Улаанбаатар хотын тойрог замуудыг байгуулна
- 2020-10-06
- Сурталчилгаа
- 0
Улс орны хөгжлийн зүтгүүр, чирэгч нь авто зам байдаг. Улс орноо ирээдүйд хөгжүүлье гэвэл өнөөдөр зам тавих ёстой гэдэг хэллэг ч бий. Өөрөөр хэлбэл, аливаа улсын хөгжил цэцэглэлт, сайн сайхан нийгмийг авто замгүйгээр төсөөлөхгүй боломжгүй гэсэн үг. Монголчууд анх “Мянганы зам” төсөл хэрэгжүүлж, 21 аймгийг нийслэл Улаанбаатартай хоттой хатуу хучилттай авто замаар холбосон. Энэхүү “Мянганы зам” төслийн хамгийн сүүлийн хэсэг болох Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замыг өнгөрөгч зургадугаар сард ашиглалтад оруулсан юм.
Тэгвэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд зөвхөн улсын маань нийслэл Улаанбаатарт шинээр 156.53 км авто зам баригдаж, 164.07 км замын өргөтгөл, шинэчлэлт хийжээ. Ингэснээр Улаанбаатар хот нийтдээ 1160 орчим км авто замтай болсон юм. Мөн 2111 урт метр гүүрийг шинээр байгуулж, 569.9 урт метр гүүрийн өргөтгөл шинэчлэлт хийлээ. Үүнээс гадна өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийт 75.24 км дугуйн замын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Онцолбол, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлыг хийж, 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос замын хөдөлгөөнийг нэвтрүүлж эхлэв. Мөн Сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий боллоо.
Үүнээс гадна Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол Улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг 2019 оны зургадугаар сарын 16-нд нээлээ. Түүнчлэн Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нээж, сүүлийн 60 гаруй жил хийгдээгүй Налайхын замыг Уурхайчдын зам хэмээн нэрлэсэн юм. Энэ бол зөвхөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотод хийгдсэн авто зам, гүүрний томоохон ажлын тойм дүн юм.
Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Нам 2020 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө нэг төвт бөөгнөрлөөс олон төвт тогтвортой хөгжил бүхий нутагшил суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэхээр дэвшүүлсэн байна. Хотын төвлөрлийг сааруулах хүрээнд шинэ хотууд байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Их тойруу, Сэлбийн хурдны болон захын дэд төвүүдийг холбосон тойрог замууд барихаас гадна Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулж, “Шинэ Зуунмод хот” шинэ хотын бүтээн байгуулалтыг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн “Их Майдар” хөшөөт цогцолбор, үйлдвэрлэл, аялал жуулчлалын томоохон байгууламж, их дээд сургууль төвлөрсөн, Майдар эко шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Био-Сонгино, Туул-Шувуу, Партизан-Жаргалант Гацуурт зэрэг тосгон суурингуудыг нано-биотехнологи, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжүүлэхээс гадна ноос ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалт, тээвэр логистик, бөөний худалдаа, хүнсний жижиг дунд үйлдвэрлэл төвлөрсөн Эмээлт-Аргалант шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эдгээр шинэ хотуудыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл саарч, хотын нийгэм-эдийн засаг, дэд бүтцийн ачаалал буурах болно. Гэхдээ эдгээр хотыг орчин үеийн стандарт хангасан авто замаар холбох нь чухал юм.
Сэтгэгдэл (0)