Зам засварын тендерийг өвөл зарладаг болгоё
- 2020-09-23
- Топ сэдэв
- 0
Жил бүрийн есдүгээр сард цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхэлж, эцэг эхчүүд, оюутан сурагчдын хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Яг үүнтэй зэрэгцэн сэхээ орж, ажилдаа ханцуй шамлан ордог салбар нь автозам засварын компаниуд байдаг. Иргэдийн амралт, зугаалга дуусч ажилдаа орж эхэлтэл, зам засварын албаныхны ажил дөнгөж эхэлдэг хэвшилтэй. Намрын ид ажлын үеэр түгжрээнээс гадна иргэдийг бухимдуулдаг нэг асуудал нэмэгддэг нь зам засвараас үүдэн зарим хэсгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах явдал юм. Энэ жилийн тухайд ч асуудал дахин сөхөгдөв.
Тун удахгүй аравдугаар сарын 15-нд бүх бүтээн байгуулалтын ажил дуусах ёстой. Гэтэл “Баянгол дүүрэг, XIII хороо Өргөөгийн гудамжны автозамыг энэ сарын 23-наас ирэх сарын 02-ыг хүртэл хааж, автозам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, эгнээ тусгаарлах хашлага суурилуулах ажил хийнэ” гэж Нийслэлийн автозамын хөгжлийн газраас даваа гаригт мэдээллээ.
Уг нь есдүгээр сар гарч хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө бүх зам засварын ажил дуусч, жолооч нар ямар ч чирэгдэлгүйгээр зорчих ёстой. Гэтэл энэ жилийн тухайд аравдугаар сар гарах гэж байхад нийслэлийн зам засварын ажил 70-80 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од “Хэвтээ тэмдэглэл буюу явган хүний гарцын цагаан зураас болон гэр хорооллын холбоос замын хучилтын явц 80 хувьтай үргэлжилж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 156 гудамжинд 38 мянган метр квадрат авто замын нөхөөсний ажлыг өнгөрсөн амралтын өдөр эхлүүлсэн. Ойрын хугацаанд буюу аравдугаар сарын 10-ны дотор нүхэн гэмтлийг засч дуусахын тулд зам засварын ажлыг орой, өдрийн цагаар ээлжлэн хийж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Дарь-Эхийн зам болон Эрчим хүчний гудамжны авто замыг нээхээр ажиллаж байсан. Гэвч бороо их орсон учраас зам засварын ажил удааширч, тэмдэг тэмдэглэгээ байршуулах ажил үргэлжилж байна” гэж ярьсан юм. Энэ зун 45 хоног бороо орсон нь ажлаа хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй төрийн албан тушаалтнуудад өөрсдийгөө өмөөрөх бас нэгэн шалтаг болоод байна.
Дарь-Эхийн авто замын засварын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Долоо хоногийн өмнө ирэхэд наймдугаар сарын 27-нд замын засварыг дуусгаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн боловч тодорхой шалтгаануудын улмаас төлөвлөсөн хугацаандаа амжаагүйд иргэд бухимдаж байна. Бороо орсны улмаас замд чийг орчихоод хатааж байж хучилтаа хийх шаардлагатай болсон тухайгаа иргэдэд мэдээлэх ёстой. Хучилтын ажлыг хийхдээ иргэд болон ажилчдын аюулгүй байдлыг хангаж, өнөө шөнөдөө багтаан хийж дуусгахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра болон гүйцэтгэгч компанийн ажилчдад үүрэг болгож байна” хэмээн энэ сарын 4-нд мэдэгдэж байв. Гэтэл аравдугаар сар гарах гэж байхад зорчих хөдөлгөөнийг нээсэн ч Дарь- Эхийн зам засварын ажил үргэлжилсээр байна.
