Б.Шинэдаваа: Тусгаарлалтад байгаа иргэд хоолны амт чанартай холбоотой таван гомдол ирүүлсэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.ШИНЭДАВААГААС зарим зүйлийг тодрууллаа.

-Гадаадын улс орноос ирж, тусгаарлалтад байгаа иргэдээс ихэвчлэн ямар төрлийн гомдол ирж байна вэ?

-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлаж байгаа таван буудалтай холбоотой гомдлыг иргэдээс хүлээн авсан. Иргэд ихэвчлэн хоолны амт чанар муу, порц бага, хоол хүйтэн байна гэх зэрэг гомдлыг ирүүлж байна. Тухайн гомдлын дагуу бид хяналт, шалгалт явуулсан. Улсын онцгой комиссоос тусгаарлагдсан иргэдэд хүргэх хоолны тусгай цэс гаргасан. Үүний дагуу бүх зочид буудал уг цэсээр хоолоо бэлтгэн иргэдэд хүргэж байна.

 

 

 

Хоолны амт чанар бол тухайн тогоочийн ур чадвартай холбоотой асуудал. Шалгалтын үеэр зарим зочид буудал дээрх тусгай цэсийн дагуу хоол бэлтгээгүй зөрчлийг илрүүлсэн. Мөн тухайн таван зочид буудлын ундны ус, хоолны дээжээс шинжилгээ авсан. Шинжилгээний дүнд ямар нэгэн зөрчил илрээгүй. Насанд хүрсэн хүний өдөрт авах илчлэгийг агуулсан хоол хүнс бэлтгэн нийлүүлж байгаа гэдгийг шинжилгээгээр тогтоосон.

 

 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн зочид буудлуудад дээрх зөрчлүүдийг арилгах хугацаатай үүрэг даалгаврыг хүргэсэн. Уг хяналт шалгалтыг явуулснаас хойш Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тусгаарлалтад байгаа иргэдээс ямар нэгэн гомдол ирүүлээгүй байна.

 

-Тусгаарлалтад байгаа иргэд өдөрт хэдэн удаа хооллож байна вэ?

 

-Цэсэнд таван удаагийн хоол өгөхөөр заасан. Үүний дагуу бүх зочид буудал иргэдэд өдөрт таван удаа хоол, цай олгож байгаа.

 

 

-Гадаадаас иргэдээ авчрахдаа аль буудалд байрлахыг хэрхэн шийдэж байна вэ?

 

-Иргэдээ аль буудалд хэрхэн байршуулахыг Улсын онцгой комиссын тусгай бүрэлдэхүүн ажиллаж шийддэг. Ингээд тус бүрэлдэхүүн буудлаа сонгосны дараа буюу иргэдийг хүлээж авахаас өмнө нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тухайн буудлын хоол үйлдвэрлэл, ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээнд хяналт тавьдаг. Мөн иргэдийг тусгаарлалтаас гарсны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийж байгаад хяналт тавьж байна.

 

-Угаалга цэвэрлэгээ муу, бохир байна гэх гомдол иргэдээс ирж байна уу?

 

-Хоёр буудлаас ирсэн. Гол нь бид иргэдийг өрөөндөө тусгаарлалтад байхад нь орж, хяналт, шалгалт явуулах боломж байхгүй. Ийм гомдол ирүүлсэн тохиолдолд тухайн буудалд энэ зөрчлийг арилга гэсэн анхааруулга зөвлөмж өгч ажиллаж байгаа.

 

-Иргэн аж ахуйн нэгжүүд та бүхний тавьж буй шаардлагыг хэрхэн биелүүлж байна вэ?

 

-Аж ахуйн нэгжүүд сайн биелүүлж байгаа. Иргэдэд масктай үйлчлүүлэхийг уриалж, биеийн халууныг тогтмол хянах гэх зэргээр сайн ажиллаж байгаа.

 

 

 

Гол нь иргэдийн хувьд сөрөг хандлага гаргах тохиолдол байгааг аж ахуйн нэгжүүдээс бидэнд ирүүлж байна. Тухайлбал, иргэд “Дотооддоо алдаагүй байхад чинь маскаар яах юм бэ, халуунаа үзүүлэх шаардлагагүй” гэх зэргээр тухайн аж ахуйн нэгжийн тавьж буй шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж байгаа.

 

 

 

Иймээс дэлхий дахинд цар тахлын тархалт буурахгүй байхад бид ч хариуцлагатай байж маскаа зүүн, гараа тогтмол савандаж угааж, ариутгах шаардлагатай.

 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Bee (127.0.0.1)

    2020-08-21

    Hoolnoos gadna naa 1 udaagiin saviig ni ugaaj tseverlej hool undaa hiideg bizde? 1 udaagiin huvantsar sav hetsuu l sanagdaad baidag um.