Д.Миняа: Энэ жил борлуулалтын цэгийг 800-1000 болгох учраас хүндрэл гарахгүй
- 2020-09-22
- Үнэн
- 0
“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняатай ярилцлаа.
-“Таван толгой түлш”компанийн хоёр дахь үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулах вэ?
-Энэ жил баруун болон зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, нийслэлийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах зорилготой байна. Баруун бүсийн хувьд дөрвөн үйлдвэр, 12 шугамтай хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шугамуудыг шинэчлэн засварлах ажлыг хийж өвлийн бэлтгэлээ хангаад байна. Зүүн бүсийн үйлдвэрийн хувьд нэг шугам ажиллаж эхэлсэн. Тус үйлдвэрээс сайжруулсан түлшийг борлуулалтын цэг болон хангамжийн бааз руу татаж байна. Зүүн бүсийн хоёр үйлдвэр, зургаан шугам ирэх арваннэгдүгээр сараас хэвийн ажиллаж эхлэх хүлээлттэй байгаа.
-Энэ өвөл нийслэлийн таван хороо нэмэгдэж, сайжруулсан түлш хэрэглэхээр болсон. Сайжруулсан түлш нөөцлөх ажил хэр явж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд 84 мянга орчим тонн түлшийг нөөцөлсөн байна. Энэ бол нийслэл хотын сар гаруйн хэрэгцээг хангана гэсэн үг. Өвлийн ид хүйтний ачааллын үед нэмэлтээр нэн шаардлагатай болохоор гаргаж ирэх зорилгоор түлш нөөцлөх ажил үргэлжилж байна. Энэ жилийн хувьд хангамжийн 30 бааз нээж ажиллуулахаар төлөвлөсөн. Хангамжийн баазаараа дамжуулж, дүүрэг болгонд сайжруулсан түлш нөөцөлж, шуудайлах ажлыг явуулах юм. Энэ жилийн хувьд агаарын чанарыг сайжруулах бүсийг тэлж, нийслэлийн алслагдсан таван хороог энэ жилээс нэмсэн. Сонгинохайрхан дүүргийн 21, Баянзүрх дүүргийн 20, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны 9600 орчим айл өрх болон цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд өнөө жилээс шахмал түлш хэрэглэнэ. Тэгэхээр нийтдээ хотын төвийн зургаан дүүргийн 99 хорооны 200.000 орчим айл, аж ахуйн нэгжийг Толгойт дахь үйлдвэр шахмал түлшээр хангана. Налайх, Багануурыг зүүн бүсийн үйлдвэрээс хангана. Үүний дунд хангамжийн 30 бааз ажиллаж, борлуулалтын цэгт түлшийг шуурхай хүргэх учраас ямар ч хүндрэл гарахгүй.
-Өнгөрсөн өвөл хэдэн тонн сайжруулсан түлшийг иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн бэ?
-Баруун бүсийн үйлдвэр өнгөрсөн жил хоногт 2500-3500 орчим тонн сайжруулсан түлш нийлүүлж, иргэдийн хэрэгцээг хангаж байсан. Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд борлуулалтын цэгээс түлшээ авч байлаа. Энэ жилийн хувьд аж ахуйн нэгж, “Тавантолгой түлш” компанитай гурвалсан гэрээ байгуулан үйлдвэрээс шууд авах боломжийг олгож байгаа.
Энэ жил 2800 орчим аж ахуйн нэгж, айл өрх манайхаас шахмал түлш авахаар болсон. Нийслэлийн Захирагчийн алба “Тавантолгой түлш” компани тухайн аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана гэсэн үг.
-Сайжруулсан түлш нөөцлөх агуулахын хангамж хүртээмж хэр байдаг вэ?
-Энэ жил иргэн, аж ахуйн нэгжээс сайжруулсан түлш нөөцлөх 30 орчим томоохон хэмжээний агуулахыг түрээсэлсэн. Үүнээс гадна жижиг хэмжээний агуулахуудад түлш нөөцөлж байгаа. Агуулахын түрээсийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцан ажиллаж байна.
