Н.Баасанхүү: Монгол Улсын хэмжээнд 820 мянган өрхийн 760 мянган өрх нь ямар ч хуримтлалгүй амьдарч байна

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.10.07/ Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн санал, хүсэлтийг тоймлон хүргэж байна.

Дундговь аймгийн иргэн Өлзийт:

“…Эмэгтэйчүүдийн зөвлөл гэдэг байгууллага аймагт орон тооны байдлаар ажиллавал их хэрэгтэй юм шиг санагддаг. Эмэгтэйчүүдийн зөвлөлийг яагаад орон тооны байгууллага болгож өгөөч гэж байна вэ гэхээр, өнөөдөр охид, хөвгүүдийн хүмүүжил дэндүү дорой байна. Дэндүү замбараагүй байна. Энэ асуудал дээр эмэгтэйчүүдийн зөвлөл их сайхан ажиллаж, залуус дэндүү сайхан хүмүүжилтэй байдаг байсан юм аа.

Хоёрдугаарт, манай орон их л өртэй орон болж байна. Гадаад явсан хүн бүр зээл аваад ирдэг байсан. Одоо тэр өрийг нь төлөх гэж улс орон ядарч байна уу даа гэж бодогдох юм.”

Дундговь аймгийн иргэн Баасанхүү:

“…Манай аймгийн хөгжил гаднаасаа эрэх юм байхгүй. Бид дотроосоо эхлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд бид үнэхээр арчаагүй амьдарч байна. Яагаад гэвэл бидэнд ямар ч хуримтлал алга. Тулсан шатахуунтайгаа алс замд явж байгаа аялагч шиг л амьдарцгааж байна. Бид одоо сэтгэлгээ, хандлага, өөрсдийгөө өөрчилж байж л амжилтад хүрнэ гэж хэлмээр байна. Та бүхэн бүгдээрээ хуримтлалтай болж, хүндрэл бэрхшээлийг даван туулаасай гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 820 мянган өрхийн 760 мянган өрх нь ямар ч хуримтлалгүй амьдарч байгаа. Тэр хүмүүсийн нэг хэсэг нь бид нар юм. Бид энэ бэрхшээлээс гарахын тулд хүн болгон хуримтлалтай болж, ирээдүйд, маргааш учрах эрсдэлийг өөрсдийн болгосон хуримтлалаар даван туулна шүү гэдгийг хэлмээр байна.”

Дундговь аймгийн иргэн Батбаяр:

“…Манай аймгийн нутагт 1994-2012 оны хооронд ураны туршилтын олборлолт хийсэн. Одоо олборлолтын үйлдвэр барих гээд бидэнд мэдээллээ өгөөд, бид баг, сумаараа үүнийг эсэргүүцээд явж байна. Ураны туршилтын олборлолтыг хийхдээ хүн, малын ундны усны дэргэд, 2-5 км зайд газрын гүний цэвэр ус руу хүхрийн хүчил их хэмжээгээр шахаж, ураныг уусган баяжуулах олборлолтыг олон жил хийсэн. Үүнийгээ нуусаар явж байгаад хэдэн жилийн өмнөөс энэ асуудал интернэтэд тавигдсан учраас өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Гүний усанд хүхрийн хүчил их хэмжээгээр шахсанаас болж ураны олборлолт хийсэн манай нутгийн байгаль орчин, хүн ардад хортой нөлөөлсөн гэж үзэж байгаа. Туршилтын олборлолтыг нууцаар хийж эхэлснээс хойш тэр нутагт хэдхэн хоногийн дотор мал хэдэн мянгаараа үхсэн тохиолдол гарсан. Ер нь мал арав, хориороо үхэх тохиолдол олон байдаг. 2005 оны тавдугаар сард олборлолт хийж байсан газар бороо орсны улмаас арваад хоногийн дотор мянга гаруй ямаа зэрэг үхсэн. Бид одоо хараат бус, олон улсын шинжилгээний байгууллага ажиллуулах хүсэлтэй байна. Шинжилгээний байгууллагуудын хийсэн шинжилгээ, эрүүл мэндийн талаарх дүн мэдээ, 500 гаруй хүний гарын үсэг, ургийн гажигтай малын шинжилгээ, зургийн хамт танд гардуулж өгье.”

Дундговь аймгийн Сайхан-Уул сумын иргэн Амарсанаа:

“…Манай сум энэ жил гантай байгаа. Оторчид дандаа хөөгдөж, туугдсан байдалтай байна. Анх удаа уулзаад ярихад аймгийнхаа нутаг дээр хөөгдөөд байгаа юм чинь цаашаа Дорноговь явбал бүр хэцүү байх гэж ярьж байсан. Яагаад гэвэл отор хийх тогтоосон жим гэж алга. Сайхан-Уул сумаар дамжаад Баянхонгор, Өвөрхангай талаас хаашаа яваагаа мэдэхгүй, уйлах шахсан малчидтай уулзаж байна. Малчид машиндаа амьдарцгааж, хаана өвөлжихөө мэдэхгүй явж байна. Хамгийн хэцүү нь тогтоосон жим байхгүй учраас дуртай газраараа яваад энд байгаа малчдынхаа малын хоолоос хороож, их хэцүү байна. Энэ байдлыг ойлгоод Засгийн газар, аймгийн удирдлагын зүгээс шийдвэр гаргаад, отор дайран өнгөрөх зам тогтоож өгөөч. Үүнийг Засгийн газарт уламжилж өгнө үү.”

