Л.Отгонсүрэн: Хүүхдүүд хичээлийн хоцрогдол бий болсон гэх айдастай байна
- 2020-09-14
- Үнэн
- 0
-Нийгэм сэтгэл зүйн эерэг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулна-
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Коронавирусийн халдвараас үүдэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Өнгөрсөн хугацаанд боловсролын үйл ажиллагаа ийм урт хугацаанд тасалдаж байгаагүй болов уу?
-Энэхүү вирусээс үүдсэн өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорио нь Монголын нийгмийн олон салбарт эерэг болон сөрөг үр дагавар үзүүлж байна. Тэр дундаа боловсролын салбарт ихээхэн нөлөөлж байна. Үүнээс илүү хүүхэд багачуудад ихээхэн нөлөө үзүүлж байна. 1924 оноос хойш боловсролын салбарын үйл ажиллагаа ийм олон хоног, сараар тасалдаж байгаагүй. Найман сараар боловсролын үйл ажиллагаа тасалдсан нь анх удаа болж байна. Иймээс хүүхдийн сэтгэл зүйд ихээхэн нөлөөлж байна. Гэхдээ бүх талаараа сөргөөр нөлөөлж байна гэж харах нь өрөөсгөл. Дийлэнх тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байгаа. БШУЯ-ны захиалгаар МУИС-ийн Сэтгэл судлалын танхим нийгмийн томоохон хэмжээний судалгааг хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон нь эцэг, эх багш, суралцагчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлснийг дээрх судалгаагаар нээн гаргасан. Судалгааны үр дүнд “COVID-19”-ийн цар тахал нь боловсролын салбарт тэр дундаа сурагчдын сэтгэл зүйд гүнзгий ул мөрөө үлдээсэн байна.
-Тухайлбал, сурагчдад ямар байдлаар илэрч байна вэ?
-Дээрх судалгаагаар сурагчдад айдас, түгшүүр, ганцаардал, уур бухимдал зэрэг сөрөг сэтгэл хөдлөл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл 1-12 дугаар ангийн бүх сурагчдад дээрх сэтгэл зүйн асуудлууд бий болжээ. Бүх хүүхдэд сурлагаар хоцрогдсон байх вий гэсэн айдас үүссэн байна. Мөн найзууд минь намайг тоохоо больчихсон болов уу, ангийнхнаасаа намхан, өндөр болчихсон болов уу зэрэг айдсууд байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд боловсрол гэдэг ямар чухлыг дэлхий нийтээрээ ойлголоо. Сургууль гэдэг хүүхдийг дан ганц онц, сайн сургахад бус хүн болох түүний мөн чанарыг ойлгож, эзэмшиж, бусадтай харилцаа тогтоооход чухал хэрэгсэл гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харууллаа. Автобус, унаа номын сан, хоолны газраас, гэрээс ч авч чадахгүй үнэ цэнтэй зүйлсийг тухайн хүүхэд сургууль, цэцэрлэгээсээ авдаг.
-Энэ айдас түгшүүрийг багасгахын тулд харьяа яамнаас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна вэ?
-Монголчууд олон жилийн турш танхимын сургалтаар хичээллэж байна. Танхимын сургалтаар мэдлэг мэдээлэл илүү авдаг. Гэхдээ өнгөрсөн саруудад боловсролын үйл ажиллагааг телевиз, цахим орчинд тасалдалгүй хүргэж ирсэн. Хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө багш нар маань хамгийн сайнаараа хичээж ажилласныг энд онцлох нь зүйтэй.
Ялангуяа өнгөрсөн жил төгсөх ангитай байсан багш нарын хувьд хэд дахин ачаалал үүрсэн. Энэ сарын хувьд хүүхдүүдээс ямар нэгэн байдлаар шалгалт авч дүн тавихгүй. Өнгөрсөн улирлуудад теле хичээлээр үзсэн хичээлүүдийг бататгаж байгаа.
Энэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд таван сайдын хамтарсан тушаал гарсан. Энэ тушаалын хоёр дахь заалтад сургууль, цэцэрлэг удаан хугацаагаар завсарласны үр дүнд гарч буй сэтгэл зүйн асуудлыг шийднэ. Ингэхдээ нийгэм сэтгэл зүйн эерэг нөлөөллийн үйл ажиллагааг гэр бүлд суурилан зохион байгуулна гэж заасан байгаа. Энэ бол маш чухал заалт. Үүний дагуу БШУ-ны сайд ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийнхний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хичээл, сургалтын үйл ажиллагаа удаан хугацаанд тасалдсаны улмаас багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчдад гарч болзошгүй айдас, түгшүүр, эргэлзээг арилгах, тайвшруулахад чиглэнэ. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгт нөлөөллийн арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулж, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлнэ. Бидний зохион байгуулж буй ажлуудыг хоёр түвшинд авч үзэж болно. Нэгдүгээрт, нийгэмд шууд нөлөөл үзүүлнэ. Тодруулбал, телевизийн цуврал нэвтрүүлэг, шторк, гарын авлага гэх зэргийг хэвлэн тарааж байна. Хоёрдугаарт “Хүүхэдтэй боловсрол” гэх томоохон хэмжээний аяныг улсын бүх сургууль, цэцэрлэгт зохион байгуулна. Аяны хүрээнд тухайн сургуулийн захирал, нийгмийн ажилтан багш ямар ажлуудыг зохион байгуулахыг заасан байгаа. Хамгийн чуцхал нь хүүхэд бол энэ аяны гол хэрэгжүүлэгч байх юм.
-Нэгэнт хүүхдэд айдас, түгшүүр бий болсон байна. Үүнийг хэрхэн арилгах вэ?
-Хүүхэд чинь их сонин, гэгээн ертөнц шүү дээ. Нэгэнт хүүхдэд айдас бий болсон тохиолдолд битгий ай, айх хэрэггүй гэж мянга хэлээд нэмэр байхгүй. Айдсыг нь айдас гэх үгээр арилгахгүй. Үүний оронд өөр зүйлээр анхаарлыг татах маягаар айдсыг арилгах боломжтой. Тэгэхээр хамтран дуулж, бүжиглэх гэх зэрэг баяр баясгалантай байдлыг бий болгосноор айдсыг даван туулах боломжтой.
Хүүхэд ямар үед сайн суралцдаг вэ гэхээр өөрийнхөө сурсан зүйлийг бусадтай хуваалцахдаа хамгийн сайн өсөн дэвжиж хөгждөг. Энэхүү арга нь дидактикийн суурь зарчимд үндэслэсэн. Мөн хүүхдээр дамжуулан эцэг, эх, асран хамгаалагчдад эрүүл, зөв дадал, чадварыг эзэмшүүлж, цаашилбал гэр бүлийн тогтвортой байдлыг бий болгох зорилгоор гэр бүлд түшиглэсэн харилцаанд тус үйл ажиллагаа суурилж байна.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)