АНУ Уйгурын геноцидийг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ

АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ын Шинжань Уйгурын Өөртөө засах оронд амьдардаг уйгуруудын эсрэг явуулж буй Бээжингийн эрх баригчдын үйл ажиллагааг геноцид гэж үзжээ. Энэ тухай “Politico” сонинд “Уйгурын геноцидийг хүлээн зөвшөөрөх тухай баримт бичгийн хэлэлцүүлгийн эхний шат өрнөлөө. Хэлэлцүүлэгт Төрийн департмент, Дотоод аюулгүй байдлын алба, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчид оролцож байна. Хэрвээ тэд зөвшилцөлд хүрвэл Хятадын Төв Засгийн газрыг Шинжаньд”Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг”, “Үндэстний цэвэрлэгээ” хийж байна хэмээн буруутгана” гэжээ.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид болон АНУ-ын Конгрессын гишүүд Цагаан ордноос үүсээд байгаа нөхцөл байдлыг геноцид гэж хүлээн зөвшөөрөхийг удаа дараа шаардсан юм. Нөгөөтэйгүүр Вашингтон “Уйгурын геноцид” гэсэн баримт бичгийг баталбал Бээжинтэй харилцаагаа улам хурцатгаж болзошгүйг шинжээчид санууллаа. АНУ-ын албан тушаалтнууд геноцидийг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэг байсан. Төрийн департаментын мэдэгдэлд “Бид Шинжань дахь хүний эрхийн зөрчлийг зогсоохын тулд БНХАУ-д анхааруулга өгсөн. Гэхдээ боломжит арга хэмжээний талаар тайлбар өгөөгүй” гэжээ. АНУ-ын Сангийн яам Магнитскийн хуулийн дагуу БНХАУ-ын хуулийн зарим этгээдэд өнгөрсөн сарын 31-нд хориг тавьсан. Бээжин энэхүү хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-аас шаардсан юм. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Хэрвээ Вашингтон хоригоо цуцлахгүй бол Хятадын тал илүү хариу арга хэмжээ авна. Шинжаний хэрэг явдал бол Хятадын дотоод асуудал” гэж мэдэгдсэн. Гэвч Вашингтоны эрх баригчид ирэх сарын 30 гэхэд хоригт багтсан Хятадын компанитай хийх гадаадын иргэн, хуулийн этгээдийн бүх гүйлгээг хаахаар заажээ. Мөн АНУ-ын Худалдааны яам Шинжань Уйгурын Өөртөө засах оронд амьдардаг үндэстний цөөнхийн эрхийг зөрчсөнтэй холбоотой хэмээн БНХАУ-ын 37 байгууллагыг хар жагсаалтад багтаасан.

БНХАУ-ын баруун хойд хэсэгт орших Шинжань Уйгурын Өөртөө засах оронд нь хамгийн олон үндэстэн амьдардаг. Хүн амын ихэнх хувийг эзэлдэг исламын шашинт уйгуруудтай харьцах Бээжингийн хандлага ЗХУ задран унасны дараа 1990-ээд оноос өөрчлөгджээ. Бээжин тусгаар тогтнох санаачилга гаргасан Уйгурын идэвхтнүүдийг хүчээр дарах болсон нь геноцид үүсэх эхлэлийг тавьсан гэж үздэг.

 

БНХАУ-ын эрх баригчдын мэдэгдсэнээр олон улсын террорист, исламист, салан тусгаарлагч бүлэглэлүүд Шинжаний төв Өрөмч хотод үйл ажиллагаагаа явуулдаг аж. НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгчид тус мужийн хорих лагеруудад нэг сая гаруй уйгур хүнийг “хууль бусаар баривчилсан” гэж 2018 оны наймдугаар сард мэдэгдсэн. Ингэхдээ бодит нотолгоо байгаа гэсэн юм.

 

НҮБ-ын Хүний эрхийн комиссар Мишель Бачелет ажиглагчдыг бүс нутагт илгээхийг санал болгосон байдаг. Харин БНХАУ-ын эрх баригчид Шинжаньд пенитенцейн сүлжээ бий болсон тухай мэдээллийг удаа дараа үгүйсгэсэн. Үүний зэрэгцээ, 2018 онд тус бүс нутагт боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд барьжээ. Хятадын Төв Засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр тус байруудад терроризм ба хэт туйлшралын үзэл санаанд автсан хүмүүсийг сэнхрүүлэх, хятад хэл, бичиг, харилцааны чадвар, хууль тогтоомжийн үндсийг заадаг аж. Хүний эрхийг хамгаалагчид энэ төвүүдэд хүмүүсийг эрүүдэн шүүж, албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэж шүүмжилдэг. Мөн үндэстний цөөнхийн гэр бүл төлөвлөлтийг үл хязгаарлах хуулийг зөрчиж, хүүхдийн тоогоо хэтрүүлсэн уйгур эмэгтэйчүүдэд албадан үр хөндөлт хийсэн тухай АНУ-ын эх сурвалжид дурджээ.  БНХАУ бол “Бүс ба Зам” санаачилга, түгээмэл худалдааны гадаад сүлжээ, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, “Зөөлөн хүчний” бодлого, “Күнзийн бүс” -ээр дамжуулан нөлөөлөл нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй дэлхийн хүчирхэг гүрэн. Энэ хэрээр олон улсын улс төрийн тавцанд гол тоглогч болсонд АНУ дургүй байгаа. Вашингтоны засаг захиргаа Шинжаньд болсон үйл явдлыг буруушаасан захидалдаа барууны 22 улсын Засгийн газраас дэмжлэг авсан нь АНУ-ын Хүний эрхийн зөвлөл НҮБ-ын хүний эрхийн техник хангамжийн гол цэг болохоо баталсан. Нөгөөтэйгүүр Вашингтон олон улсын хамтын нийгэмлэг дэх төвлөрсөн баазаа сэргээж, БНХАУ-д дарамт шахалт үзүүлэхийг чухалчлах болсон юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)