Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
- 2020-09-22
- Эдийн засаг
- 0
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.21/ Ховд аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.
Уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхлэв. Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналаас тоймлон хүргэж байна.
Ховд аймгийн иргэн Н.Сэнгэдорж:
“…Эх орон, төр засаг маань их хэцүү байна. Хэцүү байна гээд орж байгаа орлого, төсвийг харахаар одоогоос арван жилийн өмнөх төсөвт орж байсан хөрөнгө, арваад их наяд төгрөг хаашаа ороод байдаг юм бэ? Энэ чинь ард түмэндээ хүрэхгүй байна аа. Үүн дээр төр засаг маань анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.”
Ховд аймгийн иргэн С.Базар:
“…Монгол Улсын Ерөнхийлөгч ингээд орон нутгаар явж, хөдөлмөрчидтэй уулзаад, санал бодлыг нь сонсож, ирээдүйн ажил, хөгжилд тусгах гэж байгаад нь үнэхээр баяртай байна. Урьд өмнө нь ч ийм ажлыг сайн хийдэг байсан. Таныг энэ асуудлыг санаачилж байгаад баяртай байна.”
Ховд аймгийн иргэн Б.Жавзмаа:
“…Бид /ТОСК-ийн/ байранд ороод дөрвөн жил болж байна. Биднийг анх энэ байранд ороход түрээсээ төлж байгаад хувьчилж, өөрийн болгоно гэсэн шийдтэй байсан. Саяхан ТОСК-ийн ажилтан ирж, энэ байрыг өмчилж хувьчлах талаар яригдсан. Ингээд өмчилж хувьчлахад манай энэ байрны квадрат метрийн үнэ нь дэндүү өндөр байна. Манай энэ Ховдод, орон нутагт саяаас дээш үнэтэй байр байхгүй ээ. Гэтэл квадрат метр нь нэг сая хоёр зуун тавин мянга гэж байгаа юм. Бидний хувьд энэ бол дэндүү өндөр үнэтэй байна.”
Ховд аймгийн иргэн Цэвээнравдан:
“…Үндэсний төмөр замын асуудлыг санаачилж, ажлыг бодитой өрнүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байгаагаа ховдчуудын өмнөөс хэлмээр байна. Энэ төмөр замын бүтээн байгуулалт шийдэгдсэнээр Монгол Улс дэлхийд тусгаар тогтнолоо баталгаажуулж, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж байгаа. Монгол Улсын хэмжээнд бүх хүн ашиг шимийг нь хүртэх ийм сайхан ажил болж байгаад талархалтай байна. Энэ эхлүүлсэн ажлаа ойрын таван жилд бүрэн дуусгаж, үр шимийг нь монголын ард түмэн хүртэх хугацааг ойртуулахын тулд ихээхэн санаачилга гаргаж, ажиллах байх гэж улам их найдаж байна.
Монгол Улс, тэр дундаа баруун бүс бол Алтайг тойрсон дэлхийн хэмжээний хамтын ажиллагаанд оролцох түүхэн боломжийн цаг хугацаанд ирлээ. Өөрөөр хэлбэл Алтайг тойрсон автозам баригдаж дууслаа. Тухайлбал, бид энэ замаар ачаа тээвэрлэхээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж гарч ирж байна.
Ер нь Монгол Улсад болж байгаа юм зөндөө байна. Болохгүй юм бүр их байна. Тэр дундаа Монгол Улсад хэтэрхий их улстөржилт бий боллоо. Сонгуулийн тогтолцоо маань болохгүй байна. Одоо бүх шатанд сонгогдож байгаа хүмүүс сонгогдохын тулд заавал юм тараадаг. Энэ бол авлигын суурь асуудал болоод байна. Ямар нэг эд зүйл, гурил будаа, төмпөн сав, нүүрс түлээ тараадгийг хуулиар хоригломоор байна.
Дээр нь Монгол Улс хүн ам цөөтэй орон. Намуудад хэт хуваагдсанаас болоод ид хөдөлмөрийн насны хүмүүсийн нэг хэсэг нь гудамжинд гардаг, нөгөө хэсэг нь ээлж ээлжээрээ хоолонд орж байгаа юм шиг байдаг. Энэ байдал Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулаад байна. Тийм учраас бүх хүнийхээ хүчин зүйлийг, хүчин чадлыг Монгол Улсынхаа төлөө ашигладаг тогтолцоог бүрдүүлэхийн төлөө манлайлал гаргаж ажиллахыг Ерөнхийлөгчөөсөө хүсье.”
Ховд аймгийн иргэн Долгор:
“…Хамгийн түрүүнд юу хэлэх гэж байна вэ гэхээр гурван ерөнхийлөгчийн үед хийгээгүй юмыг хийж, ахмадуудын тэтгэврийг тэглэснээрээ та онцлог Ерөнхийлөгч боллоо. Тийм учраас ахмадуудын өмнөөс танд баяр хүргэе.
