх нь ойлгомжтой юм. Монголоос шалгарсан зургаан хүүхдийн тав нь сүмогийн амьдралд дасахад хүндхэн байсны улмаас оргож байсан ч эцэстээ дэвжээндээ эргэн ирж, бэлтгэлээ үргэлжлүүлсэн байна. Энэ эхлэлийн эцэст Монгол Улс Асашёорюү Акинори, Хакүхо Шо, Харүмафүжи Кохэй, Какүрю Рикисабүро гэсэн дөрвөн Ёкозүна буюу аваргатай болсон” хэмээн бичжээ.

Б.Сийлэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)