ОХУ Монголын нутгаар дайрах "Сибирийн хүч-2" төслийг онцоллоо

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг ирэх долоо хоногт товложээ. Энэ нь түүний албан тушаалаа авснаас хойших төрийн анхны айлчлал юм. Тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Иг Монгол Улсад айлчлахад нь уулзсан бөгөөд өдгөө 14 хоногийн тусгаарлалтад байгаа аж. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Москвад хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах юм. 

 

Талууд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн талаар голлон ярилцах аж. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргахыг зорьж байна. Байгалийн хий дамжуулах хоолой нь Монгол Улсын хувьд 30 жилийн турш хүлээлттэй байсан төсөл юм. Энэхүү төслийн хэлэлцээрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд ОХУ-д хийсэн айлчлалынхаа үеэр баталгаажуулжээ.

Хэрвээ “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг Монголоор дамжин өнгөрүүлбэл, ОХУ-аас хамгийн богино маршрутаар БНХАУ-ын төв бүсийг байгалийн хийгээр тогтвортой хангах боломжтой. Ташрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Умардын урсгал-2” төслийн хүрээнд Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллерийг өчигдөр хүлээн авч уулзжэз. А.Миллер АНУ-ын хоригт ороод буй уг олон улсын чанартай төслийн үйл явцыг Кремлийн тэргүүнд танилцуулсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин "Өнөөдөр энэ гол сэдэв биш. Бидний дотоод асуудал, “Газпром”-ын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ярилцах хэрэгтэй байна. Мөн Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн төсөлд тодорхой анхаарал хандуулах хэрэгтэй" гэснийг ОХУ-ын хэвлэлүүд онцолжээ. 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)