О.Адъяа: Монгол Улс саарал жагсаалтаас гарсны дараа дахин ийм нөхцөл байдалд орохгүй байх талаар Засгийн газар тууштай ажиллах шаардлагатай
- 2020-09-16
- Эдийн засаг
- 0
Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяатай ярилцлаа.
-Монгол гэлтгүй дэлхий дахины бизнес, эдийн засаг “COVID-19” цар тахлаас болж хүндрэлтэй байна шүү дээ.Монгол дахь Америкийн худалдааны танхим цар тахлын үеэр хэрхэн ажилласан бэ?
-Монгол дахь Америкийн Худалдааны Танхим 2011оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн.Энэ жилийн хувьд дэлхий нийтээрээ цар тахлын гамшиг буюу урьд өмнө огт үзээгүй зүйлтэйгээ тулгарлаа. Манайх 68 гишүүн компанитай. Энэ гишүүн компаниудаасаа коронавирусийн оргил үе болох дөрөвдүгээр сард дэлгэрэнгүй судалгаа авсан. Саяхан мөн гишүүдтэйгээ үргэлжлүүлэн уулзсан. Мэдээжийн хэрэг цар тахал байгууллагуудад хүнд нөлөө үзүүлсэн. Ер нь дүр төрх хоёрдмол байдалтай харагдаж байна. Нэг талаасаа олон худалдааны компаниуд асар их хүндрэлтэй тулгарсан. Хүмүүсээ цомхотгож, зардлаа хэмнэх зэрэг арга хэмжээ авсан. Нөгөө талаасаа зарим уул уурхайн компани, томоохон бүтээн байгуулалт дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйл ажиллагаа нь хэвийн явсан. Тэр ч бүү хэл, илүү ашиг орлоготой ажилласан гэсэн ийм судалгааны дүн гарсан байна лээ.
-Танай танхимаас эдийн засгийн хүндрэлд орсон байгууллага, ААН-үүдийг ямар байдлаар дэмжин ажиллаж байна вэ?
-Гишүүн компаниуддаа туслах үүднээс өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ дахь Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгчтэй цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар БНХАУ-д гадаадын бизнесүүд болон тухайн улсын бизнес эрхлэгчид хэрхэн коронавирусийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа туршлагаас хуваалцсан. Их сонирхолтой яриа болсон. Мөн бид цар тахалтай холбогдуулан Засгийн газарт тодорхой саналууд хүргүүлсэн.
-Засгийн газарт ямар саналууд хүргүүлэв?
-Монгол Улс, Засгийн газар өөрийн хэмжээнд чадах бүх ажлуудаа хийсэн, хийсээр ч байна. Гадаадаас иргэдээ татаж, эрүүл аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулсан.Мөн бид Монголд байнгын үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын төлөөлөл, гүйцэтгэх захирал, удирдах түвшний хүмүүсийг Монголд ирүүлэх талаар арга хэмжээ аваач ээ гэсэн хүсэлт тавьж байсан. Үүний дагуу Засгийн газар гадаад иргэд яах ч аргагүй эргэж ирэх нь зүйтэй юм байна гэж үзээд өнгөрсөн наймдугаар сараас татаж эхэлсэн.
