Туул голын урсацын шургах үзэгдлийн тухай
- 2020-10-08
- Өөр өнцөг
- 0
Нийслэлийн усан хангамжид Туул голын хөндийн 100 гаруй км уртын дагууд байгуулсан олон зуун худгаас авч ашиглаж байна. Урд өмнө тэмдэглэгдэж байгаагүйгээр Туул голын урсац хаврын гачиг үед Улаанбаатар орчимд 2-30 орчим км урт тасарч ширгэх явдал 1997, 1998, 2001, 2003, 2007, 2010-2012, 2015 онуудад 4-р сарын дундуур ажиглагдаж зарим үед дунджаар 3-31 хоногоор үргэлжилсэн байна. Иймд Туул голын урсац бүрдэх онцлог, сүүлийн жилүүдэд урсац багасаж, хомстож, тасарч буй нөхцөл байдал, шалтгаан, голын дагуух урсацын хуваарилалт, өөрчлөлтийг Туул голын сав газрын дунд хэсэгт судалж тогтоосон.
Туул голын дагуу ус судлалын улсын сүлжээний харуулуудыг оруулан, нэмэлт 4, нийтдээ 8 цэгт уртын дагуух хэмжилтийг 2008-2013 онуудын 6-р сард хийн боловсруулж урсацын алдагдлын хандлагыг гаргасан. Туул голын уртын дагууд сонгосон цэгүүдэд 6-р сард хийсэн хэмжилтийн дүнг нэгтгэн урсацын алдагдалд үнэлгээ хийхэд голын эхнээс Босгын гүүр, Туул-Тэрэлжийн бэлчрээр нэмэгдсээр Туул-Харзтайд Босгын гүүрнээс ойролцоогоор 2.5 дахин их урсацтай байна. Харин Туул-Харзтайгаас урсац аажмаар буурсаар Баянзүрхийн гүүр орчим ойролцоогоор 12%, Баянзүрхээс-Зайсанд 15 %, Зайсангаас-Био комбинатад 30 %, Биокомбинаас-Шувууд 10 %, харин Туул-Харзтайгаас-Туул-Шувууд ойролцоогоор 55 %-ийн алдагдалтай ирж байна. Туул-Шувуугаас Туул-Алтанбулаг хүртэл ойролцоогоор 30 % иар урсац нэмэгдэж байна.
Эндээс харахад Туул голын урсац бүрдэх хэсэг нь Харзтай хүртэл байх ба Улаанбаатар хотын ус хангамжийн Төвийн, Мах, Үйлдвэрийн, Яармагийн эх үүсвэрийн худгуудын орчмоор шургаж, урсацын алдагдал их байна. Урсацын дээр дурдсан алдагдлын хэмжээ дулааны улирлын турш нэлээд тогтвортой жигд байх бөгөөд өвлийн улиралд Гачууртаас дээш Тэрэлж Туулын бэлчрээс дооших хэсэгт зарим жилд харз үүсэх зэргээр байнгын гэхдээ услаг ба температурын горимоос хамаарч уртын дагууд нэлээд тогтворгүй илрэх урсацтай байна.
Уртын дагууд хэмжсэн өнгөрөлт /2008-2012/
Өвлийн улиралд газар доорх ус нь ямарч тэжээгдэлгүй болдог ба энэ үед газрын доорх усны ашиглалт зуны саруудынхаас бага зэрэг их байдаг. Газрын доорх усны хамгийн их бууралт хаврын эхэн үед ажиглагдах ба хугацааны хувьд тухайн жилийн өвөл, хавар, өмнөх жилийн зун намрын хур тунадас, агаарын температурын хэмжээнээс ихээхэн хамаарч өөр өөр байна. Иймээс зарим хавар Туул голын мөс хайлж урсч эхлэхэд Туул голын урсац Улаанбаатар хотын Төвийн, Мах, Үйлдвэрийн, Яармагийн эх үүсвэрийн худгуудын орчмоор шургаж байна. 4 дүгээр сарын сүүлч 5 дугаар сарын эхээр хаврын шар усны үер ажиглагдах боловч үргэлжлэх хугацаа, урсацын хэмжээгээрээ нэн бага болж байна. Шар усны үерийн дараа буюу энэ хугацааны үеэр нэвчилт ханасны дараа тасалдалгүй урсдаг.
Жишээ нь: газрын доорх усны буурсан эзлэхүүн 2012 оны хавар бусад жилтэй харьцуулахад хамгийн их байсан ба орлого зарлагын тэнцсэн өдөр дунджаас хожуу байна. Тухайн жил голын урсац 3-р сарын 27-оос 4-р сарын 27 хүртэл нийт 31 хоног шургаж тасалдсан ба хамгийн удаан ажиглагдсан. Мөн 2003 онд газрын доорх усны буурсан эзлэхүүн харьцангуй их ба орлого зарлагын тэнцсэн өдөр 2012 онтой ижил байна. Энэ онд голын урсац шургах үзэгдэл бусад жилээс харьцангуй их буюу 24 хоног ажиглагдсан. 2008 онд хэвийн хэмжээнээс их буурсан боловч шургах үзэгдэл ажиглагдаагүй байна. Энэ нь магадгүй тухайн жилийн хаврын хур тунадас, агаарын температурын нөлөөгөөр шургаагүй үзэгдэл ажиглагдаагүй байж болно.
Экосистемийн тэнцвэрт байдлыг цаашид урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд Улаанбаатар хотын ус хангамжийг газрын доорх болон гадаргын усны нөөцийн хосолсон эх үүсвэрээр тогтвортой хангах, Туул голын гачиг үеийн урсацыг нэмэгдүүлэх замаар хаврын улиралд нийслэл хот орчим тасарч, шургахаас сэргийлэх хэрэгтэй. Усны нөөцийн хомсдол, бохирдолтоос сэргийлэхийн тулд сав газар дахь гадаргын болон газрын доорх усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах, мэдээ, мэдээллийн боловсруулалтын чанарыг сайжруулах шаардлагатай байна.
ШУА-ийн ГГХ-ийн Усны нөөц ус ашиглалтын салбарь, Докторант, мэргэшсэн инженер, ЭШДэА Х.Бадарч
Сэтгэгдэл (0)