Д.Отгонсүрэн: Ядам сүмийг Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлана
- 2020-09-07
- Үнэн
- 0
Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” төслөөс Чойжин ламын сүм музейд тохижилтын ажлыг хийж хүлээлгэн өглөө. Тус музейд хосгүй үнэт 6000 гаруй үзмэр, дурсгалт таван барилга, хүндэтгэлийн 15 хаалга багтдаг аж. Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэнгээс ирэх жилүүдэд хийх сэргээн засварын ажлын талаар тодрууллаа.
-“Өв эрдэнэ” төслийн хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажлууд хийсэн бэ?
-Чойжин ламын сүм музей байгуулагдаад 112 жил болж байна. Анх сүм хэлбэрээр ашиглаж байсан бөгөөд 1938 онд музей болсон түүхтэй. Чойжин ламын сүм музейд 2017, 2018 онд учирч болох эрсдэлийн судалгааг хийсэн. Хоёр жилийн турш есөн төрлийн судалгааг Монгол болон олон улсын эрдэмтэд хамтран явуулснаараа онцлогтой. Манай сүмд өнгөрсөн хугацаанд бүрэн засвар хийж байгаагүй. Хамгийн сүүлд 1960-аад оны үед сэргээн засварын ажлыг явуулсан байдаг юм. Бидэнд музейд шаардлагатай сэргээн засварлалт, орчны тохижилтын хөрөнгө байдаггүй. Энэхүү асуудлыг “Өв эрдэнэ” төсөл шийдэж өгсөнд бид талархалтай байна. Төслийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хоёр га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 ам метр талбайд ногоон байгууламж, 1500 ам метрт авто зогсоол, 1600 ам метрт явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлгийг суурилуулсан. Мөн төслийн хүрээнд Чойжин ламын музейн ойр орчим дахь хэлмэгдүүлэлтийн өмнөх барилгуудыг үзүүлэх зорилгоор архивын судалгаанд тулгуурлан гаргасан түүхэн зургаас сэдэвлэн дижитал үзмэрийг үзэх боломжтой болж байна.
-Ядам сүмийн барилгыг гаднын хөрөнгөөр засварлах гэж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стиьен Келли урилгаар манай улсад хүрэлцэн ирж, “Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө”-г 2019-2020 онд боловсруулсан. Энэхүү судалгаагаар Ядам сүмийн барилгыг нэн даруй сэргээн засварлах шаардлагатай гэж гарсан. “Өв эрдэнэ” төслийн хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлсэн. Үүний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийн сангаас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүм болон дунд хүндэтгэлийн хаалгыг Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран 2021-2022 онд сэргээн засварлахаар болсон. АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески өөрийн биеэр америкийн ард түмний төлөөлөл болж 200 мянган ам.долларын санхүүжилт олгохоо албан ёсоор мэдэгдсэнд баяртай байна.
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)