Монголын говиос үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ

Палеонтологичид шүдгүй, өд сөдтэй, урд мөчиндөө хоёр хуруутай үлэг гүрвэлийн ер бусын шинэ төрөл зүйлийг олж илрүүлжээ. Эдгээр үлэг гүрвэл нь гадаад төрхөөрөө аварга том тоть шувуутай төстэй байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.

Үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийн талаарх тайлбарыг “Royal Society Open Science” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Эдинбургийн их сургуулийн судлаач Грегори Фанстонагаар ахлуулсан эрдэмтэд Монголын говиос өдтэй үлэг гүрвэлийн маш сайн хадгалагдаж үлдсэн хэд хэдэн бүрэн бүтэн араг яс олжээ.  Шинэ төрөл зүйлийг Алтайн домогт гардаг Оксоко хэмээх гурван толгойт бүргэдийн нэрээр “Oksoko avarsan” хэмээн нэрлэсэн байна.

Энэ нь гавлын гурван ясыг хамтад нь олсонтой холбоотой бол нэрийн хоёр дахь хэсэг нь монголоор “аврагдсан” гэх утгатай бөгөөд олдворыг хууль бусаар малтлага хийгчдээс аварсан учраас ийнхүү нэрлэжээ. Судлаачид Оксоко нь хоёр метрийн урт биетэй, холимог тэжээлтэн амьтан байсан гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь 68 сая орчим жилийн настай аж.

Мөн одоогийн Монгол, Хятадын нутагт цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан гурван хуруут үлэг гүрвэл гэгддэг овирапторууд нэг хуруугаа алдсаны хамгийн анхны нотолгоо болжээ. Судалгаанд Их Британийн эрдэмтдээс гадна, Канад, Япон, Монголын судлаачид оролцжээ.

 

Эх сурвалж: www.sci-news.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)