​Ч.Отгочулуу: Хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг дэмждэг сэтгэлгээний том өөрчлөлт хийхгүй бол явахаа болилоо шүү

Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн зөвлөх Ч.Отгочулуутай ярилцлаа. Бид хөгжлийн тухай ярихын өмнө ямар түвшинд байгаагаа хэмжиж мэдэх, дараагийн ахицыг харьцуулж харж сурах нь чухал юм. Энэ талаар Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төв сүүлийн 10 жилийн туршид жил бүр хангалттай судалгаа хийж, түвшингээ мэдэх, харьцуулж харах боломжийг бүрдүүлж өгсөөр ирсэн. Харамсалтай нь шийдвэр гаргагчид бодитой нөхцөл байдлыг харьцуулан харж, дүгнэлт хийж, бодлого боловсруулахаас илүүтэй сонгогч олонд таалагдах шийдвэрүүдийг барьж явснаар өнөөгийн хүндрэлийг үүсгээд байна.


-Улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлж, эдийн засгийн бага, дунд, урт хугацааны төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэхэд судалгаа ихээхэн чухал. Та Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн анхны захирлаар а ж и л л аж байсан хүн. Судалгааны ач холбогдлын тухай тайлбарлахгүй юу?

-Өрсөлдөх чадвар гэхээр аливаа улс үндэстэн эдийн засгийнхаа тамир тэнхээг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх боломж, чадавхыг хэлж байгаа юм. Хүнээр бол эрүүл, чинээлэг, урт насалж удаан жаргах чадварыг яаж бүрдүүлж байна вэ гэсэн үг. Улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ хоёр зарчмыг гол болгодог. Энэ нь эдийн засгаа өсгөхийн тулд ямар стратеги ашиглаж байгааг илтгэх юм. Өөрөөр хэлбэл, урих болон довтлох гэсэн хоёр стратеги бий. Урих гэхээр гадаадын хөрөнгө оруулалт, ноу хау, мэдлэгийг татах стратегийг хэлж байгаа юм. Ингэж гаднаас хүн урихын тулд бусад улс үндэстнүүдтэй өрсөлдөх хэрэгтэй болно. Жишээ нь, би хөрөнгө оруулагч байлаа гэхэд миний хөрөнгө оруулалтыг аль нь илүү сайн хамгаалж байна, тэнд үнэнч шударга менежер хэр олдох вэ, улс төрийн тогтвортой байдал нь хэр зэрэг гэдгийг харна шүү дээ. Тэгж байж би хаана хөрөнгө оруулахаа шийднэ. Энэ байдлаар урих стратеги дээр түшиглэж байгаа бусад орнуудын чадавхыг нь хэмжиж байгаа юм. Довтлох стратеги гэж бий. Энэ нь мэдээж ямар нэг байдлаар технологийн, эсвэл санхүүгийн давуу талаа ашиглаж байгаа хэлбэр. Шинэ зах зээл рүү оръё, шинэ ажлын байр нэмье гэж зорьж байна. Стратегийн байршлаа бий болгож өрсөлдөгч нараа шахаж гаргах байдлаар довтолж тоглодог. Үүний ард төрийнхөө бодлогыг чиглүүлж байгаа юм. Хамгийн том жишээ бол Япон, Өмнөд Солонгос байна. Мөн Герман бий. Автомашиныхаа зах зээлийг дэлхийд тэлэхийн тулд төр, хувийн хэвшил нийлж байгаад ажилладаг. Австрали, Канад зэрэг улс нүүрс, төмрийн хүдэр зэрэгт бодлого боловсруулж өрсөлддөг. Энэ чадавхуудыг хэмжиж байна. Цааш 300 гаруй үзүүлэлтээр задардаг. Мэдээж эрүүл байж хүмүүсийн бүтээмж сайн байна. Тэгэхээр энэ чиглэлийн, мөн хүний хөгжлийнх гэх зэргээр хэмжих маш олон үзүүлэлт байдаг. Тухайн улс нэг иргэндээ зарцуулж байгаа боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хүртэл харьцуулдаг. Манайд ДНБийг нийт дүнгээр нь харахаар боловсролын салбарт их мөнгө зарцуулаад байгаа мэт боловч нэг хүнд хуваагаад үзэхээр их хойшоо байна. Өөрөөр хэлбэл, зардлуудыг нь судлаад үзэхээр ихэнх нь барилга байгууламжийн а ш и г л а л т ы н з а р д а л , халаалтын төлбөр зэрэгт явж байдаг. Маш товчхон хэлбэл, бид дэлхий дээр улс үндэстнүүдтэй өрсөлдөхөд ямар стратеги баримтлах ёстой юм, хоёрдугаарт энэ стратегиа баримтлаад явж байхад юун дээр алдаж оноод байгааг гаргаж ирэхэд өрсөлдөх чадварын судалгаа хэрэг болдог.

