Д.Галсандорж: Хөрш орны импортын өндөр татварыг олон жил ярьсан ч бууруулж чадахгүй байна
- 2020-09-17
- Эдийн засаг
- 1
-ЭНЭ НЬ МАНАЙ КОМПАНИУД ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЭХЭД ХОРИГ СААД БОЛЖ БАЙНА-
Монголын экспортлогчдын холбооны тэргүүн, МҮХАҮТ-ын Экспортын зөвлөлийн дарга, уул уурхайн зөвлөх инженер, доктор, профессор Д.Галсандоржтой экспортын салбар тойрсон сэдвээр ярилцлаа. Тэрбээр Монголын гадаад худалдаа болон уул уурхайн салбарт 30 гаруй жил зүтгэж байгаа бөгөөд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яам, Үйлдвэр худалдааны яаманд хэлтэс, газрын даргаар ажиллаж, уул уурхайн томоохон төслүүдийн хэлэлцээрүүдийг байгуулах, хэрэгжүүлэх ажилд биечлэн оролцож байсан юм.
-Та “Эрдэнэт”, “Оюу толгой” зэрэг томоохон төслүүдийн хэлэлцээрүүдийн төслийг бэлтгэх, хэрэгжүүлэхэд оролцож, нөхцөл байдлыг сайн мэдэх хүмүүсийн нэг. Тиймээс ярилцлагын эхэнд манай улсын хамгийн том төсөл болох Оюу толгойн ордын нөөц баялаг, уг төслийг цаашид тогтвортой ашиглах талаар ямар байр суурьтай явдаг тухай тодруулмаар байна?
-Миний хувьд гадаад худалдаа болон уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байна. Уул уурхайн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Төрийн албанд энэ чиглэлийн зохих албыг хашиж байлаа. Залуу зандан насандаа улсын хороо болон яаманд хэлтсийн дарга, газрын дарга байх үед “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн байгуулах анхны 1973 оны хэлэлцээр, 1991 оны нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх ажлыг хариуцаж явсан. Сүүлд Үйлдвэр худалдааны яаманд байхад “Эрдэнэт” үйлдвэрийн 2003 оны шинэ хэлэлцээрийг байгуулахад Засгийн газрын ажлын хэсэгт орж, экспертийн багийн ахлагчаар ажиллаж байв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгч гээд Лондон хотноо найман жил суусан. Энэ хугацаанд Лондонгийн металлын бирж, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг судалж, ер нь уул уурхайн төслүүдийн хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас яаж татах, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдийг хэрхэн байгуулах, улмаар үр өгөөжийг нь бүрэн, бодитой хүртэх боломж, арга замын талаар туршлага хуримтлуулсан. Уг туршлагаа Монголын уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд тусгах, гэрээ хэлэлцээрийг үр өгөөжтэй байгуулах чиглэлээр ажиллаж ирсэн.
Оюу толгой төсөл бол яах аргагүй олон улсын хэмжээний том төсөл. Энэ төслийг хэрэгжүүлж эхлэх 2000 оны эхний үед төрийн албанд ажиллаж байлаа. Олон улсын судалгаанаас үзэхэд Оюу толгой уурхай зэсийн хүдэр, цэвэр зэсийнхээ нөөцийн хэмжээгээр дэлхийн гурав дахь том уурхайн тоонд орж байгаа юм. Энэ нь Индонезийн Грасбэрг, Чилийн Эскондида уурхайн дараа жагсаж байгаа хэрэг. Уул уурхайн яамны хүлээж авсан нөөцийн хэмжээ зэсийн хүдрээр 2.8 тэрбум тонн, цэвэр зэсээр 33 сая тонн юм. Энэ бол яах аргагүй дэлхийн тэргүүлэх уурхайн нэг. Энэ зэсийн орд газар Монголын болон олон улсын геологичдын хамтын хөдөлмөрийн үр дүнд нээгдсэн юм. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр геологийн зураглалын ажил хийгдсэн. Харин “Эрдэнэт” үйлдвэр 7.5 сая тонн цэвэр зэсийн нөөцтэй. Тэгэхээр Оюу толгой нь Эрдэнэтээс тав дахин том гэсэн үг л дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд 42 жил өгөөжтэй ажиллаж байна. Ашиглалтын үеийн хайгуул хийгдэж цаашид 30 жил тогтвортой ашиглах нөөцийг нэмж илрүүлсэн.
