Монгол гэр барилгын салбарт эргэлт хийж байна

Дэлхий дахинаа тренд болж буй монгол гэрийн тухай нийтлэл “Уолл стрийт журнал” сайтад гарчээ. Зүүн Азийн эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч Натанил Таплин нийтлэлдээ “Нэгэн цагт монгол хаадын өргөө байсан эсгий гэр АНУ-ын зуслангийн байшин үйлдвэрлэх салбарт эргэлт болж байна. Дэлхийг хамарсан хөл хорио нь иргэдийг эх орондоо тэр дундаа гэр бүлийнхэнтэйгээ зуны амралтаа өнгөрүүлэхэд хүргэлээ. Энэ бол сорилт бэрхшээлтэй зэрэгцсэн боломж юм. Шинийг эрэлхийлэгчдийн хувьд нүүдэлчдийн гэр сууц амьдралын хэв маяг болж эхэллээ. Шинэ коронавирусийн халдвараас эмээж хотоос дайжсан иргэдэд монгол гэр нэн тохиромжтой. АНУ-тай ижил төстэй уур амьсгалтай учир монгол гэрийг аль ч мужид барих боломжтой, авсаархан аж. Төв Азийн уламжлалт сууц нь мод, эсгийнээс бүрдэнэ. “China Daily” сонины саяхны дугаарт Өвөрмонголд жуулчдад зориулан гэр үйлдвэрлэдэг компанийн тухай нийтлэл гарчээ. Төслийг санаачилсан Хөлөнбуйраас гаралтай, 39 настай Бүрэнбаяр жилд 4.6 сая юань буюу 667 мянган ам.долларын орлого олдог аж.

“Чен Барга Баннер” компани нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд 3000 гаруй гэр үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлжээ. Түүний үйлдвэрт 80 өвөрмонгол хүн ажилладаг байна. Тус компанийн үйлдвэрлэсэн гэрийг Бээжингийн оршин суугчид худалдан авах нь түгээмэл гэнэ. Мөн их хотын өнгө үзэмжид тохируулан шилэн дээвэртэй, халаалтын системтэй гээд олон загвараар үйлдвэрлэдэг байна. Энэ бол нүүдэлчдийн амьдралын хэв маяг орчин үеийн тохь тухтай амьдралын хэсэг болсныг илтгэж байна. Уламжлалт гэр нь бидний мэдэх зөөврийн дугуй майхантай төстэй сууц. Амьтны арьс, эсгийгээр хучиж монгол угсаатан болон бусад нүүдэлчин бүлгийн орон сууц болгон ашигладаг. Нүүдэлчин амьдрал аажмаар түүх болон бүдгэрч байгаа ч эсгий сууц тренд болжээ” гэсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)