-“Тавантолгой түлш” компани ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
-Баруун бүсийн үйлдвэрт 1500 орчим ажилтан ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нээгдсэнээр мөн тооны иргэдийг ажлын байраар хангана.
-Өнгөрсөн онд борлуулалтын цэгүүдэд түлш савлах ажилчин олдохгүй байсан шүү дээ.Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Энэ жил борлуулалтын цэгүүдэд савлагааг хийхгүй. Өнгөрсөн жил 200 борлуулалтын цэгт савлагааны ажлыг явуулсан. Энэ жилийн хувьд дээр дурсан 30 орчим хангамжийн бааздаа савална. Өмнөх жил борлуулалтын цэгт ажилласан савлагааны ажилчдаа хангамжийн баазад ажиллуулна.
-Ажилчдынхаа эрүүл ахуйн байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Баруун бүсийн үйлдвэр өнгөрсөн жил тоосжилт ихтэй байсан. Энэ жилийн хувьд тоосжилтын эсрэг арга хэмжээг авч ажилласан. Ажилтнуудаа жилд 1-2 удаа эрүүл мэндийн үзлэг оношилгоонд тогтмол хамруулдаг.
-Шинээр сайжруулсан түлш хэрэглэх айл өрхүүдэд түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт зохион байгуулж байгаа гэсэн. Иргэд хэр идэвхтэй оролцож байна вэ?
-Тухайн хороонд амьдарч буй иргэдэд “Сайн” картаа олгосон. Энэ жилийн хувьд манай компани хэрэглэгчдэд үйлчлэх алба ажиллуулж байна. Тус албанд 1000 орчим хяналтын ажилтан ажилладаг. Хяналтын нэг ажилтан 200 орчим айлыг хариуцаж, угаарын хийнээс сэргийлэх, зөв галлагаа зэрэг заавар зөвлөгөө өгч, зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах зэрэг ажлыг хийх юм. Энэ мэтчилэн тэр айлын бүх эрсдэлийг шалгаж, сануулж, зөвлөгөө өгч байна. Яндангаа хөөлнө гэдэг нь гэр бүлийн гишүүдээ аюул ослоос урьдчилан сэргийлэх том боломж юм. Мөн өнгөрсөн жил нийслэлээс тараасан угаарын хий мэдрэгчээ эргүүлэн ашиглаж, зайг нь солих зэрэг ажлыг зохион байгуулах шаардлагатай. Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө гэр орноо дулаалах, зуух яндангаа хөөлж, засч сайжруулах зэрэг ажлыг хийх шаардлагатай. Улсаас хэн нэг нь ирээд засч янзлаад өгнө гээд хүлээгээд суух шаардлагагүй шүү дээ.
-Сайжруулсан түлш худалдан авах картын дүн өөрчлөгдөх үү?
- “Сайн” картаар нэг айл өрх долоо хоногт зургаан шуудай түлш авах боломжтой. Энэ бол дийлэнх айлд хүрэлцээтэй. Өнөө жилийн хувьд нэг зүйл өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, илүү их галлагаа шаардлагатай томоохон хэмжээний орон сууцтай айл өрхүүд картынхаа хэмжээнд нэмэлт хийлгэж болно.
Манай хяналтын албаны ажилтнууд судалгаа авч байгаа. Уг судалгаагаар долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцдэггүй айл өрхүүдэд нэмэлт түлш олгох боломжийг бий болгоно.
-Энэ жил яндан хөөлөгч бэлтгэх сургалт явуулсан. Яндан хөөлөх нь тийм чухал зүйл үү гэж зарим иргэн гайхаж байна?