Оффшорын мөнгийг авчирч монголын иргэдийг өр зээлгүй болгоно, зээлийг нь хаана гэсэн. Хамгийн түрүүнд ахмадуудаа баярлуулж, тэднийг баярлуулах юмыг хийлээ. Одоо оффшорын мөнгийг авчирч, Ковид-19 гэх энэ аюултай өвчний эсрэг зарцуулах эсвэл өвөрмөц, том хэмжээний бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт би итгэж байгаа.
Мөн цар тахал хэцүү байсан үед Та хил залгаа БНХАУ-д очиж, 30 мянган хонь бэлэглэсэн. Би тэр үед АНУ-д байсан. Энэ үйл явдал дэлхий нийтийн анхааралд орж, чихийг нь дэлдийлгэсэн, үнэхээр үр дүнтэй сайхан ажил болсон шүү.
Өнөөдрийн энэ ярилцлага их сайхан үр дүнтэй болж байна. Үг хэлэх цагийг минутаар таслаад, энд тэндээс дарга нар уурлаад байдаг. Гэтэл та тайзан дээрээ ард иргэдийнхээ төлөөллийг тайзан дээр суулгаад, жинхэнэ ард түмний ерөнхийлөгч шиг, ийм сайхан уулзалт хийж байгаад талархаж байна.”
Ховд аймгийн иргэн Хүлэгбоорчи:
“… Залуу хүнийхээ хувьд Та бүхний сонорт хэдэн зүйл хүргэе. Нэгдүгээрт, монголын боловсролын систем сүүлийн хэдэн жилд дандаа туршигдаж ирсэн. Дөрөв, дөрвөн жилээр туршилт болсон. Аливаа зүйл туршигдах тусмаа сайжирдаг байтал манай боловсролын систем улам муудсан. Энэ цаг үед кэмбрижийн боловсролын систем гээд их эрчимтэй яригдаж байна л даа. Манай улс өөрийн гэсэн боловсролын системтэй болоод тэрийгээ тууштай хэрэгжүүлж байж үр дүнг нь үзмээр байна. Боловсролын систем бол гурав, дөрвөн жилийн дараа биш наанадаж арав, цаанадаж хорин жилийн дараа үр дүн нь гарч ирдэг. Фэйсбүүкээр харж байхад монгол бичгээр яадаг юм бэ, англи хэлтэй кэмбрижийн боловсролын системийг хүүхэддээ заалгая, дэлхийд гарахад хэрэгтэй, дэлхийн соёлыг судлахад хэрэгтэй гэж бичсэн байдаг. Тэрэн шиг худлаа юм байхгүй. Бид толгой сэгсэрч уншдаг кирилл бичиг биш, толгой дохиж уншдаг монгол бичгээ судлах ёстой. Монгол бичгийг хүүхдэд бага ангиас нь заамаар байна.
Өөрийн гэсэн эрдэмтэд, мэргэдээ цуглуулаад, Хэл, шинжлэлийн хүрээлэн байгуулаад, тодорхой хүмүүсээр боловсролын системийг зохион байгуулуулж, тэрийгээ тууштай хэрэгжүүлж байж олон жилийн Монгол Улсын боловсон хүчин бий болно.
Дараагийн хэлэх зүйл бол үндсэрхэг үзэл гэдэг зүйл аливаа улс оронд заавал байх ёстой. Одоо энд сууж байгаа бүх хүний гурав, дөрвөн настай хүүхдүүд телевизээр “Тобот”, Японы аниме үзэж байгаа. Оронд нь сувгуудтайгаа гэрээ байгуулаад Гэсэр, Жангарыг бага ангид нь үзүүлээд, дараа нь Монголын нууц товчоог хүүхэлдэйн кино болгож үзүүлээд гаргаад ирэх юм бол тэр хүүхдэд үндсэрхэг үзэл шингэнэ.”
Ховд аймгийн иргэн Баттулга:
“…Ипотекийн зээл залуучуудад асар хүнд тусаж байгаа. Зээлийн хүүг нь арифметик прогрессоор буюу дээд хязгаарыг тогтоож өгөөд, эхний таван жилд нь багаасаа дээшээ найман хувь хүртэл өсөх чиглэлээр бодож болдоггүй юм уу? Зүрх шимширмээр байгаа шүү дээ. Зээлээ эргэн төллөө, 90 хувь нь хүү, 10 хувь нь үндсэн зээлээс хасагдана. Энийг Та бүхэн бодож үзээд доороосоо дээшээ өсөх нөхцөлтэйгөөр, үе шаттайгаар, хязгаар заасан байдлаар ипотекийн зээлийг олгож өгнө үү.”
Сэтгэгдэл (0)