Ц.Ганчимэг: TEDx-ийн үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэхэд арваад хоног үлдэж байна
- 2020-09-01
- Өөр өнцөг
- 0
Дархан-Уул аймгийн ЗДТГазар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран TEDx Darkhan үйл ажиллагааг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар албан ёсны эрхээ аваад бэлтгэл ажилдаа орсон билээ. Ингээд тус үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэгтэй ярилцлаа.
- Танд юуны өмнө энэ өдрийн мэнд хүргэе.
- Баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
- TEDxDarkhan 2020 үйл ажиллагаа 09дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулагдана. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
- Дархан-Уул аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн холбоо хамтраад TEDxDarkhan олон улсын арга хэмжээг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ жил бид Active Now буюу Одоо эхэлцгээе гэсэн уриан дор эерэг бүхнийг эхлүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Илтгэгчид маань TEDxDarkhan тайзан дээр TEDx-ийн үнэ цэнэтэй санааг түгээн дэлгэрүүлэхэд арваад хоног үлдэж байна. Ажлын хэсэг 18 илтгэгчийг сонгоод байна.
- Энэ жилийн TEDxDarkhan Ковид19-өөс шалтгаалаад онцгой дэглэм дор зохион байгуулагдах гэж байх шиг байна. Зохион байгуулалтад ямар өөрчлөлт орж байна вэ?
- Онцгой комиссоос олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад тавьж буй бүхий л шаардлагыг ханган ажиллаж байна. Үзэгчдийн зайг 3/1-т тааруулан төлөвлөж байгаа зэрэг Залуучууд театрт зохион байгуулж буй бүхий л арга хэмжээний дагаж мөрдөх ёстой дүрэм журмыг дагах болно. TedxDarkhan-ыг үзэхээр төлөвлөж буй хүмүүст хэлэхэд тасалбар цөөхөн үлдэж байна. TEDx-ийн гол онцлог болох яриа, илтгэлүүд маань TED-ийн үндсэн веб сайт, youtube сувгаар тавигддагаараа давуу талтай. Энэ жил цөөхөн үзэгчид хамрагдах боловч бусад сонирхсон хүмүүс интернетээр үзэх боломжтой.
- Өнгөрсөн жил Залуучууд театрын их танхим дүүрэн үзэгчидтэй байсан. Энэ жил үзэгчид маань нэг суудал орхиж сууна гэхээр яг хэчнээн тасалбар борлуулагдах вэ?
-2019 оны TEDxDarkhan-ыг зохион байгуулагч бид баяр баясгалантайгаар дурсдаг. Бидний хувьд ч үзэгчдийн маань хувьд ч хүлээлтийг давуулсан их сайхан арга хэмжээ болсон. Энэ утгаараа Дарханчууд, залуучууд маань, TEDx үзэгчид маань өндөр хүлээлттэй байгаа. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан нэг хүн нэг сандал орхиод сууна гэхээр нийт 300 орчим үзэгчидтэй байна. Гэхдээ youtube-ээс илтгэлээ үзэх боломжтой.
- Тасалбарын хувьд хоёр өөр үнийн дүнтэй байна. Энэ нь яг ямар учиртай вэ?
- TEDx нь өөрөө АНУ-ын лиценз бүхий арга хэмжээ учир тасалбарын үнийг хүртэл цаанаас нь тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл 100 доллароос хэтрэхгүй гэсэн зааварчилгаа бий. Бид өнгөрсөн жил энгийн болон VIP гэсэн 2 янзаар тасалбар борлуулсан. Залуучууд театрт болох өдрийн үйл ажиллагаа нь 25000 төгрөг. VIP нь өдрийн үйл ажиллагаанд оролцож оройны хүлээн авалтад оролцох нь 100000 төгрөг байгаа. Өнгөрсөн жилийн үнэ яг хэвээрээ байгаа.
- TEDx үйл ажиллагааны хамгийн чухал зүйл бол илтгэгчид. Тэдгээр хүмүүс хэн хэн байх вэ гэсэн хүлээлт Дарханчуудад байгаа. Илтгэгч нараа хэрхэн яаж сонгосон бэ?
- Илтгэгчдийг сонгох санал асуулгаа нэлээн эртнээс буюу гурван сар орчим хоёр янзын санал асуулга явуулсан. Олон санал ирснээс шүүгээд 18 илтгэгчийг сонгосон байна. Онцгойлон 2 сэдвээр TEDx interview буюу ярилцлага хийхээр төлөвлөж байгаа.