-Оюу толгойн үр өгөөжийн тухайд та юу хэлэх вэ?
-Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр 2013 оноос үйл ажиллагаа явуулж байна. Долоон жил ажиллаж байна. Өгөөж өгч байгаа. Гэхдээ хангалттай өгөөж өгч чадахгүй байна.
Оюу толгойн нөөцийн 20 хувь нь ил уурхайд болон 80 хувь нь далд уурхайд байгаа. Тийм учраас далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, ашиглалтад оруулахад хөрөнгө оруулалт хийж, ажиллаж байна. Хэзээ ашиглалтад орох нь хөрөнгө оруулагч, Монголын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагаанаас шалтгаална. Аль болох эртхэн орж байвал зэсийн баяжмалын экспортын хэмжээ нэмэгдэнэ, борлуулалтын орлого өснө. Улсын төсөвт төлөх орлогын ч хэмжээ нэмэгдэнэ.
Хөрөнгө оруулагч “Рио Тинто”, Монголын Засгийн газрын хооронд хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийгдсэн. Тэр хүрээнд л уг төсөл хэрэгжинэ. Энэхүү хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг Монголын талаас гаргаад ажиллаж байна. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байх. Ер нь одоо үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг сайжруулах тал дээр ажиллах хэрэгтэй. Энэ чиглэлд өнгөрсөн дөрвөн жилд төрийн холбогдох яамд ажилласан. Гэхдээ тодорхой үр дүн гарсангүй. Үүнийг үргэлжлүүлж ажиллах байх гэж найдаж байна. Хөрөнгө оруулалтын хэлэлцээрт манай талын үр өгөөж багатай заалтууд байна. 34 хувийг зээлээр авчихсан. Оюу толгойн үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмал, борлуулалтын орлого “Эрдэнэт”-ээс 20-30 хувиар илүү боловч татвар бага төлж байна. АМНАТ-ыг бүрэн авч чадаж байна уу. Далд уурхайн хэлэлцээрийн хүрээнд хийгдсэн Монголын талд ирэх өгөөжийг бууруулсан, олон улсын уул уурхайн практикт байдаггүй заалтууд ч байгаа.
-Сүүлийн хэдэн жил манай уул уурхайн экспортын орлого харьцангуй таатай байсан боловч цар тахалтай холбоотойгоор барьц алдлаа. Энэ салбарын мэргэжилтний хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?
-Цар тахал 8-9 сар үргэлжилж байна. Үүнээс өмнө Монголын эрдсийн бүтээгдэхүүний экспорт сайн байсан. Үүнд гадаад зах зээлийн таатай орчин нөлөөлсөн. Яагаад гэвэл манай эрдсийн гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, алтны үнэ олон улсын зах зээл дээр өслөө. Харамсалтай нь цар тахлаас хойш экспортын орлого зарим бүтээгдэхүүн дээр 50 гаруй хувиар буурчихлаа. Мэдээж манай төрийн яамд Хятад улсын төрийн яамдтай тохиролцоод экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Ний нуугүй хэлэхэд, өнгөрсөн дөрвөн жил төмөр замын төслийг хэрэгжүүлье гэж ярьсаар байгаад дууссан. Цаг сайхан буюу экспортын орлого өндөр, санхүүгийн боломжтой, бизнесийн орчин таатай үед Таван толгой-Гашуунсухайтын төмөр замыг тавих сайхан боломжоо ашиглаж чадаагүй.
Гэхдээ цаашид экспортын орлого нэмэгдүүлэх боломж байна. Өнөөдөр борлуулалтын орлогоор тэргүүлж байгаа хоёр аж ахуйн нэгж байгаа нь “Эрдэнэт” үйлдвэр, Таван толгой хоёр юм. Энэ төрийн өмчит компаниуд цаашид үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд, хамгийн гол нь бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг өсгөж чадвал экспортын орлого, өгөөж нэмэгдэнэ. Уул уурхай, хүнд үйлдвэр яам Засгийн газраар “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр” батлуулан хэрэгжүүлж байна. Уулын олборлох,боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийгээд явбал жил юм уу, жил хагасын дараа манай эрдсийн бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, худалдаа өсч, тээвэр ложистикийн хориг саад ч багасах болов уу гэж найдаж байна.
