Манай улсын эдийн засаг 2009 оны хямралаас хойш анх удаагаа агшина
- 2020-10-02
- Эдийн засаг
- 0
Дэлхийн банкнаас бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг танилцуулав. Цар тахал Зүүн Ази, Номхон далайн бүс нутагт гурвангол сувгаар нөлөөлж байгаа аж. Тодруулбал, хорио цээрээс үүдэлтэй эдийн засгийн үр дагавар, цар тахлын шууд сөрөг нөлөө, хямралаас үүдсэн глобал эдийн засгийн уналт гэсэн байдлаар нөлөөлөл орж иржээ. Манай улсын тухайд энэ онд эдийн засаг 2.4 хувиар агшихаар байгаа аж. Энэ нь 2009 оны хямралаас хойш эдийн засаг анх удаагаа агших тохиолдол гэв. Харин бүс нутгийн эдийн засгийн төлөв 2021 онд харьцангуй өөдрөг байгаа аж. Тухайлбал, вирусийн эсрэг вакцин гарч томоохон улс орнуудын эдийн засаг сэргэнэ гэж үзвэл ирэх онд Хятад 7.9 хувиар, бүс нутгийн бусад эдийн засаг 5.1 хувиар өсөх төсөөлөлтэй байна. Гэсэн цар тахлаас өмнө төсөөлж байсан эдийн засгийн өсөлтийг 2023 он хүртэл үзүүлж чадахгүй юм байна. Ялангуяа Номхон далайн арлын улс орнуудын өсөлт 2021 он хүртэл хямралын өмнөх төсөөллөөс 10 орчим хувиар доогуур байх дүр зураг ажиглагджээ. Уул уурхай болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалт, хувийн хэрэглээний идэвхжилтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 2021-2022 онуудад таваас дээш хувиар өсөх төлөвтэй байна.
Цар тахлаас үүдэлтэйгээр бүс нутгийн ядуурлын түвшин сүүлийн 20 жилд анх удаа нэмэгдэх эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тахлын нөлөөгөөр 38 сая хүн ядуу хэвээр, эсвэл ядуусын эгнээнд шилжих эрсдэл үүсч болзошгүй байгаа аж. Иймд цар тахал ойрын жилүүдэд эдийн засагт сөргөөр нөлөөлж, ядуурлыг нэмэгдүүлэх эрсдэлээс сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авахыг Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланд онцоллоо.
Цар тахлын тархалтыг тогтоон барьж чадсан зарим орны эдийн засаг сэргэж байна. Гэвч бүс нутгийн эдийн засаг энэ онд ердөө 0.9 хувиар өсөхөөр байгаа нь 1967 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болох аж. Тодруулбал, БНХАУ-ын хувьд дотоод эрэлт сул байгаа ч улсын секторын хөрөнгө оруулалт болон экспорт нэмэгдэж, гуравдугаар сараас хойш халдварын дотоод тархалт харьцангуй хязгаарлагдмал байснаас шалтгаалан энэ онд эдийн засаг нь хоёр хувиар өсөх төлөвтэй байна. Харин бүс нутгийн бусад орнуудын эдийн засаг 3.5 хувиар агших төсөөлөлтэй байгаа аж. Гадаад эрэлт суларч, “КОВИД-19” цар тахлын эсрэг хорио цээрийн арга хэмжээ нь уул уурхай болон үйлчилгээний салбарт томоохон сорилт учруулах юм байна. Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд ДНБ-ийхээ дунджаар таван хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, айл өрхүүдийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Гэвч өмнө нь ДНБ-ийхээ 1 хувь хүрэхгүй хэмжээний хөрөнгийг нийгмийн хамгааллын хөтөлбөрүүддээ зарцуулдаг байсан зарим орнуудын хувьд нийгмийн хамгааллын зардлыг цаашид нэмэгдүүлэх боломж хомс байгаа бөгөөд цаашид дэмжлэгээ үргэлжлүүлэх тохиолдолд энэ нь төсвийн орлогын бааз суурьт нь дарамт үзүүлэх эрсдэлтэй байна. Манай улсын хувьд ч мөн цар тахлыг даван гарахтай холбоотойгоор нийгмийн халамжийг ихээхэн нэмэгдүүлж, хүүхдэд чиглэсэн халамж л гэхэд дөрөв дахин өссөн. Мөн өргөн хүрээтэй, олон чиглэлийг хамарсан арга хэмжээ авахгүй бол цар тахал бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дараагийн 10 жилийн турш жил бүр 1 нэгж хувиар ч бууруулж болзошгүйг тайланд анхааруулжээ. Ингэхдээ эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг тэр болгон авч чаддаггүй, орлого багатай, ажилгүй, ядуу айл өрхүүд хамгийн хүнд байдалд орох эрсдэлтэй хэмээсэн байна. Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар бүс нутгийн сурагчдын бодит түвшинд сурсан жил 0.7 жилээр хумигдахаар байгааг тайланд дурджээ. Ингэснээр бүс нутгийн сурагчдын ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүйг тооцсон байна.
Түүнчлэн, улсын болон хувийн секторын өр нэмэгдэж, банкуудын тайлан тэнцэл муудаж, тодорхой бус байдал нэмэгдэж байгаа нь эрсдэл дагуулж буй аж. Иймд хөрөнгө оруулалт маш чухал болохыг онцолсон. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын төсвийн алдагдал нэмэгдсэнээр 2020 онд Засгийн газруудын ДНБ-д эзлэх өр дунджаар 7 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Иймд шаталсан татварын системээр орлого төвлөрүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах замаар төсвийн реформыг хэрэгжүүлэхийг тайланд уриалжээ. Зарим улс орны хувьд өрийн тогтвортой байдалд эрсдэл учирч гадаад зээл, тусламж шаардагдаж болзошгүй байна.Үүнтэй холбоотойгоор нэн тэргүүнд анхаарвал зохих асуудлууд гэвэл боловсролын үйл ажиллагааг аюулгүй байдлаар үргэлжлүүлэх замаар хүмүүн капиталыг хамгаалах, татварын суурийг тэлснээр улсын хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, зарим хязгаарлалттай үйлчилгээний салбаруудын реформоор дамжуулан цахим технологийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай аж. Дашрамд дурдахад, Дэлхийн банкнаас хүн амын ядуу болон эмзэг бүлгийнхнийг хамгаалах, хүмүүн капиталыг хөгжүүлэх, ААН-үүдийг дэмжих, эдийн засгийн сэргэлтийг тэтгэхийн тулд дараагийн 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг 100 гаруй улс оронд үзүүлэхээр төлөвлөж байна. Үүнд олон улсын хөгжлийн ассоциацийн шинэ эх үүсвэр болох 50 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээлүүд хамаарах аж.
Г.БАТЗОРИГ
Сэтгэгдэл (0)