-Энэ зуны хувьд хур бороо ихтэй байлаа. Тиймээс айл өрхийн яндан битүүрсэн байх магадлалтай. Тэгэхээр галлагаагаа модоор эхлүүлж, зууханд үүссэн чийгийг арилгах хэрэгтэй. Ингэсний дараа сайжруулсан түлшээ ашиглаж болно. 200 мянга гаруй айл өрхийн янданг бүгдийг нь бид хөөлнө гэвэл энэ өвлийн хугацаа хүрэхгүй. Гэхдээ бид зорилтот бүлэг буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү хандаж, янданг хөөлж, зуухны битүүмжлэлийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор 1000 гаруй айл өрхөд хүрч үйлчилсэн. Тиймээс өөрсдийн эрүүл аюулгүй байдлын төлөө яндангаа хөөлөх хэрэгтэй. Яндангаа хөөлснөөр агаарын таталт маш сайжирдаг. 9,10 дугаар сарын үед гадна, дотно орчны агаарын хэм маш ойролцоо байдаг. Энэ үед иргэд угаартах эрсдэл өндөртэй. Өвлийн улиралд гадна, дотно орчны хэм эрс өөр байдаг болохоор угаартах эрсдэл бага. Түүнчлэн зарим иргэн гал түлчихээд зуухаа аваад өрхөө бүтээчихдэг. Энэ бол байж болохгүй зүйл.
-Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн айл өрхийг түлшээр хангах ажлыг зохион байгуулах уу?
-Нийслэлийн Халамж үйлчилгээний газрынхан манайхаас түлш авч эмзэг бүлгийн айл өрхөд олгох ажлыг зохион байгуулж байна. СХД-ийн 22,33 дугаар хороонд түлш олгох ажлыг зохион байгуулсан. Энэ ажил нь ирэх сарын сүүл хүртэл үргэлжилнэ.
-Борлуулалтын цэг хүртээмжтэй байх уу?
-Өнгөрсөн жил нийслэлд 400 орчим борлуулалтын цэгийг ажиллуулсан. Энэ жилийн хувьд 800-1000 борлуулалтын цэгтэй болохоор ажиллаж байна. Эхний ээлжинд өнгөрсөн жил бидэнтэй хамтарч, найдвартай ажилласан цэгүүдээ нээхээр төлөвлөж байгаа. Сүүлийн хугацаа нь аравдугаар сарын 1 гэхэд бүх борлуулалтын цэгийг нээсэн байхаар зохион байгуулалт хийж байна.
-Борлуулалтын цэгт ажиллаж буй иргэд өмнө нүүрс зардаг байснаасаа орлого буурлаа гэх гомдол гаргаж байна уу?
-Ганц нэг тийм асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэвчлэн борлуулалтын цэгийг ажиллуулж буй иргэдийн хувьд ирээдүй хойчийнхоо төлөө агаарын бохирдлыг устгаж үгүй хийхэд гар бие оролцож байгаадаа баяртай байдаг. Хүнд мөнгөнөөс илүү чухал зүйл бий шүү дээ.
- Борлуулалтын 1000 цэгтэй болохоор ажиллаж байна гэж ярилаа. Өнгөрсөн жилийн хувьд төлбөрийн асуудлаас болж түлш ирэхгүй байна гэсэн асуудал үүссэн. Энэ тал дээр ямар зохицуулалт хийх юм бол?
-Өнгөрсөн жилийн хувьд сайжруулсан түлш хэрэглээнд гарсан эхний он байсан болохоор дутагдалтай зүйл их байлаа. Эхлээд түлшээ цэгүүддээ тараагаад дараа нь санхүүжилтээ авдаг дараа төлбөрт систем хэрэгжсэн. Харин энэ жилээс урьдчилсан төлбөрт системд шилжиж байгаа. Өнгөрсөн жил зарим нэг борлуулагчийн төлбөр тооцооноос болж цалин цаг тухайд нь өгөхгүй байна гэсэн асуудал байсан.
-Үнийн хувьд өмнөх жилийнхээс нэмэгдэх үү?
-Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байдаг. Тэндээс сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 мянган төгрөг, шуудайг нь 3750 төгрөгөөр борлуулна гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр өмнөх жилийнхээс үнэ нэмэгдэхгүй гэж ойлгож болно.
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)