-Танай байгууллагын 10 жилийн туршид хийсэн судалгааны дүнгүүдээс харж байхад манайд ямар үзүүлэлтүүд хамгийн их санаа зовоож байна вэ?

-Өрсөлдөх чадварын судалгааг гурван түвшинд хийж байна. Нэгдүгээрт, манай улс дэлхийн бусад улсуудтай харьцуулахад хэр байна. Хоёрдугаарт, нийслэл дотор дүүргүүд хоорондоо хэр өрсөлдөх чадвартай байна. Гуравдугаарт, аймгууд маань хоорондоо өрсөлдөх чадвар ямар байна гэсэн уялдаа холбоотой байдаг. Улсын түвшинд аваад үзэхэд Монгол Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа үзүүлэлтүүд улс төрийн болон засаглалын тогтворгүй байдал байдаг. Мөн сүүлийн үед авлига, шүүхийн хараат бус байдал гэсэн үзүүлэлтээр бид их ухарч байгаа. Түүнчлэн, хүний хөгжлийн индексээр их ухарч байна. Үүнээс гадна 1000 хүнд оногдох хорт хавдрын хэмжээ нэмэгдсэн. Энэ мэт цөөн хэдэн үзүүлэлт манайхыг их хойш нь татаж байна.

-Бид урих, эсвэл давших аль стратегийг баримталж байна вэ?

-Манай улс яг яаж хөгжих гээд байгаа нь тодорхойгүй байна. Гоё гоё тунхагийн баримт бичгүүд гардаг ч бид яг урих гээд байгаа юм уу, эсвэл давших стратеги ашиглах уу гэдэг нь ойлгомжгүй. Ихэнх нь гадагшаа довтолъё, уул уурхайн салбараар дэлхийд тэргүүлье гэж ярьж байгаа боловч тэр стратегийн барихад байх ёстой актив буюу нөөц боломж, чадавх манайд байхгүй. Тэгэхээр бидэнд сонголт их багатай. Бид урих стратегийг баримтлах ёстой. Гэтэл манайд нэг том саад бий. Тэр нь популизм. Дэлхийн ихэнх орон гадны хөрөнгө оруулалтыг татаж хөгжсөн байдаг. Манайх хөрөнгө оруулалт татаж байх явц дээрээ нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй байгаа учир хүнд байдал үүсдэг. Гаднаас хөрөнгө оруулалт татсан хүмүүсээ бүгдийг нь шоронд хийчихлээ. Нэр хоч өгөөд эх орны дайсан болгоод хувиргачихлаа. Хөрөнгө оруулалт үндсэндээ зогсоод сар болгон 100, 200, 300 сая ам.доллараар нь зээл тусламж авч байна шүү дээ. Энэ их буруу хандлага. Үүнийг зүүний популизм гэж хэлдэг л дээ. Латин Америкийн орнууд үүгээр явсан. Тэгээд бүгд дампуурсан. Тэгвэл Зүүн өмнөд Азийн бар орнууд бүсээ чангалаад гадны хөрөнгө оруулалтыг татах, урих стратегийг баримталсан. Манайх бол одоо яах гээд байгаа нь тун тодорхойгүй. Миний хувийн бодлоор урих стратегийг барих ёстой гэж үздэг. Үүнийг дагаад ажлын байр бий болгоно, ноу хаутай болно. Манай улс чинь анхны капитал байхгүй шүү дээ. Социалист улс байж байгаад л бүгд капитализм руу орсон. Баян гээд байгаа компаниуд бүгд өрөөр явж байна. Анхдагч капитал хуримтлал байхгүй учир урих стартеги баримтлахаас өөр аргагүй. Гэтэл үүнийгээ бид улс төр, нийгмийн түвшинд ойлгоогүй байна.

-Компанийн удирдлагуудтай уулзаж байхад, мөн Дэлхийн банкны сүүлд танилцуулсан тайланд ч тэр, манай улсад ажиллах хүчний нөөцийн асуудал маш хүнд боллоо гэж байна. Та бүхний судалгаанд ч энэ бүхэн туссаар ирсэн ч шийдвэр гаргагчид анзаарч харж, бодлогодоо тусгасан эсэх нь эргэлзээтэй. Энэ тухайд тодруулахгүй юу?