Мөн саяхан УИХ-аар Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ бодлогын баримт бичгийг боловсруулах явцдаа Засгийн газар биднээс санал авсан. Засгийн газарт хүргүүлсэн саналуудаас сонирхолтой хоёр гурван зүйлийг дурдах нь зүйтэй. Хамгийн эхэнд саарал жагсаалттай холбоотой асуудал байгаа.Засгийн газрын зүгээс чадах бүхий л арга хэмжээг аваад саарал жагсаалтаас гарах нөхцөлийг хангачихсан байгаа. Одоо нэг хүлээгдэж байгаа зүйл нь олон улсын байгууллагаас Монгол Улсад ирж, ажилтай танилцах л хүлээгдэж байгаа. Хорио цээрийн улмаас ирж ажиллаж, хянах хугацаа нь хойшлогдоод байна гэж ойлгож байгаа. Ирэх оны нэгдүгээр сараас ирж шалгалт хийх болов уу. За яахав ингээд саарал жагсаалтаас гардаг юм байж. Хамгийн гол нь бид Засгийн газарт эргээд саарал жагсаалтад бүү орчихоосой гэдэг асуудлыг тавьж байгаа. Яагаад гэхээр өмнө нь бидэнд ийм түүх байсан. 2016 онд Монгол Улс саарал жагсаалтад орж байсан юм билээ. Тухайн үед Засгийн газар асуудлыг тэгж их дэвэргэлгүйгээр шийдсэн. Тэгэхээр гурав дөрвөн жилийн дараа дахин энэ нөхцөл байдал битгий үүсээсэй.
-Тэгвэл бид эргээд саарал жагсаалтад орохгүйн тулд чухам юун дээр хэрхэн анхаарч ажиллах ёстой юм бэ?
-Хийгдэх ёстой шинэчлэлүүд буюу авлигатай холбоотой хэргүүдийг үргэлжлүүлэн шийдэх, банкны салбарын шинэчлэл, банк бус санхүүгийн байгууллагууд, үл хөдлөх хөрөнгийн салбарын асуудлуудыг цэгцэлж, өөрчлөлтүүдээ цаашид хийгээд яваасай. Манайхан заримдаа гал унтраах маягаар асуудлаа шийдчихдэг.Нэг ёсондоо саарал жагсаалтаас гарлаа л гэвэл бүгд тайвширчихдаг. Ийм байдал битгий болоосой гэдэг үүднээс Засгийн газарт тухай бүрт нь санал тавьж байгаа.
-Мөн та бүхэн Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт төрийн өмчит компаниудыг хувьчлах саналыг тавьсан шүү дээ?
-Монгол Улсад 100 гаруй төрийн өмчит, 300 орчим орон нутгийн өмчит компаниуд байна. Эдгээр компаниуд төрд арав орчим их наяд төгрөгний өр төлбөртэй байна. Тэгэхээр энэ олон төрийн өмчит 400 гаруй компаниудыг аажмаар шинэчлэл хийхийг нь хийгээд, хувьчлалыг нь өрнүүлэх ажил эхлүүлье. Төрийн өмчийн компаниудыг амжилттай хувьчилж болно. “Монгол шуудан” ХК гэх тодорхой жишээ гарлаа шүү дээ. Тэгэхээр цаашлаад энэ байдлаар төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр юм уу бусад арга хэлбэрээр хувьчлах ажлуудаа эхлээч ээ гэсэн санал тавьсан.
Нөгөөтэйгүүр Монгол Улс мөнхийн хоёр хөрштэйгөө нягт хамтарч ажиллах нь гарцаагүй. Тэгэхээр хамтын ажиллагаа улам нягтарч, хоёр хөршөөсөө улам хамааралтай болж байгаа энэ үед гурав дахь хөршийн бодлогоо зоригтой, тууштай хэрэгжүүлээч ээ гэдгийг хүсч байгаа юм. Үүн дээр Засгийн газар АНУ болон бусад гурав дахь хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр эхлүүлбэл яасан юм бэ. Цар тахлын улмаас эдгээр асуудлууд хойшлогдох байх. Гэхдээ Монголын талаас эхнээс нь санаачилга гаргаад чөлөөт худалдааны хэлэлцээрийн ажлыг эхлүүлж, судалгаа хийх алхмыг эхлүүлбэл олон ач холбогдолтой. Нэгдүгээрт, геополитик талаасаа, хоёрдугаарт, манай бараа бүтээгдэхүүн АНУ руу гарах, мөн улсаас бараа орж ирэх боломжууд нээгдэх учраас чөлөөт худалдааны хэлэлцээрийн асуудлыг манай талаас эхлүүлбэл зүгээр юм байна гэсэн санал өгсөн.
