Допинг хэрэглэсэн бөхчүүдэд ногдуулах хариуцлагыг шударга болгоё

Дахиад л допинг. Жил бүрийн намар бөхчүүд би хэрэглээгүй, чи хэрэглэсэн гэж хоёр талцдаг хөндүүр сэдэв энэ намар бас л өрнөв. Гэхдээ авууштай нь тэд допинг илэрснийг мэдэгдсэн даруйд хүлээн зөвшөөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтээс уучлалт гуйсан. Үүнийг бөхийн хорхойтнууд сайн жишиг гэж байгаа ч допинг илэрсэн нь хамгийн муу мэдээ. 2019 оны наадмын түрүү бөх, улсын аварга Э.Оюунболдоос дөрвөн төрлийн бодис илэрч байсан. Харин Ардын хувьсгалын 99 жилийн ойгоор зургаа давсан арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нараас гурван төрлийн бодис илэрлээ. Б.Бат-Орших ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Р.Пүрэвдагва гэмтэлдээ уусан эмнээс нь допинг илэрснийг мэдэгдсэн.

Тэгвэл нэг төрлийн бодис илэрсэн Н.Батсуурь аварга өөрийгөө бусдад хорлогдсон гэх  утгатай тайлбар хийсэн билээ. Өнгөрсөн жил түрүү бөхөөс, энэ жил үзүүрлэсэн бөхөөс допинг илэрсэн нь хамгийн том эмгэнэл гэлтэй. Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг болоод 21 жил болжээ. Гэтэл 30 бөхөөс 31 удаагийн тохиолдол гарав. Улсын заан Б.Соронзонболд хоёр удаа допингийн шалгалтад бүдэрсэн. Допингтой нэр холбогдсон бөхчүүдээс аварга цолтой гурав, арслан хоёр, гарьд гурав, заан гурав, харцага гурав, аймгийн цолтой хоёр, сумын цолтой нэг бөх бий. Бусад нь начин. Гэхдээ бид допингийн сураг сонсохдоо ганц, хоёр сар идэвхтэй халаглаад өнгөрдөг гэмтэй. Ирэх жилийн наадмын өмнөхөн дахин хэд хоног сошиалаар “сэвнэ. Энэ нь Монголын хууль гурав хоногийн настай гэдэгтэй агаар нэг юм. Харин холбогдох албан тушаалтнууд уг сэдвийг зориуд хөндөж асуухгүй л бол амандаа ус балгасан мэт таг чиг. Ийм байдалтай 20 жилийг ардаа орхижээ.

 

Монгол бөхийг допингоос хэрхэн ангижруулах талаар хэн ч ажилладаггүй гэвэл үнэнд нийцэх биз. 21 жилийн турш допингийн шинжилгээ авахад есөн удаад нь л бөхчүүдээс допинг илрээгүй нь үүний баталгаа. 12 удаагийн тохиолдол илрэхдээ 2002, 2003 оныг эс тооцвол бусад жилд 2-5 бөхөөс ёс юм шиг допинг илэрдэг болсон.

 

Үүнтэй тэмцэх ажилд оромдсон сэтгэлээр хандсаар байвал бид жил бүр допингтой бөх үзэж, өөрсдийгөө хуурах нь. Допинг илэрлээ, зарлалаа, хариуцлага тооцсон болоод өнгөрлөө. Яг л ийм дүр зураг давтагдсаар байна. Баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хасах, эсхүл шинээр авсан цол, чимгийг нь хураах гэсэн заалттай. Гэтэл допинг хэрэглэсэн 30 бөхөд харилцан адилгүй хариуцлага оногдуулсан байдаг. 2002 онд дархан аварга А.Сүхбатаас анаболик стероид гэх бодис илэрч, баяр наадмын комиссоос түүний чимгийг хураах шийдвэр гарч байв. Тухайн үед А.Сүхбат нь улсын аварга цолтой байсан бөгөөд их шөвөгт шалгарсан билээ. Гэвч тэрбээр допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. Түүнээс хойш допинг илэрсэн бөхчүүдээс гурван бөх начин цол хүртсэн ч түүнийгээ хураалгасан байдаг. Харин эрхээ хасуулсан бөхчүүдийнх ч харилцан адилгүй. Улсын начин Б.Сугаржаргал л гэхэд зургаан сараар барилдах эрхээ хасуулсан байхад гарьд Ө.Бат-Орших, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүдийн эрхийг хоёр жилээр хассан юм. Тэгвэл 2018 оны наадамд шөвгөрсөн улсын гарьд Н.Ганбаатар, харцага А.Цацабшир, начин Ц.Бямба-Очир нараас допинг илэрсэн тул шинээр авсан цол, чимгийг нь хураагаад зогсохгүй барилдах эрхийг хоёр жилээр хасчээ. Товчхондоо Баяр наадмын тухай хуульд заасан хоёр шийтгэлийг хоёуланг нь оногдуулсан гэсэн үг. Энэ бол энгийн жишээ. Хэн нэгний таалалд нийцүүлсэн, харьцангуй шийтгэл оногдуулсаар өнөөдөртэй золголоо. Улсын аварга Э.Оюунболдын ч мөн цолыг нь хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасахаар төлөвлөсөн. Харин Э.Оюунболд аварга эсэргүүцсэнээр хэрэг нь өдгөө давж заалдах шатны шүүх дээр очсон. Э.Оюунболдын эсэргуүцэл “хол явж”, олон хүнийг хөлдөө чирэх шахаад буй. Гэхдээ шалгагдаж байгаа хэрэг тул түүний хөлд чирэгдэн байцаалт өгсөн хүмүүсийн нэрийг энд дурдахаа түр азная.

