Вашингтон Ираны хоригийг сэргээнэ

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Майкл Помпeо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан Ираны эсрэг хориг арга хэмжээг ирэх сард сэргээхээ мэдэгдлээ. Төрийн департаментын мэдэгдэлд "Майк Помпео энэ сарын 20-21-нд Нью-Йорк хотод ажиллаж, Тегераны эсрэг НҮБ-ын хоригийг сэргээх үйл явцыг эхлүүлнэ. Мэдэгдэл хийснээс хойш 30 хоногийн дараа Иран улсыг уран баяжуулахаа зогсоох, зэвсгийн хоригийг сунгах зэрэг хориг арга хэмжээ хэрэгжинэ" гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг шүүмжилж "АНУ Ираны цөмийн хэлэлцээрт нэгдсэн нь Ерөнхийлөгч асан Барак Обама, дэд Ерөнхийлөгч Жозеф Байден нарын бүтэлгүйтсэн гадаад бодлогын үр дүн юм. Иран хэзээ ч цөмийн зэвсэгтэй болохгүй" хэмээсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дужаррик өмнө нь Вашингтон Ираны цөмийн хэлэлцээрээс гарсан ч хориг арга хэмжээг сэргээх эсэхийг НҮБ-ын гишүүн орнууд шийдвэрлэнэ гэсэн юм. Хэдийгээр НҮБ АНУ-ын тогтоолыг дэмжээгүй ч Вашингтон идэвхтэй байр суурь илэрхийлсний үр дүнд Аюулгүйн зөвлөлийн 2231 дүгээр тогтоолд заасны дагуу Тегеранд хэрэгжүүлэх хоригийг сэргээхээр болжээ. 2015 онд баталсан 2231 дүгээр тогтоолд Иран улс уран баяжуулалтаа зогсоогоогүй тохиолдолд НҮБ-ын Иранд тавьсан хориг арга хэмжээг шууд сунгахаар заасан байна.

 

ОХУ, БНХАУ-ЫГ ДУУГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА

 

Ираны эсрэг зэвсгийн хоригийг ОХУ, БНХАУ тэргүүтэй улс эсэргүүцсэнээр хэрэгжилгүй өдийг хүрсэн гэж Вашингтон үздэг. Тиймээс энэ удаад Москва ба Бээжингийн эрх баригчдыг дагаж мөрдөхөөс татгалзвал Вашингтон хариу арга хэмжээ авахаа анхааруулсан юм. Гэхдээ Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ эрс татгалзсан алхам хийлээ. Тэд Ираны цэргийн багаж хэрэгслийг худалдаж авах, худалдаалахтай холбоотой хязгаарлалтыг сунгах саналд төвийг сахисан. Кремль Ирантай сүүлийн жилүүдэд эдийн засаг, аюулгүй байдлын харилцаа холбоогоо сайжруулж эхэлсэн.

 

 

 

Бээжингийн эрх баригчид анхны хэлэлцээрт оролцогчдыг виртуал уулзалт хийхийг санал болгосон ч АНУ шууд эсэргүүцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Вашингтоны эсэргүүцэл нь Ираны асуудлаарх яриа хэлэлцээр зогссон гэсэн үг биш" гэсэн юм. Ираны оюун санааны их удирдагч. Али Хаменеи АНУ-ын хориг арга хэмжээг Исламын Бүгд найрамдах улсын эсрэг гэмт хэрэг хэмээлээ.

 

 

 

Тэрбээр Ираны цөмийн зэвсэг, пуужин болон цэргийн хөтөлбөрүүдийг хязгаарлах арга хэмжээг өргөжүүлсэнтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн нь үндэсний Курбан-Байрам шашны баярын мэндчилгээтэй давхацсан юм. Тэрбээр "Иран улс буулт хийхгүй. Хэрэв АНУ-ын хориг хэрэгжвэл Тегерантай санхүүгийн харилцааг бий болгох зорилгоор байгуулагдсан Европын INSTEX санхүүгийн механизм утгаа алдана. Европын амлалтад итгэл алдарч байна. Европчууд Вашингтоныг цөмийн хэлэлцээрээс гарсны дараа юу ч хийгээгүй" хэмээжээ. Франц, Герман, Их Британи улс АНУ-ын хориг арга хэмжээг давж Ирантай худалдаа хийх INSTEX механизмыг 2019 оны нэгдүгээр сард боловсруулж, анхны гүйлгээг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн юм. Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Али Рабие "Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын хандлагыг өөрчилнө гэдэгг найдаж байна” гэлээ. Харин Европын холбооны Гадаад бодлогын төлөөлөгч Хосеп Боррелл ХБНГУ-ын “Deutsche Presse-A" агентлагт өгсөн ярилцлагадаа “АНУ 2018 оны тавдугаар сард Ираны цөмийн хэлэлцээрээс гарахаа мэдэгдсэн. Тиймээс Вашингтон бие даасан шийдвэр гаргах эрхгүй” гэжээ. Түүнчлэн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммед Жавад Зариф, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон нар Вашингтон энэхүү заалтыг идэвхтэй хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. Ташрамд дурдахад, Ираны Үндэсний Аюулгүй байдал, Гадаад бодлогын комисс Персийн булан дахь АНУ-ын цэргийн хүчийг саатуулах цөмийн хүчин чадалтай шумбагч хөдөлгүүрийг хөгжүүлэхээ зарласан юм. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани Вашингтоны шийдвэр АНУ-ыг дипломат ялагдалд хүргэнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр Засгийн газрынхаа шуурхай хуралдаанд оролцож “АНУ олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдмэл байр суурийг ойлгоогүй бололтой.

Эдийн засгийн хямралтай байгаа үед Ираны худалдааны харилцааг сүйрүүлж буй хориг арга хэмжээ эцэстээ тэдэнд сөргөөр нөлөөлнө. Хориг арга хэмжээ манай жирийн иргэдэд дарамт учруулж байгааг бид мэднэ. Гэхдээ бид Цагаан ордны харгислалыг даван туулж чадна. Хориг арга хэмжээ үүрд үргэлжлэхгүй" хэмээв. Энэ мэт эсэргүүцэлтэй тулгарсан ч Д.Трампын засаг захиргаа шийдвэрээсээ буцахгүй бололтой. Тэр ч байтугай Төрийн департмент хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус АНУ-ын хэрэгжүүлэх дараагийн алхмуудыг тодорхойлжээ.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)