Дундговь аймгийн иргэн Лхагваа:

“…Малчид ус, бэлчээртэй газраа олоод буудаг байсан. Одоо малчид бие биенээ хөөж, малтай хүнд очих газар байхгүй болжээ. Яагаад ийм ёс жудаггүй болж байна вэ?”

Дундговь аймгийн иргэн С.Угтахбаатар:

“…Саяхан Улаанбаатар хот түгжирч, тэг зогсолт хийлээ. Энэ асуудлыг би их, дээд сургуулиуд Улаанбаатар хотод төвлөрсөнтэй холбож ойлгодог. Зуны улиралд Улаанбаатарт очихоор түгжрэл бага байдаг шүү дээ. Тэгээд намар, өвлийн туршид түгжирдэг. Иймээс их сургуулиудыг орон нутаг, аймгууд руу нүүлгэх асуудал та ямар байр суурьтай байдгийг асуумаар байна. Жишээ нь, дуу хуурын өлгий Дундговь аймагт урлагийн сургуулийг авчирч болно. Үүнийг дагаад 500 оюутан, 200 багш ирнэ. Ингэхээр зах зээлийн хэрэгцээ, эргэлт нь бий болох юм болов уу гэж харж байна.”

Дундговь аймгийн иргэн Мөнхтөр:

“…Нэг үеэ бодвол аймаг, орон нутагт хөрөнгө оруулалт их ирж байна. Энэ их мөнгө хаашаа алга болоод байна вэ? Бүтээн байгуулалтыг чанаргүй хийж байна. Манайд хоёр тэрбум төгрөгөөр зам тавиад хэдэн жил болж байна. Ашиглагдах хугацаа нь болчихоод байхад ажил нь дуусдаггүй. Ийм учраас орон нутагт авлигатай тэмцэх асуудлыг дээрээс нь сайн хэлж өгөөч ээ гэж хүсэж байна.

Түүнээс гадна манай ард иргэдэд нэг сонин юм байна. Юмыг мэдсэн мөртлөө мэдээгүй юм шиг явдаг. Энэ асуудал бол үнийн өсөлт. Одоо юмны үнэ хязгааргүй өсөж байна. Өнгөрсөн жил 800 төгрөгөөр авч байсан талх өнөөдөр 1,800 төгрөгийн үнэтэй болчихсон байхад иргэд тоож байгаа юм алга.”

Дундговь аймгийн иргэн Баяраа:

“…Зөрчлийн хуулийн талаар санал хэлье. Надад хүн агсам тавиад, зодож нүдээд байхаар нь цагдаа дуудчихаар “та хоёр хоёулаа хэрэлдсэн байна. Хоёуланг чинь торгоно” гээд торгодог. Энэ Зөрчлийн хуулиар цагдаа дуудах боломжгүй болчихлоо. Олон зүйл байгаа, гэхдээ ганцхан жишээ нь энэ. Энэ хуульд өртөж байгаа нь хөдөө орон нутгийн малчид, хэдэн мотоциклтой хүмүүс л байна шүү. Үүнийг онцгой анхаарч өгөөч.”

Дундговь аймгийн иргэн Отгонбаяр:

“…Өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгч бидэнд нэмэгдсэн өртгийн албан татвар болон банкны зээлийн хүү хоёр оронтой тоо байгаа нь үнэхээр чанга байна. Банкны зээлийн хүүг нэг оронтой тоо руу шилжүүлж өгөх боломж байгаа юу? Зөвхөн бизнес эрхлэгч гэлтгүй иргэдэд ч гэсэн хүндхэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.”

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн асуултад хариулж, дүгнэж үг хэллээ. Энэ үеэрээ эмэгтэйчүүдийн нийгэмд оруулах хувь нэмрийн талаар санал хэлсэн иргэн Өлзийтийг онцолж, санал нийлж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “…Нэгдүгээр багийн ахмад настан, 82 настай Өлзийт гуай хэлэх үгээ бичиж гарч ирээд, манай төр, засгийн шийдвэр гаргагчдын ярьж баймаар үгийг өдий насандаа ярьж байгаа нь сайхан байна. Баяр хүргэе. Эмэгтэйчүүдийн зөвлөлийг орон тооны байлгах нь зөв, охид, хөвгүүдийн хүмүүжил доройтож байна гэсэн саналыг ахмадууд хэлж байна. Би санал нэг байна. Өнөөдөр хотод, орон нутагт эхчүүд, эмэгтэйчүүд өрх толгойлж байна. Нарантуул захын худалдагчдын 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Хүнсний салбарт эмэгтэйчүүд давамгайлж байна. Эрүүл мэндийн салбарт ч адилхан байна. Эмэгтэйчүүдтэй холбоотой олон санал ард иргэдээс ирсэн. Жишээ нь жилдээ нэг удаа Ерөнхийлөгчийн зарлигаар гардуулдаг алдарт эхийн одонг цар тахлын үеэр орон нутагт нь гардуулж өгөөч гэсэн санал ирсэн. Иймээс 21 аймгаар тойрч, эхчүүддээ одонг нь гардуулж байна. Энэ бол эхчүүдийн хувь нэмрийг үнэлж байгаагийн илэрхийлэл юм шүү” гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)