И.Энхболд: БНСУ-д хамгийн хэрэгтэй улсын нэг нь Монгол
- 2020-10-13
- Байгаль орчин
- 0
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрхлэгч, солонгос судлалын сектор И.Энхболдтой ярилцлаа.
-Монгол- БНСУ хооронд дипломат харилцаа үүсээд 30 жилийн нүүрийг үзэж байна. Ер нь хоёр орны стратегийн түншлэлийн харилцаа ямар түвшинд байгаа вэ?
-Манай хоёр улс их гүрнүүдийн дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Энэ ч утгаараа нягт хамтран ажиллах хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал, Зүүн Хойд Азийн улс гэдэг утгаараа Зүүн Хойд Азийн интеграци аюулгүй байдал, эдийн засаг, улс төр болоод бусад шалтгаанаас үүдэлтэй хоёр улсын харилцаа нягтрах шаардлагатай байгаа юм. Мөн манай хоёр улс харилцан бие биенийгээ нөхсөн эдийн засаг, улс төрийн бүтэцтэй учраас энэ харилцаа нийгмийн шаардлагаар 30 жилийн турш хөгжиж ирсэн. Сүүлийн үед ардын дипломат ёс (ажиллагаа), соёлын харилцааны асуудлыг ярих болсон. Үүнээс гадна манай хоёр орон түүхэн хамтын ажиллагаатай байсан. Өөрөөр хэлбэл, МЭӨ 300 оны үед харилцаж байсан өнө эртний түүхтэй ард түмэн. Энэ утгаараа ч гэдэг юм уу 30 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа ахицтай хөгжиж ирсэн.
Дипломат харилцаа үүссэний 30 жилийн ойг угтаж хоёр улсын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэж хөгжүүлэх байсан болов уу. Гэхдээ энэ нь цар тахлаас үүдэж хойшлогдлоо гэж хувь судлаачийн зүгээс үзэж байна.
-Стратегийн түншлэлийн түвшинд хүрвэл хоёр улсын харилцаа яаж өргөжих вэ?
-Стратегийн түншлэлд хүрчихвэл виз чөлөөлөх талаар ярилцах, 100 сая доллараас дээш хөрөнгө оруулалттай аж үйлдвэр барих, хамтарсан чөлөөт бүс байгуулах, хоёр улс хамтарч Европын холбоо, АНУ-БНХАУ-ын зах зээлд гарах, цэрэг улс төр, аюулгүй байдлын чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бүр цаашлаад хоёр Солонгосын нэгдэлд хувь нэмэр оруулах, Зүүн Хойд Азийн интеграцийг эхлүүлэхэд хамтарч ажиллах гэдэг ч юм уу том том асуудлыг бид хүлээсээр ирсэн. Тиймээс цаашид улам хурдлуулах бодлого шаардлагатай байна.
Үүнээс гадна стратегийн түншлэлийн дагуу хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх асуудал яригдана. Нэгэнт стратегийн түншлэл байгуулахад урьдчилсан нөхцөлүүдээ хоорондоо тохирдог. Тухайн тохиролцоондоо ямар төлөвлөгөө оруулах, хэдэн жилээр, ямар ямар салбарт төлөвлөх зэргийг тохиролцдог. Үүний үндсэн дээр стратегийн түншлэлийн хэлэлцээр явагддаг. Тиймээс хоёр орны гадаад бодлогын түвшинд тохиролцоог хийх хэрэгтэй. Үүний нэг нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр юм. 2016 онд БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Ген Хэ манай улсад айлчлахдаа эдийн засгийн хэлэлцээр байгуулах урьдчилсан судалгааг эхлүүлж хоёр жилийн дараа дуусгасан. Уг хэлэлцээрийг БНСУ-ын талаас хүлээлгээд байгаа юм болов уу гэж харж байна. Учир нь БНСУ олон оронтой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулдаг. Энэ бүхэнд завдахгүй байгаа юм болов уу гэсэн судлаачийн байр сууринаас харж байна. Гэхдээ энэ нь цаг хугацааны асуудал. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдах байх.
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээрээс илүү хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, эрүү мэндийн хамтын ажиллагааны чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодгоороо давуу талтай.
-Хоёр Солонгосыг эвлэлдэн нэгдүүлэхэд манай улс чухал үүрэгтэй гэдэг. Та ч сая дурдлаа. Энд манай улс ямар оролцоотой ажиллах юм бэ?
-НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүн орнуудад ямар нэгэн байдлаар нөлөөлөх, хамтарч дэмжиж ажиллах, олон улсын томоохон механизмуудад бие биенийгээ нөхөж оролцох, мөн хоёр Солонгос нэгдэхэд жуулчлах, буруу зөрүү ойлголтыг засаж залруулах, итгэлцлийг улам бэхжүүлэхэд Монгол Улсын оролцоо зайлшгүй хэрэгтэй. Учир нь Зүүн хойдын бүс нутагт хоёр улстай хоёулантай нь найрсаг харилцаатай улс нь ганцхан Монгол. Тиймээс БНСУ-д хамгийн хэрэгтэй улсын нэг нь Монгол.
-Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн эргэлт хэр түвшинд байгаа вэ?
-Манай хоёр улсын худалдааны эргэлт 100-500 сая ам.доллларын хооронд хэлбэлздэг. Ихэвчлэн 200-400 сая ам.долларын түвшинд байдаг. Худалдааны эргэлтийн бараг 90 хувь нь импорт, 10 хувь нь экспорт байна. Экпортын дийлэнх хувийг жонш, молибденоос гадна ноос ноолуур, арьс шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын хувьд автомашин, хүнд механизм, кино урлаг, өргөн хэрэглээний бараа зэрэг байдаг.
Үүнээс гадна ОУВС-ийн өргөтгөсөн хэлэлцээрээр манай улс БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 770 сая ам.долларын зээл, тусламж авах тохиролцоонд хүрсэн. Үүний үр дүнд 10 аймагт дулааны цахилгаан станц байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах зэрэгт зарцуулагдахаар болсон ч тодорхой шалтгааны улмаас удааширсан байх.
-Хоёр улсын соёлын харилцаа ямар түвшинд байна?
-Улс төр, эдийн засгийн асуудал нь тухайн орны ашиг сонирхолд тулгуурлаж бий болдог. Соёл, түүх, урлаг болоод төрийн бус байгууллага, ард иргэдийн хамтын ажиллагаа нь үнэт зүйлд суурилж явагддаг. Үнэт зүйлд холбогдоно гэдэг нь ямар нэгэн улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоос гадна байж хэдэн зуун жил хадгалагдаж явдаг. Энэ харилцааг хамтын ажиллагааны түвшинд хөгжүүлбэл улс төр, эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, энгийн иргэдээс илүү БНСУ-д суралцан төгсөж ирсэн хүмүүс хоёр орны харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах гэж хичээдэг. Энэ нь үнэт зүйлийг илтгэж байгаа нэг хэлбэр. Үнэт зүйлд тулгуурласан хамтын ажиллагааг хөгжүүлбэл хоёр улсын харилцаа жинхэнэ стратегийн түвшинд хүрнэ гэж үзэж байна. Харин дан, эдийн засаг улс төрийн чиглэлээр хамтрахаар илүү савалгаатай, динамик шинжтэй байдаг. Мөн ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалж тасалдах эрсдэлтэй байдаг л даа. Өмнөд болон хойд Солонгостой манай улс үнэт зүйлийн харилцаатай байгаа учраас өдий хүртэл хамтарч ажиллаж байгаа юм.
-Манай улсын олон мянган иргэн суралцах, эмчлүүлэхээр жилээс жилд БНСУ-ыг зорьдог. Эрүүл мэндийн чиглэлд анхаарч, хамтарч ажиллах ямар боломж байгаа вэ?
-Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр БНСУ-тай худалдаа хийж эхэлснээс хойш манай улс хоёр тэрбум ам.долларын алдагдлыг хүлээсэн байдаг. Энэ нь зөвхөн худалдааны алдагдал. Үүнээс гадна эрүүл мэнд, боловсрол, казиногийн чиглэлээр ихээхэн мөнгө зарцуулдаг. Нэг хүн эмчлүүлэхэд дор хаяж арван мянган ам.доллар зарцуулж байна. Нөгөө талаас, манай улсын 48 мянган иргэн БНСУ-д ажиллаж байна. Энэ мэтээр хамтын ажиллагаа өрнөж байна. Харин манай улсын талаас эрүүл мэндэд хэр их мөнгө зарцуулж байна, худалдааны эргэлт хэр их байна гэх мэтийг хөндөх, анхаарч бодлоготой ажиллах хэрэгтэй.
Р.ХИШИГЖАРГАЛ
Сэтгэгдэл (0)