Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.

Төрийн тэргүүнийг Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсав.

Монгол Улсын Ерөнхийлөгч аймгийн Нутгийн удирдлагын ордонд аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд баригдах 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажиллалаа.

Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийтдээ 334 км урттай төмөр зам баригдахаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж, өнгөрсөн онд дуусгасан.

Улмаар Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлууд энэ сарын сүүлээр дуусаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Тус төслийн хүрээнд 19 сая метр куб газар шорооны ажлыг гүйцэтгэж, 376 төмөр бетон хоолой, 6 зөрлөг, 1 өртөө бүхий төмөр замыг барьж байгуулна.

Төслийн танилцуулгыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга Д.Жаргалсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх нар хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын зөвлөх Я.Санжмятав, Соёл, нийгмийн хөгжлийн бодлогын зөвлөх С.Ламбаа нар орон нутагт ажиллаж байна.

Сургалтын хэлбэрээс үл хамааран ном сайн уншиж, эрдэмд шамдахыг сурагчдад захилаа

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар хагаст бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн билээ. Улмаар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулсан дэвшүүлсэн мэндчилгээндээ, цахим сургалтын чанар, үр дүн, өгөөжийн асуудлыг хөндөж, хүүхэд, залуусын сурч боловсрох боломж алдагдаж буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн билээ.

Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуульд ажиллах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ талаар сургуулийн удирдлага, багш, сурагчидтай ярилцаж, санал, бодлыг нь сонслоо.

Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээг хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээлүүд тохиолдож байсан талаар сургуулийн удирдлага энэ үеэр танилцуулж байсан юм.

Млнглд Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ………………………………..

2013 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 41 бүлгийн 1360 гаруй сурагч, 92 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.

2019 оны байдлаар Сүхбаатар аймагт 24 цэцэрлэгт 6.6 мянган хүүхэд хамрагдаж, ерөнхий боловсролын 16 сургуульд 12.3 мянган хүүхэд өдрөөр суралцаж, нэг МСҮТ-д 371 суралцсан байна.

Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Баруун-Урт хотод ажиллах үеэрээ Сүхбаатар аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Сүхбаатар аймаг 62 мянган хүнтэй бөгөөд тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид тус тус хүртээв. Эдгээр ээжүүдийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нар байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА ЭЭЖҮҮДЭД ХАНДАН:

“Монголын сайхан ээжүүд ээ, ачит эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн мэндийг амар амгаланг айлтгаж, эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монголчууд бид “шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл унтах нойроо умартан босож хуурайлсан мянга, мянган шөнийн ганцхан шөнийн ачийг хариулдаг”  хэмээн ярьж, хэлэлцдэг ард түмэн. Ийм л хэмжээлшгүй их ачлалын эзэн болсон ээжүүдэд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа миний бие баяртай байна.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан хэдий ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшлогдож, сарын  өмнөөс  үе шаттайгаар гардуулж байна.

“Алтан овоо”-гоо тахиж, ардынхаа арвин өв соёлыг тээж яваа 62 мянган хүн амтай Сүхбаатар аймгаас энэ жил нийт 214, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид гардууллаа. Эдгээр ээжүүдийн дотроос энэ жил “Эхийн алдар” одонгоо нэгэн зэрэг гардан авч байгаа эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Ганболдын Баярмаа, Ганболдын Ариунзаяа нарт баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Хүн ам цөөтэй Монгол Улс үеийн үед хүн амаа өсгөх, эхчүүд, хүүхдүүдийг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. “Эхийн алдар” одон ээжүүд Та бүхний монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл, боловсролтой, зөв монгол хүн болгон өсгөн торниулж буйд тань үзүүлж буй төрийн өчүүхэн хүндэтгэл юм. Төр үүнээс ч илүүг хийх ёстой.

Ялангуяа, хүүхэд хамгааллын бодлогоо бүх түвшинд оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр онцгой анхаарч ажиллах учиртай. Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардсан Та бүхэнд болон Сүхбаатар аймгийн бүх эхчүүд, бүсгүйчүүддээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун баяр хүргэж, эрүүл саруул, эрч хүчтэй байхын өлзийт ерөөлийг өргөн барья.

Монголын үрс маш олон болтугай!” гэв.


Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Улмаар одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)