-Монгол дахь Америкийн худалдааны танхим цаашид ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?
-Бид уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, автомашин механизм, цахим шилжилт, нийгмийн хариуцлага гэсэн зургаан салбарт голлож ажиллаж байгаа. Тухайлбал, бид автомашин механизмын хүрээнд Зам тээврийн яамны удирдлагуудтай уулзсан. Хотын түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд олон хүмүүсийн эсэргүүцэл тулгарахуйц томоохон зоригтой улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй. Буруу талдаа хүрдтэй машинуудыг шат дараатайгаар оруулж ирэхийг нь багасгах, яваандаа хориглох гэх мэт. Монгол Улс зөв талдаа хөдөлгөөнтэй учраас ийм байдлаар асуудлыг шийдэхээс өөр арга байхгүй. Хоёрдугаарт, хэт хуучин машинуудын татварыг өндөр болгож, шинэвтэр болон шинэ машин унадаг болгочихвол хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар хэт хуучин машинуудыг оруулж ирэхийг хориглоно гэсэн шийдвэр гарч байсан. Тэр маань их хурал дээр очоод уначихсан юм билээ. Тэрэнд асар их эсэргүүцэл магадгүй бизнесийн сонирхлын зөрчил үүссэн юм болов уу.Ер нь энэ асуудлыг Зам тээврийн яам зарчмын хувьд ойлгож, дэмжиж байгаа юм билээ. Гэхдээ одоо л бид энэ асуудлыг шийдэхгүй бол хот бүрэн таг зогсох хэмжээнд хүрчихлээ шүү дээ.
Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтарч ажиллаж байна. ХХААХҮЯ 2020-2024 онд баримтлах стратеги, бодлогын төлөвлөгөө нь гарч байгаа. Энэ төлөвлөгөөнд бидний гаргаж байгаа санал бол гуравдагч хөршөөс хөдөө аж ахуйн томоохон тоног төхөөрөмжүүдийг авдаг болох санал юм. Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл Монгол Улс маань цагаан идээ тухайлбал, бяслагийг БНХАУ руу гаргахад худалдааны тодорхой тогтсон хэлэлцээр байдаггүй юм байна. Жишээлбэл, манай гишүүн компани БНХАУ руу бяслаг экспортолъё, нөгөө талаас нь ч хүлээж авъя гэтэл яг ямар журмаар яаж гаргах хэлэлцээр байхгүй. Ингээд гаргаж чадаагүй. Бид сүүлийн гурав дөрвөн жил хөөцөлдөөд хүчрэхгүй байна.Тэгэхээр худалдааны хэлэлцээрүүдийг түргэн шуурхай болгох нь дотоодын бизнесүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ашигтай юм болов уу.
Мөн цар тахлын үед цахим шилжилтийг эрчимжүүлэх зүй ёсны шаардлага гарч байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс эхний алхмуудыг хийгээд эхэлсэн. Бидний зүгээс энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаа бөгөөд ойрын үед тодорхой саналаа холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх болно.
-УИХ-аас гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих түр хороо байгуулсан. Танайх энэ хороотой хамтарч ажиллаж байгаа юу?