Дээрх бөхчүүдийн нэрийг дурдсан гол санаа нь допинг хэрэглэсэн л бол оноох шийтгэлийг хуульд тусгаснаар жигд оноох хэрэгтэйг сануулах гэсэн хэрэг.  Түүнээс биш нэг бөхийн цолыг хурааж байхад, нөгөөхийн барилдах эрхийг зургаан сараар хасдаг байж таарахгүй. Ийм харьцангуй шийтгэл онооход хэн ч эсэргүүцэх нь ойлгомжтой. Хэн нэгэнд таалагдаж, өндөр авахын тулд бусдыг золиослосон шийдвэр гаргадгаа Баяр наадмын комисс болиосой. Допинг хэрэглэсэн нь эцсийн байдлаар батлагдвал маргаан байхгүй. Цолыг нь хураах, барилдах эрхийг нь хасах зэрэг хуульд заасан зохицуулалтыг хийгээд явах нь тодорхой. Гэвч допинг хэрэглэснийг нь зарлахдаа ч, дараа нь арга хэмжээ авахдаа ч хуулиа дагаж мөрдөхгүй байсаар допинг байх ёстой зүйл шиг болчихлоо. Ямар сайндаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд шат, шатны шүүхээр зарга үүсгээд явж байх вэ.

 

ҮНДЭСНИЙ БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ХЭЛБЭРДЭЛТ

Төрийн албаны ажил ямагт удаашралтай байдгийн тод жишээг бид Баяр наадмын комисс, цаашлаад Үндэсний бөхийн салбар хорооноос харж болно. Энэ жилийн наадмаар гурван бөхөөс допинг илэрсэн гэдэг хариуг есдүгээр сарын 8-нд ирүүлсэн байдаг. Гурван бөхөд мэдэгдсэн даруйд хоёр нь хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйж, допинг илэрснээ хүлээн зөвшөөрсөн. Харин үүнээс хойш бараг нэг сарын дараа Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж тэргүүтэй албаныхан сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэл өгөв. Үнэндээ бүх зүйл ил болсон учир тэдний мэдээлэл огт сонин биш байлаа. Баяр наадмын комисс шийдвэр гаргаж, түүнийг нь танилцуулах болов уу гэсэн хүлээлт байсан ч өнөөх ужгирсан хуучин мэдээллээ давтлаа. Өнөөх л улиг болсон хууль, журмаа ярин тайлбарлаж байна. Бид XXI зуунд амьдарч, ажиллаж байхад шинэлэг байж болмоор. 40 нас шүргэж яваа шижигнэсэн залуус энэ салбар хороонд байдаг атал хэт удаашралтай ажиллаж байгаад гайхмаар. Нэгэнт олонд ил болоод, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн зүйлийг заавал 20- 30 хоног улиг болсон заалт ярьж хойшлуулалгүйгээр шуурхай ажиллаад сурчих хэрэгтэй юм, төрийн албаныхан. Үндэсний бөхийн салбар хороо ойрын үед дахин хуралдаж, дээрх бөхчүүдийн асуудлыг хэлэлцэх гэнэ. Ямар ч тов байхгүй. Ойрын үе гэдэг нь яг хэзээ вэ. Дараа нь Баяр наадмын комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн барина. Улмаар Ерөнхийлөгч зарлиг гаргана. Ингэж сунжирсаар шинэ онтой золгож таарах нь. Ганцхан бөхийн асуудлыг шийдчихэж чадахгүй хоёр дахь жилтэйгээ золгох гэж байгаа салбар хороог татан буулгаж, чаддаг, сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулмаар юм.

 

 

 

Төрийн ажлын хажуугаар бөхчүүдийн допингийн асуудал гэх “заваан” зүйлтэй зууралдаад завгүй байдаг бол эрх мэдлийг нь шууд Монголын үндэсний бөхийн холбоонд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тэдний үндсэн үүрэг нь үндэсний бөхийн хөгжил, бөхчүүдэд анхаарал тавих учраас төвөггүй хийчих биз. Бүх зүйл ил болсон хойно хэлбэр төдий хурал хийж, өөрсдийнхөө ч, сэтгүүлчдийн ч цаг завыг барах хэрэггүй болов уу.