-Монгол бол харьцангуй залуу үндэстэн. Ихэнх хөгжингүй орнуудад хүн ам нь хөгширөөд төрөлт багасаад эхэллээ. Манайх эсрэгээр залуучууд ихтэй учир хүн амын өсөлт өндөр байна. Жил болгон олон залуу хөдөлмөрийн зах зээл рүү орж байна. Гэтэл тэдэнд чанартай амьдрахад хүрэхүйц хангалттай цалинтай ажлын байр алга. Энэ чинь хөрөнгө оруулалт байхгүй байна гэсэн үг шүү дээ. Одоо банкууд дээр зээл гарахгүй байна. Энэ нь хөрөнгө оруулалт явахгүй байгаагийн нэг илрэл. Гэтэл нөгөө талд төр данхайгаад байдаг. Энд тэнд хуралд очиход дэд сайд, орлогч дарга, дэд ерөнхийлөгч гэх зэргээр өчнөөн олон албан тушаал бий болж байна. Зарим яам, агентлаг ямар ч олон хэлтэстэй юм. Ганц хоёрхон мэргэжилтэнтэй хэлтсийн дарга байна. Нэг талдаа төр улам данхайгаад, нөгөө талд хувийн хэвшил улам цомхон болоод байгаа нь тун муу. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хүн буурах болсон. Дээр нь манай эдийн засаг өсөөд байна гэдэг боловч хоёрхон зүйл дээр үндэслэдэг. Нүүрсний үнэ өссөн. “Оюу толгой”-н зэсийн баяжмал юм. Бусад улсуудын эдийн засаг яаж өсч байна гэвэл бүтээмж дээр тулгуурладаг. Манайд нэг хүнд оногдож байгаа бүтээмж багасаад байна. Бүтээмж маань хасахтай гараад ирлээ. Энэ бол маш аюултай үзэгдэл. Урт хугацаанд манай эдийн засгийг нураах зүйл шүү дээ. Тэгээд бид бүтээмжийнхээ дутагдлыг юугаар нөхөж байна гэвэл гаднаас зээл тусламж авдаг. Энэ бол их буруу. Дэлхийн банкныхан хэлсэн байна лээ. Монголчууд экспортлоод байх юм. Гэвч гадаад өр нь өсөөд, иргэдийнх нь амьдралын чанар дагаад өсөхгүй байна гэсэн байсан. Орлого өсч байж иргэдийн амьдралын чанар өснө. Орлого яаж өсөх юм гэхээр бүтээмж дээр суурилдаг. Гэтэл бүтээмж нь хасах заачихаж байна. Тэрийг нь нийгмийн халамж нөхөөд байгаа юм. Ийм учраас сонгодог баялгийн хараалын араас орох гээд байна шүү дээ гэж анхааруулж байна. Миний хувийн санал бол төр нэгдүгээрт цомхон болох хэрэгтэй. Тэр олон орлогч сайд, дэд дарга нарыг хасаад төсвийн алдагдлаа бууруулах хэрэгтэй. Энэ нь нөгөө талдаа төсвийн алдагдал буурснаар төсвийн орлого буурна гэсэн үг. Татвар, НӨАТ төлөгчид бага мөнгө төлнө гэсэн үг. Тэр мөнгөө өөр тийшээ оруулах ёстой. Одоо аж ахуйн нэгжүүд үйлээ үзэж байна шүү дээ. Хүмүүсээ цалинтай байлгах хэцүү, татвараа төлөх, банкны зээлээ дарах хүнд болсон. Ингээд хамгийн түрүүн хийж чадаж байгаа зүйл нь ажлын байраа цомхотгож байна. Хэрэв татвар, НӨАТ дээр хөнгөлөлт үзүүлээд, зээлийн хүүг бууруулаад өгчихвөл ажлын байраа хадгалж үлдэх орон зай нь илүү болно. Бусад улсыг харж байхад төр нь бизнес рүүгээ хутгалддаггүй. Дүрэм журам нь ойлгомжтой, огцом өөрчлөгддөггүй, тоглоомын дүрмээ бариад явж байдаг. Манайх болохоор төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд, хувийн хэвшилд очих ёстой мөнгийг нь хуу татаж аваад байна. Засгийн газар маш их хэмжээний бонд гаргачихлаа. Эсрэгээр энэ нь банкуудад зээл гаргах сонирхолгүй болгочихож байгаа юм. Зээл гарахгүй байна гэхээр аж ахуйн нэгжүүд мөнгөөр дутна. Ингээд бид чөтгөрийн тойрогт орчихоод байна. Үүнээс гарахын тулд төр нэгдүгээрт, маш цомхон болмоор байна. Хоёрдугаарт, хувийн хэвшилд хөрөнгө оруулалт хийдэг боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

- Ажлын байранд хүн олдохгүй байна гэх шүүмжлэл элбэг. Нэг талаар залуус ажил голоод байгаа мэт боловч урт хугацаанд тогтвортой, өгөөжтэй ажиллах хүсэл сонирхлыг харгалзахгүй байна уу гэж анзаарагддаг?