-Шинэ их хурал, Засгийн газар бүрдлээ.Шинээр бүрдсэн баг нэлээн дорвитой алхмууд хийж эхэлж байх шиг байна. УИХ дээр ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих түр хороог байгуулсан байна. Тэр хороог урьд нь бизнесийн салбарт ажиллаж байсан гишүүд маань санаачилсан. Энэ түр хороотой хамтарч ажиллахаар уулзалтуудаа хийж байна. Нөгөө талаасаа Засгийн газар ажлууд хийгээд эхэлсэн ч тэр нь эхэндээ зоригтой явж байснаа яваандаа унтарчих юм. Төр засаг нь солигдчихоор хэрэгжихээ больчихдог. Иймэрхүү байдлаар битгий ажлаа замхруулаач ээ, одоо явж байгаа ажлуудаа үгүйсгэхгүйгээр үргэлжлүүлээд яваасай.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-ЖДҮ-ийн асуудал дээр манай гишүүн компаниудын ярьдаг хамгийн том асуудал бол санхүүжилт.Энэ асуудал дээр АНУ-д эксим банк гэж байгаа. Мөн хөгжлийн санхүүжилтийн корпораци гэж байгууллага бий.Энэ хоёр байгууллагын хүрээнд АНУ-ын оролцоотойгоор боломжийн нөхцөлөөр санхүүжилт авах боломж байдаг юм билээ. Мэдээж тодорхой хэмжээнд шалгууруудыг хангасан байх ёстой. Зөвхөн богино хугацааны ашиг биш дундаас урт хугацаанд нийгмийн асуудлыг шийдэх гэсэн ийм ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлдэг. Энэ утгаараа “Голомт” болон “Хас” банкаар дамжуулаад санхүүжилтийн корпораци санхүүжилт олгож байсан. Жишээ нь,“Хас” банкаар дамжуулан ЖДҮ эрхэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд санхүүжилт олгож, төсөл ньамжилттай хэрэгжиж байсан.
-АНУ-ын зүгээс 330 сая ам доллараар Монгол Улсад хэрэгжүүлж буй Улаанбаатарын усан хангамжийг сайжруулах зорилготой төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Энэ төсөл ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ төсөл маань Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирээд ажил нь эхэлсэн байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Улаанбаатарчууд яг өнөөдрийн байдлаараа усаа хэрэглээд явбал тун удахгүй усны нөөцгүй болох аюултай. Тэгэхээр энэ бол өнөөдөр АНУ-аас Монголд хийж байгаа хамгийн том буцалтгүй тусламжийн төсөл байгаа.Мөн эксим банкаар дамжуулаад Оюутолгойд 700 сая ам долларын санхүүжилт хийчихсэн байгаа. Яахав, одоогийн байдлаар АНУ-аас тийм их хэмжээний хөрөнгө оруулалт ирэхгүй байгаа ч гэсэн өнгөрсөн жилтэй харьцуулахад тодорхой хэмжээнд нэмэгдсэн.Үүнээс гадна манай гишүүн компаниуд АНУ-ын брэндийг Монголд оруулж ирье, өөрсдөө гаргая гэсэн санал их ирдэг. Жишээлбэл, “Говь”ХК 2019 оны наймдугаар сард Лос Анжелес хотод онлайн дэлгүүрээ нээсэн. Мөн өнгөрсөн онд АНУ-ын Конгресийн гишүүд гурав дахь хөршийн худалдааны хуулийн төслийг санаачилсан. Энэ хуулийн гол үзэл санаа бол Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд ямар нэгэн квотгүй гаргах боломж олгох юм билээ. Одоогоор бол цар тахал гээд дээрээс нь сонгууль болох гэж байгаа учраас хуулийн төсөл маань энэ ондоо арай батлагдаж амжихгүй юм шиг байна. Энэ хуулийн төслийн нэг зорилго, болгоомжлол нь манай урд хөршөөс хямд ноолууран бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэсэн гэдэг байдлаар Хятадаас АНУ руу гаргах эрсдэлийг бууруулах үүднээс хийгдэж байгаа ажил юм билээ.
Эцэст нь АНУ-д арваннэдүгээр сард ерөнхийлөгчийн сонгууль болно. Бидний харж байгаагаар Монгол Улсын талаар баримтлах гадаад бодлогод нь зарчмын хувьд төдийлөн өөрчлөлт орохгүй болов уу.Тиймээс Монгол Улсад үргэлжлүүлэн улс төрийн дэмжлэг үзүүлсээр байх болно.
С.ЛХАМСҮРЭН
Сэтгэгдэл (0)