Дарь-Эхийн энэ замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгээгүй. Тиймээс Баянзүрх дүүргийн 27-р хороо, II хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 10-ны хооронд тус хэсгийн замыг хаах шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ мэтчилэн жил бүрийн намар ид ажлын үеэр эхэлж, нэг хэсэгтээ дуусдаггүй зам засварын ажлын цаана тендерийн асуудал сөхөгдөнө. Тухайлбал, Дарь-Эхийн 3.3 км авто замын шинэчлэлтийн 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зургадугаар сарын 17-нд зарлажээ. Уг нь тендерийг тухайн оныхоо нэгдүгээр сарын нэгнээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд зарлах эрхтэй байдаг. Гэтэл зургадугаар сард тендерийг нь зарлачихаад долдугаар сард нь зам засварын ажлаа эхлүүлчихээд наймдугаар сард нь дуусга гэж шаарддаг нь ямар учиртайг Ж.Батбаясгалан таниас асуумаар байна.
Мөн Ажилчны гудамжнаас Сонсголонгийн автозам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны зургаан км авто замын хөдөлгөөнийг зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 10-ны хооронд хаах шийдвэр гаргасан ч одоо хүртэл засварын ажил дуусаагүй. Энэ сарын 25-нд зорчих хөдөлгөөнийг нээнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээлсэн. Энэ замын шинэчлэлтийн зураг төсөл хийлгэх 90 сая төгрөгийн өртөг бүхий тендерийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас тавдугаар сарын 1-нд зарласан байдаг. Үүний дараагаар Эрчим хүчний гудамжны гурван км авто замын шинэчлэлтийн ажлын 3.8 тэрбум өртөгийн тендерийг долдугаар сарын 7-нд зарлажээ. Харин өнөөдөр хааж байгаа Баянгол дүүргийн XIII хорооны зам засварын өргөтгөл, шинэчлэлтийн тендерийг тавдугаар сарын 15-нд зарласан байна.
Үүнээс гадна Налайхын 20.9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам, урагшаа хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20.9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Дэлхийн олон улсад гарсан цар тахалтай холбоотой автозамын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд тусгаарлагдаад ажлын талбар дээр гарч эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Налайхын 20.9 км автозамын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлуудыг хийнэ. Ажлын явцад автозамыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэж энэ сарын 14-нд мэдээлсэн юм. Налайх-Чойр чиглэлийн 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын зөвлөх үйлчилгээний ажлын хоёр тэрбумын өртөг бүхий тендерийг гуравдугаар сарын 19-нд зарлажээ. Ийн зам засварын ажил дөрөвдүгээр сард эхэлсэн байдаг. Тиймээс зам засварын ажил өнөөг хүртэл дуусаагүй учир Налайхын автозамыг энэ сарын 15-наас ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаана. Гэтэл авто замын бүтээн байгуулалтын ажил аравдугаар сарын 15-нд зогсох ёстой. Ийн хугацаандаа амжиж ажлаа амжуулж чадаагүй буруугаа нэг хэсэг нь бороо руу, нөгөө хэсэг нь цар тахлын хөл хорио руу чихэж сууна.
Зам засварын тендерийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зарлах эрх нь нээгддэг байтал тавдугаар сараас хойш зарладаг нь ямар учиртай талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “Манайх мэдэхгүй” гэж нэг нэгэн рүү чихсээр, зам засварын тендерийн талаар мэдээлэл өгөх төрийн байгууллага олдсонгүй.
Харин бид цахим хуудсанд байршуулсан тендерийн зартай танилцахад дээр дурьдсанчлан ихэнх зам засварын тендер долдугаар сард зарлагдсан байна. Ийн тендерээ оройтуулж зарлачихаад их хэмжээний бороо эсвэл барилгын ажилчид тусгаарлагдсан гэсэн инээдтэй тайлбар хэлээд суумааргүй байна. Ингэж хойшлуулсан зам засварын ажлаас болж нийслэлийн олон мянган иргэн хохирч үлдлээ. Тиймээс зам засварын тендерээ өвөл зарладаг болъё. Тэгээд ажлаа хавар эрт эхэлье.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)