-Манайх ажлын байр, хөдөлмөр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Зарим ажлын байр 2-3-хан сар үргэлжилдэг. Үүнийг хүмүүс ажлын байр гэж үзээд байна. Тэгээд зарлахаар хүн ирэхгүй байна гэж хэлдэг. Гэтэл ажилд орох гэж байгаа залуус хөдөлмөр хүсээд байгаа юм. Хөдөлмөр гэдэг нь өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлээд түүгээрээ хангалттай амьдрах тогтвортой боломжийг хэлж байна. Энэ хоёрын хооронд маш том зөрүү байна. Дээр нь чадалтай залуус гадагшаа маш их явж байна. Яагаад гэвэл төрд ажиллах сонирхолгүй. Хувьд орохоор хэцүү. Манайх асар олон дээд боловсролтой хүмүүсийг бэлтгэж байна. Казахстанаас хамаагүй олон байна. Казахстанд дээд боловсролтой хүн цөөн боловч залуусын дунд ажилгүйдэл бага. Манайд дээд боловсролтой залуус өндөр мөртлөө залуусын ажилгүйдэл их байгаа юм. Дээд боловсролтой хүмүүс заавал дарга, менежер хийх гээд байдаг. Гэтэл тэр ажил нь олдохгүй шүү дээ. Ямар ч нийгэмд даргын тоо хязгаартай. Ингээд залуус нийгмээ үзэн ядаад эхэлдэг. Социализ, каптиализм, ардчилал, дарга нар, төрөө үзэн ядна. Үүнээс гарах хоёр л арга байна. Нэгдүгээрт, бид нийлүүлэлтээ багасгаж болж байгаа юм. Энэ салбарт яг төдий тооны дарга, менежер бэлтгэнэ шүү гэдгийг хэлж болно. Хүний эрхтэй холбоотой ямар асуудал хөндөгдөхийг мэдэхгүй. Нөгөө талд бид тоогоо томруулж, эдийн засгаа тэлж өгөх хэрэгтэй. Гэвч манайх алийг нь ч хийхгүй байна. Урсгалаар нь хаячихсан. Европын орнуудад 100 оюутан ороход 20 нь төгсөж байна. Ингэж маш сайн шигшиж байж их дээд сургуулиудынхаа чанар, нэр хүндийг өндөрт авч үлддэг. Харин Монголд 100 оюутан ороод 120 болоод төгсдөг. Дундаас нь шилжиж ирээд орчихдог. Энэ маань анархист байдлыг үүсгэчхэж байгаа юм. Мөн чанарыг муутгаж байна. Хоёрдугаарт, тэр олон хүнийг төгсгөсөн бол ажлын байраар хангах хэрэгтэй шүү дээ.

Ажлын байраар хангахын тулд ажил олгогч нартаа хөрөнгө оруулах боломжийг нь олгох ёстой. Гэтэл Монголд хөрөнгө оруулах боломж ерөөсөө байхгүй болчихоод байна шүү дээ. Барилга барьж, уул уурхай эрхэлж болохгүй. Хөдөө аж ахуй руу оръё гэхээр өчнөөн зөвшөөрөл. Хаана юу хийж болох нь тодорхойгүй. Улам л хээл хахууль, хүнд суртал нь өсөөд байна. Ер нь яах ёстой юм гэдэг нь тодорхойгүй болчихлоо. Эсвэл бид төрийн капитализм руугаа орох хэрэгтэй юм уу. Төрийн капитализм руу ороод баахан улсын үйлдвэртэй боллоо гэж бодъё. Тэд өрсөлдөх чадвартай байж чадахгүй. Татаасаар амьдарч байгаад унана шүү дээ. Тэгэхээр бидэнд бэлээхэн хажууд байгаа Казахстан, Өмнөд Солонгос, Чили зэргийн жишээг ашиглах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхээ хөрөнгө оруулалтыг дэмждэг сэтгэлгээний маш том өөрчлөлт хийхгүйгээр явахгүй боллоо. Сүүлийн үед манайд зүүний популизм газар авчихаж байгаа юм. Ерөөсөө л төр хүчтэй байгаад бүх юмыг хийнэ гэдэг. Гэтэл төрийн өмчит компаниудыг хар л даа. Маш олон захиралтай. Тэд нар нь ажилдаа ч ирдэг юм уу бүү мэд. Бөөн өр үйлдвэрлээд явж байгаа юм.

Г.БАТЗОРИГ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (87.128.23.246)

    2020-10-14

    МЭДРЭЛ МУУ ИЙМ ЮМНУУДЫГ ЭЛБЭГДОРЖТОЙ НЬ ХАМТ ЯВУУЛААЧЭЭ