-Шинэ Засгийн газрын гадаад худалдааг дэмжих чиглэлд боловсруулсан мөрийн хөтөлбөрийн төсөлтэй танилцсан уу. Ер нь гадаад худалдаа, экспортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлого, ажилд та ямар дүгнэлт өгч байна вэ?
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд МҮХАҮТ, бусад төрийн бус байгууллагуудаас санал авахаар ирүүлсэн байгаа. Хөтөлбөрийн төсөлтэй танилцсан. Яг уул уурхайн салбарт томоохон төслүүд болох Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгая, Цагаан суваргын зэсийн орд газрыг аж ахуйн эргэлтэд оруулъя, Зүүн цагаан дэлийн жоншны уурхайг ашиглая, одоо ажиллаж байгаа Эрдэнэтийн ил уурхай, баяжуулах үйлдвэрлэлийн өргөтгөл, шинэчлэлийг хийе, зэс хайлах, төмөр боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлье гэх зэргээр олон заалтууд орсон байна лээ. Хэрэв ирэх дөрвөн жилд эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт нь бүтээд, техник технологи, санхүү эдийн засгийн шийдлүүд нь гараад, ТЭЗҮ-үүд нь олон улсын түвшинд хийгдээд хөрөнгө оруулалтаа татаад бүтээн байгуулалтыг хугацаанд нь хэрэгжүүлсэн тохиолдолд экспорт ирэх дөрвөн жилийн сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх боломжтой. Энэ бүхэн асуудал хариуцсан төрийн яам, агентлагуудын хэрхэн ажиллахаас шалтгаална.
Нөгөөтэйгүүр, гадаад худалдаа, экспорт, импортын бодлогын асуудал Гадаад харилцааны яаманд харьяалагдаж явдаг. Гадаад харилцааны яамны ирэх дөрвөн жилд хийх мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг харахаар хоёр хөрштэй одоо явуулж байгаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой цөөн заалт орсон байна. Уг нь бидэнд боломж байна. Одоо байгаа экспортын борлуулалтын орлогоо 50 хувь, бүр 100 хувиар нэмэгдүүлэх ч бололцоо бий.
Түүнчлэн хоёр жилийн өмнө “Монголын экспорт” гэсэн хөтөлбөрийг Гадаад харилцааны яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтарч Засгийн газарт оруулаад батлуулсан. Үүнд жижиг, дунд үйлдвэрлэл, экспортын чиглэлийн ноос ноолуур, махны үйлдвэрүүдийг дэмжсэн бодлогын арга хэмжээ байгаа. Энэ салбарт нэлээн ч хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч эдгээр арга хэмжээнүүд хэрэгжсэн үү, үр дүнгээ өгсөн үү гэдэг асуудал тодорхойгүй байгаа. Тийм учраас жижиг, дунд үйлдвэр, ноос ноолуур, арьс шир, мах боловсруулах үйлдвэрлэл дээр дорвитой хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Гадаадаас авч байгаа урт хугацааны хөнгөлөлттэй зээлүүд, бондуудын хөрөнгийг оруулах шаардлагатай болов уу. Түүнээс биш 50-100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хаанаа ч хүрэхгүй. Дор хаяж 400-500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж босгомоор байна шүү дээ. Мэдээж төрийн байгууллагууд сайн ажиллаж байгаа байх л даа. Гэхдээ үр дүн алга байна. Энэ асуудлаар салбарын төрийн бус байгууллагууд, компани пүүсүүд ажлаа эрчимжүүл гэж шахаж шаардаж байна.
-Гадаад худалдааг дэмжсэн бодлого, түүний хэрэгжилтийн тухайд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?
