Н.Ганхуяг: Чингис хааны тухай “Хаадын хаад” жүжгийг тавина
- 2020-08-25
- Үнэн
- 0
УДЭТ-ын уран сайхны удирдагч, СУИС-ийн тайз, дэлгэцийн урлаг судлалын профессорын багийн тэргүүн, доктор, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуягтай ярилцлаа.
-УДЭТ-ын дэргэдэх “Театр студи”-д жүжигчний сонгон шалгаруулалт болсон. Энэ талаар яриагаа эхэлье?
-УДЭТ шинэ залуу жүжигчдээ сонгохдоо сургалт, уран бүтээл хосолсон хэлбэрээр 1.5-2 жилийн хугацаанд хичээллүүлдэг. Цаашдаа ахин шалгалт аваад, театрын жүжигчин болгох үгүйгээ шийддэг. Яг энэ журмын дагуу жүжигчдээ шалгаруулж аваад 10-аад жил болж байна. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад 30 гаруй хүүхэд бүртгүүлснээс зургааг нь сонгож авсан. Энэ хүүхдүүддээ сургалтаа ч орно, түүний зэрэгцээ театрт тавигдаж байгаа уран бүтээлд оролцуулаад явна.
-Шалгаруулалтад ямар шалгуур тавьдаг вэ. Мэдээж жүжигчний ур чадвар чухал байх. Үүнээс гадна ямар шалгуур байдаг вэ?
-Жүжигчнээс мэргэжлийн ур чадварын шалгалт авдаг тогтмол жишиг байдаг. Манай театр бол эрдмийн гэсэн тодотголтой. Тиймээс ч театрт ажиллаж буй жүжигчид, уран бүтээлчид арай өөр түвшний хүмүүс байх ёстой гэж үздэг. Эрдмийн гэсэн тодотголын үүднээс эрдэмлэг, мэдлэг боловсрол онцгой байх хэрэгтэй.
Онолын мэдлэг, дэлхийн театр, киноны чиг хандлага, Монголын театрын түүх, соёлын талаар мэдлэгтэй байх нь зөв. Хэдий бакалаврын сургалтдаа үүнийг үздэг ч гэсэн бид тэрнээс арай өндөр шаардлагыг тавьж, шалгалтаа авдаг. Урьд нь онолын болон бичвэрийн шалгалт байдаггүй байсан. Энэ жилээс бичвэр шалгалт, тестээр авдаг болсон. Манай театр СУИС-тай хамтран жил болгон ахмад үеийн арга туршлага гэдэг агуулгын дор тэгш ой нь тохиож буй алтан үеийнхэн болоод ахмад уран бүтээлчдийнхээ уран бүтээлийн туурвил, арга туршлагын сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал хийдэг. Эрдэм шинжилгээний бага хурлаа энэ жил уламжлал ёсоор арванхоёрдугаар сарын эхээр хийнэ. “Бид мартахгүй” тоглолт, үзэсгэлэн гээд цогц арга хэмжэээ болдог. Уран бүтээл, эрдэм судлалыг ийнхүү хослуулан явуулж байгаа.
-Хорио цээрийн дэглэмийг үе шаттайгаар сулруулж байгаа. Тиймээс УДЭТ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, шинэ уран бүтээлээ тавих уу?
-Манайх Оросын нэрт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” романыг жүжиг болгож тайзнаа тавьж байгаа. Энэ ажил өнгөрсөн 2019 онд эхэлсэн. Энэ оны эхээр тайзнаа тавиад үзэгчдэдээ хүргэх байсан ч хорио цээрийн дэглэмээс болоод хойшлогдсон. Олон нийтэд тоглох боломж одоогоор тодорхойгүй байгаа юм. Тэгсэн ч гэсэн бид сургуулилалтаа хийгээд, бүтээлээ ер нь бэлэн болгочихсон. Уран сайхны зөвлөлд есдүгээр сарын 17 хавьцаа үзүүлнэ. Тэндээс тоглох зөвшөөрлөө авчихвал цаашдаа яг ямар хэлбэрээр үзэгчдэд хүргэх вэ гэдгээ цаг үеийн байдал ямар байхтай уялдуулж шийднэ. Үзэгчдийн хувьд маш хүлээлттэй байгаа гэдэг нь харагдаж байгаа.
-Театрынхаа энэ жилийн болон ирэх жилийн тоглолт, уран бүтээлийн төлөвлөгөөг гаргасан байх. Шинэ уран бүтээл, үзэгчдэдээ барих бэлэг юу байгаа вэ?
-Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр байгуулагдсаны 90 жилийн ой ирэх жил тохионо. 1931 онд Улсын төв театр гэж анх орчин цагийн мэргэжлийн урлагийн байгууллага байгуулагдсан. Түүнээс хойш энэ театраас салбарлаад 1935 онд Монгол кино үйлдвэр, Улсын цирк, Улсын хүүхэлдэйн театр, 1950 онд Улсын хүүхэд залуучуудын театр гээд мэргэжлийн урлагийн байгууллагууд бүгд л эндээс гараагаа эхэлж байсан. Орон нутгийн театр гэхэд л 1948 онд Дорнодын театр, 1950 онд Ховдын театрыг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган, Ардын жүжигчин С.Гэндэн, Ардын зураач Ц.Доржпалам, Л.Гаваа зэрэг алтан үеийнхэн, алдартнууд байгуулж байсан. Тэгэхээр УДЭТ-ын ой гэдэг Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний ой болж байгаа.
Улс хувьсгалын 100 жилийн ой болох гэж байна. Мөн ирэх зун Чингис хааны музей нээгдэх гэж байгаа. Энэ баяруудтай давхацуулаад түүхэн том бүтээл бид туурвих гэж байгаа. “Тэнгэрийн хүү” жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаад” гээд эзэн Чингис хааны тухай том бүтээлийг тавихаар бэлтгэл ажилдаа орчихсон явж байгаа.
Болж өгвөл ирэх хавраас нээнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Манай театр 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд С.Буяннэмэхийн “Үнэн”жүжгээр нээгдэж байсан түүхтэй. Энэ ойн өдрөө хүндэтгэлийн том тоглолт, олон улсын эрдэм шинжилгэний бага хурал, номын нээлт, үзэсгэлэн гэх мэт цогц арга хэмжээ зохион байгуулна. Мөн түүхэн жүжгийн өдөр, сонгодог жүжгийн өдөр гээд үе шаттайгаар зохион байгуулна. Ирэх жилийн тухайд бол иймэрхүү төлөвлөгөөтэй байна.
С.Наранжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)