Б.Хаш-Эрдэнэ: Төр бизнест хэт их оролцож байна, сүүлдээ бүр нэр хүндэд нь халдаад эхэллээ

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танай танхимаас нэг мэдэгдэл гаргасан харагдсан. Бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагахуйц үйл явдал улстөржилт ажиглагдаж байна энэ тэр гээд. Бизнесийн нэр хүндэд халдсан шийдвэрийг шүүхээс, төрөөс гаргаад байвал өчнөөн эрсдэл үүсэх нь ойлгомжтой. Таныхаар хамгийн том эрсдэл нь юу вэ?

-Логикийн хувьд улс төр бизнес хоёр бол огт өөр салбарууд. Бизнес гэрээний эрх зүй дээр суурилдаг. Иргэд ч, аж ахуйн нэгжүүд ч гэрээ хийж харилцдаг. Гэрээний эрх зүй дээр суурилдаг харилцааг улс төртэй холбож, наалдуулж, бизнес эрхлэгчдийн нэр хүндийг унагааж байгаа нь зөв хандлага биш. Манайхаас гаргасан мэдэгдлийн утга нь маш тодорхой. Нэгдүгээрт улс төр, бизнесийг холихоо больё гэсэн санааг хэлсэн. Өөр өөрсдийн хууль, дүрэм журмаар хөгжиж явдаг тусдаа салбар шүү дээ. Энэ хоёр салбар улс орны асуудал дээр бие биетэйгээ зөвшилцөж, харилцан хамтран ажилладаг байх хэрэгтэй. Түүнээс биш хэн нэгнийг унагаахын тулд бизнесийн салбарт цохилт өгч, бизнесийн нэр хүндийг нь унагахаа больё гэсэн утгатай л мэдэгдэл гаргасан юм. Улс төрийн ямар нэг тоглоомонд заавал бизнесээс хүмүүс оруулж ирж хольж хутгаад байгаа нь маш олон эрсдэл дагуулна. Бизнес эрхлэгчдэд айдас төрүүлж байгаа нь хамгийн том эрсдлийн нэг. Хамаагүй хөдөлчихвөл, бизнесээ өргөтгөх гээд элдэв төсөл хэрэгжүүлбэл дараа нь намайг яах бол гэсэн айдас бий болчихож байгаа юм. Хоёрдугаарт, бизнесийн салбарынхны биеэ дааж хөгжих гарцыг боомилж байна. Иймэрхүү хандлага хүчээ авах тусам залуучууд бизнес эрхлэх хэцүү гэж бодно. Тэрний оронд төрд орж дарга болъё гэсэн сэтгэхүй нийгэмд бий болчихсон байгаа шүү дээ, угаасаа. Энэ хандлагыг л улам дэвэргэнэ.

-Бизнес хийж зовсноос дарга болсон нь дээр гэсэн хандлага дэврэх ч том эрсдэл шүү. Төр бизнест хүчтэй оролцдог боллоо гэсэн шүүмжлэл дуулддаг. Та энэ шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Өмнөх хэдэн жилүүдэд ДНБ-д эзлэх хувийн хэвшлийн оролцоо 90 орчим хувьд дөхөж байсан. Гэтэл сүүлийн арав гаруй жил энэ хувь буурсаар 70 руу уруудчихсан.

-Айхавтар том тоо байна...?

-Харин тийм байгаа биз. Төр бизнест хэт их оролцож байгааг ганцхан энэ тоогоор нотолчихож болж байна. Уг нь сүүлийн гучаад жил явж байгаа зам маань маш тодорхой. Төр зохицуулалтаа хийдэг, үйл ажиллагаа хэрэгжүүлэлтийг хувийн хэвшлийнхэн хийдэг тийм л замаар бид хөгжиж яваа. Энгийнээр зүйрлэвэл төр хөлбөмбөгийн талбайгаа засаж өгөөд шүүгчээ тавьчихна. Мэдээж тоглолтынхоо дүрмийг өгчихнө. Төрийн засч өгсөн тэр талбай дээр бизнес эрхлэгчид гаргасан дүрмийнх нь дагуу тоглолтоо хийх ёстой. Хэрвээ тэр дунд хэн нэг тоглогч буруу үйлдэл гаргавал шүүгч зогсоох юм уу шийтгэл оноох ёстой. Маш энгийнээр хэлбэл ийм л хялбар ойлголт.

-Гэтэл сүүлийн үед манай төр өөрөө бизнес рүү орж, бизнес эрхлээд байна гэж үү?

-Яг наад асуудал чинь эмзэглэл төрүүлээд байна.

-Өнгөрсөн өвөл гэхэд л шахмал түлш рүү хүртэл орчихсон. Төрийн компани л шахмал түлшний хэрэглээг хангаад явж байна. Яаж ч харсан зөв шийдэл биш шиг санагдаад байгаа юм. Уг нь хувийн компаниар хийлгээд хянаад, татвараа аваад зохицуулаад явах боломжтой бизнес. Энэ тал дээр та ямар байр суурь хэлэх вэ, санал нийлэх үү?

