Д.Баасан: Эдийн засаг хүндэрсэн ч оны хоёрдугаар хагасаас зарим ахиц гарч эхэлсэн
- 2020-09-23
- Үнэн
- 0
Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, гол үзүүлэлтүүд ямар байгаа талаар Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ны статистикч Д.Баасантай ярилцлаа.
-Энэ оны эхний найман сарын байдлаар улс орны эдийн засагт гарч буй өөрчлөлт юу байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар, түүний тархалттай холбогдон олон улс, манай орны хувьд ч нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. “COVID-19” вирус тархаж эхэлсэн цагаас манай улсын Засгийн газар, УОК-оос хилийн хориг тогтоох зэрэг хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд өнөөг хүртэл дотооддоо халдварын тархалтыг барьж чадсан нь сайн хэрэг. Гэвч үүнийг дагаад экспорт, аялал жуулчлалаас олох орлого эрс буурсан буюу бүр мөсөн зогссон байдалтай байна. Үүнтэй холбогдоод эдийн засгийн бүх салбар өмнөх саруудад бууралттай гарсан. Дотооддоо хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсролын болон урлаг, соёлын салбар ч зогсонги байдалтай боллоо. Оны эхний хагас жилд эдийн засаг хүнд байсан ч хоёрдугаар хагасаас зарим салбар хөдөлж эхэлснээр ахиц гарч байна. Тухайлбал, гадаад худалдаа нэг тэрбум ам.доллараас давж, ашигтай гарсан. Гэхдээ өмнөх оны үетэй харьцуулахын арга байхгүйг та бүхэн ойлгож байгаа байх.
-Улсын төсвийн орлого, зарлага бас харьцангуй их зөрүүтэй болж улмаар төсөвт тодотгол хийсэн. Гэхдээ алдагдлын хэмжээ арай л өндөр болсон байх, тийм үү?
-Улсын төсөв оны эхний найман сарын байдлаар 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан нь оны эцэс хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа юм. Үүнээс гадна мөнгө зээлийн хувьд байдал сайнгүй байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хугацаа хэтэрсэн зээл 1.1 их наяд, чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрч 15.6-2.8 хувиар нэмэгдсэн байхад хэвийн зээл 7.1 хувиар буурсан байх жишээтэй.
-Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ ханш харьцангуй тогтвортой байв уу. Энэ нь иргэдийн худалдан авах чадвартай ч холбоотой байх?
-Наймдугаар сард хэрэглээний бараа үйлчилгээний индекс 2.1 хувьтай байлаа. Тэгэхээр харьцангуй тогтвортой байсан гэж үзэж болно. Харин инфляцын түвшин өнгөрсөн оны наймдугаар сард 8.9 хувьтай байсан бол энэ онд 2.1 хувьтай байгаагаас ч үүнийг харж болох юм. 2019 оны дундуур махны үнэ маш өндөр байсан нь сүүлийн таван жилд ажиглагдаагүй өсөлт байлаа. Энэ онд боломжийн байсан гэж хэлж болох байх. Өмнөх сартай харьцуулбал тээврийн болоод бараа үйлчилгээний үнэ ханш нэг хувиар буурсан нь үүнд нөлөөлжээ. Гадаад худалдааны хувьд дэлхийн 139 улс оронтой худалдаа хийснээр бараа эргэлт 7.9 тэрбум ам.долларт хүрсний 4.5 тэрбум нь экспортын бүтээгдэхүүн байлаа. Ийнхүү нэг тэрбум ам.долларын ашигтай гарахад нүүрсний экспорт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Энэ нь өмнөх саруудтай харьцуулахад сайн үзүүлэлт боловч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 900 гаруй сая ам.доллароор буурсан дүн юм. Харин алтны экспорт энэ онд 3.3 дахин өсч, 802.2 сая ам.долларын орлого олжээ.
Импорт 638 сая ам.доллароор буурсан байна. Манай улсын тухайд автобензин, дизелийн түлш, суудлын болон ачааны авто машины худалдаа голлох байр суурийг эзэлдэг ч бүгд бууралттай гарлаа. Ер нь жилдээ 90-ээд мянган тээврийн хэрэгсэл импортолдгийн 70 орчим мянга нь суудлын автомашин байдаг.
-Энэ жилийн хувьд бензин шатахууны үнэ бага боловч хямдарсан нь эдийн засагт хэр нөлөөлсөн бэ?
-Бензиний үнэ энэ оны дөрөвдүгээр сараас литр тутамдаа 250-300 төгрөгөөр буурсан нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад нөлөөлсөн гэж үзэж болно. Энэ нь зөвхөн нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ч тодорхой нөлөө болсон. Тийм ч учраас тээврийн бүлэгт тодорхой хэмжээний бууралт ажиглагдлаа.
-Танай байгууллагаас “Коронавирус ба эдийн засаг” сэдэвт тандалт судалгааг сар бүр хийдэг болсон. Түүний дотор “COVID-19” айл өрхийн амьдрал, орлого, зарлагад хэрхэн нөлөөлж байгаа дүнтэй байна вэ?
-Төр, засгаас коронавирусийн эсрэг авч явуулж буй арга хэмжээ айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлж буйг сар бүр судалж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд тэглэх, хойшлуулах, хил гаалиар оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний хил гаалийн болон НӨАТ-ыг хойшлуулах, ажлын байраа хадгалж байгаа компанийн ажилтанд 200 мянган төгрөгийн урамшуулал олгох зэрэг арга хэмжээг авсан. Мөн хүүхэд бүрт сар болгон 100 мянган төгрөгийн тэтгэмж олгох зэрэг нь мөнгөн дүнгээрээ тус дэм болж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд айл өрхийн зарлага нь орлогоосоо илүү байдаг болохоор иргэн хүний амьдралд мэдэгдэхүйц нөлөөтэй гэж хэлэх аргагүй. Аж ахуйн нэгжийн хувьд тавдугаар сараас хойш тандалт судалгаа аваад шинжилгээ хийхэд судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа хэвийн бус гэж тодорхойлсон байгаа юм.
Төр засгаас зээлийн хүүг багасгах, татварын дарамтыг бууруулах талаар илүү дорвитой ажил хийж, хурдан шуурхай шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгтэй олонх нь санал нэгдсэн. Тэдний 60-аад хувь нь санхүүгийн байдал хүндэрсэн, үйлчилгээний байгууллагын үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсан гэх зэрэг бэрхшээлийг дурдсан байдаг.
Үүний хажуугаар аж ахуйн нэгж дотоод нөөц боломжоо дайчлан ажиллагсдаа дэмжих, гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах, зарим тохиолдолд цалинтэй чөлөө олгох зэргээр арга хэмжээ авч байгаа юм билээ. Гэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах, хорио цээрийг багасгах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байна. Саяхан Засгийн газар, Улсын онцгой комиссоос шийдвэр гаргаж, хилээ нээхээс бусад хориг цээрийн дэглэмийг цуцалснаар үйлдвэрлэл үйлчилгээ, соёл урлаг, боловсролын салбарын үйл ажиллагаа хэвийн горимдоо орж, эдийн засаг ч сайжрах болов уу гэсэн хүлээлттэй байна.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)