-Монгол Улс НҮБ-ын гишүүн. Маш олон оронтой худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүдтэй, дипломат харилцаатай. Харамсалтай нь гадаад худалдаа, экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулсан улсын хэмжээний нэгдсэн бодлого, бие даасан хууль алга. Нэгтгэн хариуцсан яам, агентлаг ч алга. Жишээ нь, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт ХХААЯ-нд, тээвэр ложистик нь Зам тээврийн яам, аялал жуулчлал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэх зэргээр тус тусынхаа салбарын яаманд хамааралтай байна. Аялал жуулчлал бас л гадаад худалдааны нэг хэлбэр шүү дээ. Тэгвэл үүнийг цогцоор нь зангидах хэрэгтэй. Зангидсан Засгийн газрын бүтэц, нэгдсэн бодлого байхгүй учир өнөөдөр гадаад худалдааг хөгжүүлнэ, экспортыг нэмэгдүүлнэ гэж ярихад маш хэцүү. Тухайлбал, Японтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж хоёр талын татварыг бууруулаад өгчихлөө. Гэтэл манайд энэ асуудлыг хариуцсан нэгж алга. Уг нь хэлэлцээрийн хэрэгжилтийг өдөр тутам хариуцаад явдаг нэгж байх хэрэгтэй. Энэ нэгжийг байгуулахыг Япон болон олон улсын байгууллагуудаас шаардаад байна.
Нүүрсэн дээр л гэхэд нэг цонхны бодлого хэрэгжүүлж, бирж байгуулах асуудал байна. Монголын уурхайнуудын олборлож байгаа нүүрсний чанар, агуулга янз бүр. Өндөр агуулгатай чанартай нүүрсээ өндөр үнээр, бага агуулгатайгаа дундаж үнээр зармаар байна. Бид хэчнээнийг олборлов, хэдийг ачив, хэдийг хил гаргав гэдэг тоон дээр маргалдаад сууж байгаа. Энэ хяналт байна уу. Тийм учраас цаашид төрийн өмчит компаниудын эрдсийн бүтээгдэхүүний борлуулалтыг ил тод, экспортын гэрээ хэлцлийг тендэрийн зарчмаар хийдэг баймаар байна. Ганцхан монголчууд, хятадууд биш олон улсад нээлттэй тендер зарламаар байна. Мөн ганц нүүрс бус “Эрдэнэт” болон “Оюу толгой”-н борлуулж байгаа зэсийн баяжмалыг нээлттэй тендер зарлаж борлуулах хэрэгтэй. Хаалттай яваад байж болохгүй. Монгол Улс зах зээлд шилжээд 30 жил боллоо. Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн шүү гэдгээ мартаж болохгүй.
Хоёрдугаарт, манай гадаад худалдаа, экспортын ихэнхийг хоёр хөрштэй хийж байна. Нийт экспортын 60 гаруй хувь нь Хятад улс. ОХУ руу таван хувь гарч байна. Харин импортын 40 гаруй хувийг бензин шатахуун гээд ОХУ-аас авчихаж байна. Гэтэл Монгол Улсаас Москва болон Бээжинд суугаа Элчин сайдын яамдад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан нэгж, орон тоо алга. Ингэж бизнес хийх үү. Яахав ОХУ-ын зарим хот, Япон зэрэг оронд худалдаа, эдийн засаг хариуцсан орон тоог Засгийн газар батлаад өгчихсөн. Гэвч хүнээ тавихгүй байна. Хүнээ тавьбал худалдааны мэргэжлийн хүмүүс тавимаар байна шүү дээ. Хатуухан хэлэхэд, манай Гадаад харилцааны яам худалдаа, эдийн засгийн асуудал дээр дорвитой ажиллаагүй. Төрөөс гадаад худалдааны салбарт баримтлах цогц бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх ажил хийгээгүй. Шинэ Засгийн газарт Гадаад харилцааны сайд нь гадаад худалдааны туршлагатай хүн учир үүн дээр дорвитой ахиц гаргана гэж найдаж байна.
-Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт хийж буй зарим компани үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж чадалгүй экспортоо зогсоох асуудал их гарч байна. Ялангуяа хоёр хөршийн импортын татвар хэт өндөр байгаа нь манай компаниудад хаалт болж байна?
-Экспортод бүтээгдэхүүн гаргахын тулд үйлдвэрүүд хэвийн ажиллах хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, бага хүүтэй зээлийн асуудал тулгамдаж байна. Хоёрдугаарт, бид экспортод гаргаж байна л гэдэг болохоос гурав дахь зах зээл рүү гаргаж чадахгүй байна. Үүнд тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй байна. Мөн экспорт худалдааны хориг саадыг хөнгөвчлөх асуудал байна. ОХУ-ын импортын татвар л гэхэд 30-40 хувь байх жишээтэй. Үүнийг бид олон жил ярьж байна. Бууруулж чадахгүй байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд хориг саадыг бууруулах талаар ажиллаж байна. Энэ ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй.