-Ганц шахмал түлш ч биш ер нь ямар ч бизнесийг нь хувийн хэвшил хийх ёстой. Тийм бизнес хийх боломжийг нь төр компаниуддаа бүрдүүлж өгөх учиртай л даа. “Одоо та нар яг ийм түлш хий, эхний жилдээ бид худалдаж авья. Дараа нь та нар өөрсдөө бизнесээ тогтворжуулах ёстой шүү” гээд л дүрмээ тогтоочих хэрэгтэй.Тавьсан дүрмийг нь хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдэг дээр хяналтаа л тавиад явах нь л төрийн хийх ажил. Мэдээж алдаа эндүүтэй зүйл гарвал түр зогсоох, үйл ажиллагааг нь сайжруулах үүрэг өгөх, буруутай хүнд нь хариуцлага хүлээлгэх гэх мэт эрх үүргээ хэрэгжүүлээд явах нь тодорхой асуудал.

-Төрийн өмчит компаниуд ихэссэн, төр өөрөө бизнес эрхлээд байгаа нь хэнд ч ил асуудал болчихсон. Төр их мөнгө эргэлдэхийн сөрөг тал нь юу вэ?

-Яг үнэндээ төр бол мөнгө эргэлдүүлдэг газар биш. Төрд мөнгө эргэлдэж байгаа учраас залуучууд тийш орох гээд зүтгээд байна. Хамгийн том сөрөг хандлага нь энэ. Баялаг бүтээгч болохоор биш төрийн дарга болохоор зүтгэх нь улсад халтай хандлага. Тэгэхээр энэ буруу хандлагыг төр өөрөө зогсоох ёстой.

-Жишээ нь мөнгө их хэмжээгээр эргэлддэг уул уурхай дахь төрийн оролцоо огцом нэмэгдэж байгаа. Ер нь манайх шиг төр нь бизнестээ ийм хүчтэй оролцоотой улс чөлөөт зах зээлийн замаар яваа орнууд дунд байна уу?

-Уул уурхай дээр төр орж ирээд байгаа нь ганцхан шалтгаантай. Бизнесийн сонирхол маш өндөр байгаагийн шинж. Манайх шиг ийм систем Венесуэльд л байдаг. Бусад орнуудад маш өндөр рояалти тавиад асуудлыг шийдчихдэг. Хөрөнгө оруулагчаар хэн ч орж ирж болно. Хөрөнгөө оруул, уурхайгаа ашигла, бүтээгдэхүүнээ гарга гэж хэлээд маш өндөр үнээр рояалти л авдаг жишигтэй. Манайханд нэг том алдаа бий. Төр хувь эзэмшинэ гээд дайрчихдаг. Төр эзэмших хувийнхаа хэр хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж таарна. Уул уурхай шиг өндөр хөрөнгө оруулалт, зардал шаарддаг салбарт төр хувь эзэмших нь эрсдэлтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай. Төр тийм их хэмжээний мөнгө гаргаж бизнест оролцох нь маш өндөр эрсдэлтэй. Яг үнэндээ төрийн мөнгө гэж байдаггүй. Ард түмэн, компаниудаас хураасан татварын мөнгө л гэж бий. Төр мөнгөгүй учраас эзэмшсэн хувийнхээ хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхэд төвөгтэй байдал үүсдэг. Оюу толгой дээр үүсээд байгаа асуудлын гол шалтган ерөөсөө энэ. Тэрний оронд рояалтигаа өндөр тавьчихсан бол Оюу толгойд хэн хөрөнгө оруулалт хийх нь тухайн хөрөнгө оруулагчийн асуудал болох байсан. Ямар ч хүн хөрөнгө оруулалтаа аль болох үр ашигтай хийгээд ашгаа хурдан гаргаж авахаа л бодно шүү дээ. Гаргаж авсан ашгаас нь бид маш хурдан хугацаанд өндөр үнийн дүнтэй татвараа авч түүгээрээ баялгийн сангаа бүрдүүлээд явах ёстой байсан юм. Системээ өөрчлөхгүй болохоор араас нь гарч байгаа сөрөг үр дагавар өндөр гараад байна л даа.