 

 

 

Яг үнэндээ сэтгүүлчид та нараас шуурхай ажиллаж байна. Хэтрүүлбэл та нарыг мэдэхээс өмнө мэдээд, олон нийтэд зарлаж байх жишээтэй. Мэдээллийг хэн задруулав, хаана тагнуул байна гэж хайх хэрэггүй. Тэрний оронд өөрсийнхөө байгаа байдалд дүгнэлт хийгээрэй. Гурван бөхийн нэрийг олон нийтэд шууд ил зарласан учраас арга буюу тэд олон нийтэд хандаж, галыг намжаах арга хэмжээ авсан. Тиймээс ажил хийж буй нэртэй хэлбэрдэх хэрэггүй, шуурхай байя. Амьдарч буй зуунтайгаа хөл нийлүүлье, Бөхийн салбар хорооныхоон. Эсвэл их спорт биш, ядахдаа бүс нутгийн тэмцээн ч энэ төрлөөр явдаггүй юм чинь Японы сүмо бөх шиг шинжилгээ авахгүй байж болно. Нэгэнт допингтой барилдаад дийлэхээ больсон монгол бөхийг нэг ч үзэгчгүй болохоос өмнө ташраараа хэрэглэдэг, түүнийг нь зөвшөөрдөг байвал амар байна.

 

БӨХЧҮҮД АСУУДАЛД ХОЙРГО ХАНДАХАА БОЛЬЁ

Манай допинг илэрсэн бөхчүүдээс голдуу анаболик стероид, мельдониум илэрдэг. Тэгвэл энэ хоёр эмийг ямар зориулалтаар хэрэглэж болохыг харлаа. Анаболик стероид нь синтетик аргаар буюу лабораторид гаргаж авсан эр бэлгийн даавар “тестостерон” аж. Уг дааврыг нийлэг аргаар гаргаж авахдаа андрогены үйлчилгээг бууруулж, анаболитик идэвхийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэдэг байна. Дааврын нэмэлт бүтээгдэхүүнийг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Мансууруулах бодистой тэмцэх газраас “Гуравдугаар зэрэглэл”- ийн хориотой бодисын жагсаалтад оруулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэ нь яс, булчингийн уургийн нийлэгжэлтийг ихэсгэдэг болохоор нэмэлтээр авсан тохиолдолд булчингийн нөхөн төлжилт хурдан, бага ядардаг байна. 

 

Жирийн үед хүний булчин ядралаас буцаж төлжих сэргэлтийн хугацаа 48 цаг байдаг бол стеройд хэрэглэхэд хоёр дахин хурдасна. Мөн булчингийн масс хурдан томорно, өөх шатах процесс хурдасдаг учраас түргэн хугацаанд сайхан биетэй болох зорилгоор залуучууд хэрэглэх болжээ. Хамгийн гол нь, сөрөг үр дагаврууд нь удаан хугацааны дараа илэрдэг.

 

Ясны өвдөлт бууруулах, булчингийн нөхөн төлжилтийг сэргээх, гэмтэл, түлэгдэлт цус төлжилтийн хямрал, зарим бэлгийн сулралын үед гэх мэт эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед эмчилгээний тунгаар хэрэглэдэг.  Тэгвэл мельдониумыг зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Тэр утгаараа WADA ядралтыг багасгах агуулгаар буюу шударга бус аргаар бие махбодь, бодисын солилцоогоо эрчимжүүлэх боломжтой гэж үзэн, 10 жилийн өмнө түүний хэрэглээг хоригложээ. Мельдониум нь булчин дахь хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлснээр хүнийг эрч хүчтэй, тэвчээртэй байхад дэмжлэг үзүүлдэг аж. Н.Батсуурь аваргын шинжилгээнээс предизин илэрсэн бөгөөд уг бодисыг зүрхний өвчтэй хүмүүс хэрэглэдэг. Энэ мэтчилэн манай бөхчүүдээс илэрсэн бодисууд нь санаатай ч бай, үгүй ч бай булчинг сэргээх, хүч оруулах зэрэг үйлчилгээтэй учраас хамгийн багадаа 5-10 жилийн өмнө олон улсад хориглосон байдаг аж. Харин бөхчүүд үүнийг огт мэдээгүй мэтээр мэдэн будилдаг нь допингийн сургалт, мэдээ мэдээлэлд хойрго ханддагтай холбоотой юм. Үндэсний допингийн төвийн мэргэжилтний хэлснээр хориотой эмийн жагсаалтын талаар тамирчдад тогтмол мэдээлэл өгч, сургалт явуулдаг ч бөхчүүд идэвхгүй, хойрго ханддаг аж. Ийм атлаа “Бидэнд мэдээлэл өгсөнгүй, мэдээлэлгүйгээс болоод алдчихлаа” гэх зэргээр ард түмний өмнө өөрийгөө зөвтгөж, уйлан дуугарах хэрэггүй биз.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)