- Илтгэгч нарыг нэг нэгээр танилцуулж байх шиг байна. Энэ ярилцлагын үеэр өөр ямар зочид ирэхээр төлөвлөж байгаа талаар манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү?
- TEDx Darkhan зохион байгуулж буй баг маань PR болон дизайнерын баг гэх мэт бусад багуудад хуваагдаж ажиллаж байгаа. Манай PR багийнхан маань өдөрт нэг илтгэгч танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа учир бүгдийг нэрлэх боломжгүй байна. Ямар ч байсан өнгөрсөн жил оролцох байсан ч онцгой шалтгаар ирж амжаагүй дэлхийгээр аялагч Батбаяр маань энэ жил ирж байгаа. Урлаг соёлын сонирхолтой эрхмүүд байгаа. Тэгэхээр та бүхэн маань TEDxDarkhan пэйж хуудсаа өдөр дагаж мэдээллээ авч байгаарай. Ер нь TEDx үзэх гэж УБ-аас болон бусад аймаг хотоос зорьж ирдэг юм билээ. Өнгөрсөн жил Дарханчуудаас гадна УБ хот, Эрдэнэт, Сэлэнгийн үзэгчид байсан. Тийм болохоор илтгэгч нар нь хэн байхыг маш их сонирхож байна. Бид давтагдашгүй сэдвээр ярих тал дээр маш их анхаарч байна.
- TEDxDarkhan зохион байгуулалтын хувьд багуудад хуваагдаж ажиллаж байна гэлээ. Сайн дурын ажилтнуудын оролцоо их байх шиг байна?
- Их чухал асуултасуусанд баярлалаа. 2019 онд бид хамгийн TEDx зохион байгуулах дүрэм журам, зааврыг нэлээн сайн уншиж байгаад л аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөл, ахлах анхан шатныхантайгаа нийлээд хийж байсан бол энэ жил бид Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч байгаа сайн дураар ажиллах сонирхол бүхий залуучуудаа татан оролцуулж байна. Сайн дурын ажилтны зарын дагуу нийт 300 орчим анкет хүлээн авсан. Түүнээс 10 гаруй залуучуудыг сонгон шалгаруулж PR маркетинг, олон нийтийн харилцаа, дизайнер, илтгэгч, үйл ажиллагаа гэж багуудад хуваасан. Багууд маань аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд өдөр бүр ажиллаж байна.
- TEDx Darkhan-ы ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГазар, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллаж байна. Үүнээс гадна дэмжиж байгаа ямар ямар байгууллага байна вэ? Хэрвээ байгууллагууд дэмжье, хамтран ажиллая гэвэл нээлттэй юу?
- Дархан-Уул аймгийн ЗДТГазар Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд TEDxDarkhan үйл ажиллагааг зохион байгуулахад хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Залуучууд театр, аймгийн Мэдээлэл технологийн алба, Хос дог студи, Сайн Орших, Yak hotel, Сондор трейд, Дулааны цахилгаан станц гээд томоохон компаниуд үйл ажиллагаагаараа дэмжиж байна. Энэ зуур та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн Юнител компани спонсорлож байна. Мэдээж TEDxDarkhan-ы үйл ажиллагаанд хамтран ажиллах сонирхол бүхий байгууллага, компаниудад нээлттэй. Зохион байгуулах багтай холбогдож болно.
- Тасалбараа хэрхэн яаж авах вэ? Гэрт нь хүргүүлэх боломж нь хэр нээлттэй байна. Ямар цэгүүдээр борлуулж байна вэ?
- Дархан лавлах 1900-1540 рүү залгаад аль эгнээний хэддүгээр суудал байна сонгоод өөрийн гэр, ажлын байрандаа хүргүүлэх боломжтой. Энэ удаагийн онцлог нь борлуулах цэг байхгүй зөвхөн утсаар захиалж хүргүүлж байна. 2020 оны 9 дүгээр сарын 12-ныг хүртэл TEDxDarkhan үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг дор бүрд нь үзэгчиддээ хүргэх болно.
Баярлалаа.
Ярилцсан: Х.Соёл-Эрдэнэ
Сэтгэгдэл (0)