-Компаниуд руу дайрсан хандлага хүчтэй болж байна л даа. Ялангуяа муусайн баячууд гэх хандлага. Сүүлийн үед гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэсэн байр суурийг зарим хүн хэлж байна. Энэ тал дээр, хөрөнгөтэй хүмүүсийг адалсан хандлага дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь аж ахуйн нэгжүүдийн нэр хүндийг унагаасан, компаниуд руу дайрсан маш олон жишээ бий. Даамжирвал бизнест, хөгжилд халтай хандлага. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын тухайд бид хоёр том хөрштэй, хүссэн хүсээгүй энэ хоёртойгоо насан туршдаа зохицож харилцаж аж төрнө. Гэхдээ бидэнд гуравдагч хөршийн ухаалаг бодлого амин хэрэгтэй. Оюу толгойг ноолоод байх тусам манай улсад орж ирэхгуравдагч орнуудын хөрөнгө оруулалт байхгүй болно гэж би хувьдаа хардаг. Гуравдагч хөрштэй харилцах харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашлуулаад яривал Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөт байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Өнөөдрийг хүртэл бид хоёр хөрш орноос гадна гуравдагч хөршийн бодлого ухаалаг бодлого барьсаар ирсэн.Үүний хүчинд Европын орнуудаас маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирж байсан. Та санаж байгаа бол гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уурхайнууд байсан ч бүгд хаагдсан. Одоо ганц үлдсэн нь Оюу толгой. Оюу толгойд буруу юм бий бол хөөж гаргах биш хамтраад засах нь л хамгийн зөв гарц.

-Улаанбаатар хотын худалдааны танхимаас ямар ажлууд хийж байна вэ, хувийн хэвшил рүү хандсан асуудал бүр дээр байр сууриа энэ мэтээр илэрхийлээд явах чигтэй байгаа юу?

-Улаанбаатар хотын худалдааны танхим үйл ажиллагааны гол хоёр чиглэл барьж яваа. Нэг нь бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах, нөгөө нь хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх. Эхний зорилгынхоо хүрээнд нэлээд анхаарч ажиллана. Гэхдээ бид төр засагтай муудалцах гээд байгаа юм биш гэдгээ тодотгох нь зөв байх. Бизнес эрхлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг л харна, хамгаална. Засгийн газрын дараагийн үйл ажиллагааны хөтөлбөр гарах гэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бизнес эрхлэгчдийн саналуудыг өгөхөөр ажиллаж байгаа.

-Засгийн газарт ямар саналууд өгөх гэж байна вэ?

-Манай эдийн засаг нэг л данхар толгойтой нарийхан хөлтэй хүн шиг болчихоод байгаа. Уул уурхайгаас өөр гялайх салбар алга. Эдийн засгаа солонгоруулах олон жилийн яриагаа бодитой ажил болгох хэрэгтэй. Юуны өмнө уул уурхайн үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой. Бас худалдааг дэмжмээр байна. Техникийн саадуудыг нь багасгах шаардлага бий. Эдийн засгийн салбаруудыг төрөлжүүлж олон болгох шаардлагатай. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдийн эрх чөлөөтэйгөөр ажиллах боломжийг бий болгох, баталгаажуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Энэ чигийн хууль эрх зүйн орчин дутуу байгаа учраас дуртай байцаагч нь орж ирээд аж ахуйн нэгжүүдийг дарамтлах явдал хүчтэй хэвээр байна. Сөрөг дагавруудыг үүсгэх суурь эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Нийт аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрчихсөн. Төвлөрлийг сааруулахын тулд хөдөөгийн бүсчилсэн хөгжлүүдийг бий болгох ёстой. Бүс болгоныг тодорхой бүтээгдэхүүний онцлогоор нь төрөлжүүлээд, тэнд нь үйлдвэрлэл худалдаа явуулбал үр дүнгээ өгнө. Мөн эдийн засгийн шинэ салбаруудыг бий болгох ёстой. Өнөөдрийг хүртэл бид уламжлалт салбаруудыг хөгжүүлэх тал дээр маш олон жил ярьж өчнөөн мөнгө зарцуулж байна. Ингэж дэмжих нь зөв ч гэлээ үүнээс гадна дэлхийн эдийн засгийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах шаардлага, эрэлт үүсчихлээ. Жишээ нь мэдээллийн технологийн салбар байна. Монголчууд IQ өндөртэй гээд цээжээ дэлдээд байдаг. Тийм бол тэрийгээ ашиглах хэрэгтэй. “Биг Дата”-г эзэмшиж байгаа нь улс төрийн ч хувьд эдийн засгийн ч хувьд хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд орж байна. Тиймээс бид энэ хөгжлөөс хоцорч болохгүй. Иймэрхүү шинэ салбаруудыг хөгжүүлэх ёстой гэсэн саналуудыг төр засагтаа өгөх гэж байна. Цаашлаад төр засагтайгаа харилцан ойлголцдог платформыг байгуулах шаардлагатай гэж харж байна. Харилцан ойлголцохгүй бие биенээ хардаж сэрдээд байвал хэзээ ч урагш явахгүй. Тийм учраас Улаанбаатар хотын худалдааны танхимын гол зорилго бол ерөөсөө л нэгдэх гэсэн өнцөг. Төр бизнес ойлголцож хамтарч байж Монгол улс хөгжинө.

М.МӨНХСАЙХАН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)