Нөгөө нэг чухал асуудал бол дээр хэлсэнчлэн гадаадад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан нэгж байхгүй учир компаниуд зах зээлд нэвтрэхэд хүндрэл байна. Европын холбоо, Япон, Өмнөд Солонгос, АНУ ба Канадын зах зээлийн эрэлт хэрэгцээ, ямар барааг ямар нэр төрлөөр авах уу гэдгийг сайн судлахгүйгээр, урьдчилсан худалдах худалдан авах гэрээ хийхгүйгээр үйлдвэр байгуулчихаж байна. Гэхдээ зориг гаргаж хөрөнгө мөнгө гаргаад үйлдвэр байгуулаад явж байгаа хувийн хэвшлийг буруутгаж болохгүй. Тэд хичээж байна. Гоо сайхан, жимс чацаргана, арьс шир, гутал, ноос ноолуур зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулж экспортолж байна. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Ялангуяа, манай гадаадад сууж байгаа Элчин сайдын яамд компаниудыг төлөөлж ажиллах шаардлагатай байна. Экспортоо хурдацтай хөгжүүлж байгаа Өмнөд Солонгос, Чех, Словак зэрэг улсууд гадаад худалдаа экспортыг дэмжсэн агентлагуудтай байдаг. Нэгдсэн бодлоготой байдаг. Монгол Улсын хувьд экспортын нэгдсэн бодлого алга. Экспортын чиглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг төрөлжүүлээд санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг нь яаж бэлдэх, түүхий эдийг хаанаас хангах, тээвэр ложистикийг хэрхэн шийдвэрлэх, гадаад зах зээлд яаж гаргах гэсэн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна .
Нэг хэцүү асуудал нь манай экспортлогчид гадаад зах зээл дээр хоорондоо өрсөлдөж байна. Тэгж байж таарахгүй. Хамтарч ажиллах хэрэгтэй. Нэг цонхны кординацыг хийхгүй бол жижиг орон дотроо өрсөлдөөд байвал хэцүү. Харин махыг дулааны аргаар боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн хийж гаргавал өгөөж нь илүү.
-Дотооддоо үйлдвэрлэх боломжит бүтээгдэхүүнүүдийн импортыг хязгаарлах бодлого явуулах нь үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг суурь болох боломжтой юу?
-Үндэсний үйлдвэрийг хөгжих боломжийг хомс болгож байгаа нэг хүчин зүйл нь хэт их импорт. Ялангуяа, бүх орны брэнд бүтээгдэхүүнүүд манайд ороод ирчихсэн байна. Тийм учраас импортын татварыг нэмэх бодлого явуулах хэрэгтэй. Япон улс өөрийнхөө хүнсний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг, үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авдаг зан заншилтай. Энэ амьдралын арга ухаанд манайхан сурах хэрэгтэй. Үнэн хэрэг дээрээ брэнд гээд байгаа бүтээгдэхүүнүүд яг оргиналиараа Франц, Англиас орж ирэхгүй байгаа. Дандаа дамжаад Азийн орнуудаас орж ирээд байна. Тэгээд их үнэтэй. Хоёрдугаарт, дотоодод үйлдвэрлэх бүрэн боломж байхад хэчнээн төрлийн архи дарс, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бараа орж ирж байна вэ. Тэгэхээр Монголдоо үйлдвэрлэх боломжтой, импортын хамгийн их жин дарж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл дээр төрийн яамд, төрийн бус байгууллагууд үнэлгээ хийгээд импортын зохицуулалтыг сайжруулах, тодорхой болгох хэрэгтэй байна.
Г.БАТЗОРИГ
Сэтгэгдэл (1)
Зочин (127.0.0.1)
Энэ Д.Галсандорж , Отгочулуун хоёр л мэдэмхийрэн уул уурхайн эдийн засгийн талаар чалчиж байдаг юм Олигтой идей энэ 2 дурак-аас гарахгүй л дээ