Цар тахлын үед иргэдээ дэмжсэн төсвийн бодлого
- 2020-10-15
- Үнэн
- 0
Ирэх оны төсвийг “цар тахлын үеийн төсөв” хэмээн зарим хүн онцолж буй. Учир нь, “COVID-19” цар тахалтай холбоотойгоор үүссэн төсвийн алдагдлыг бууруулах, иргэдийн орлого, аж ахуйн нэгжийг дэмжих, татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх буюу үндсэндээ Засгийн газраас энэ онд цар тахалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг ирэх оны хагас жил хүртэл үргэлжлүүлэхэд чиглүүлсэн байна. Энэ утгаараа 2021 оны төсвийн төсөл урьд урьдынхаас онцлогтой болсон гэж хэлж болно. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаандаа багтаан УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ Төсвийн тухай хуулийн дагуу арваннэгдүгээр сарын 15-наас өмнө хэлэлцэн батлах учиртай. Тиймээс тун удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Энэ удаагийн төсвийн бас нэг онцлог нь УИХ төсвийн төслийг хэлэлцэхдээ шинэ дэгээр хэлэлцэх явдал юм. Тодруулбал, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ төсвийн зарлага, алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан.
Төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, зарлагыг 13.9 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувь байхаар тооцжээ. Алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар тооцож төсвийн төсөлд тусгасан байна. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн наймдугаар сард 2020 оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг 12.5 хувиар баталсан юм. Харин ирэх оны төсвийн төсөлд 5.1 хувийн алдагдалтай байхаар тооцсон нь дээрх балансыг сайжруулсан үзүүлэлт аж. Харин дараа дараагийн жилээс төсвийн алдагдлыг урьд жилүүдийн эдийн засгийн хэмжээнд хүргэх, илүү бууруулах зорилт тавьжээ. Төсвийн орлогын хувьд уул уурхайн салбараас багагүй орлого оруулна гэж тооцжээ. Тухайлбал, уул уурхайн салбарын орлогыг төсвийн нийт орлогын 26 хувьд хүргэхээр төсөлд тусгасан байна.
Ингээд 2021 оны төсвийн төсөлд тусгасан зарим заалтыг онцлон хүргэе.
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих хэд хэдэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ялангуяа, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон зайлшгүй халамж шаардлагатай иргэдээ дэмжиж ирсэн. Тухайлбал, цар тахлын үед 18 нас хүртэлх хүүхэд бүрд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, энэ оныг дуустал олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг ирэх оны хагас жилийг дуустал үргэлжлүүлэхээр тооцож 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь иргэдийн орлогыг хамгаалах цар тахлын үеийн арга хэмжээ гэдгийг Сангийн сайд тодотгосон.
Мөн ирэх оны төсвийн төсөлд Халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг иргэдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 72 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сар бүр олгодог мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээг ирэх оны хагас жилийг дуустал олгохоор тооцжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар бага орлоготой хэсэгтээ тусламж үзүүлж, ажил, орлоготой, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэхээр 2021 оны төсвийн төслөө боловсруулжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувь болгоно
Цар тахлын үеийн арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ сарын 1-нийг хүртэл тэглэсэн. Харин энэ оныг дуустал ажил олгогч тав, даатгуулагч таван хувийн шимтгэл төлөхөөр тооцож холбогдох хуульд өөрчлөлт оруулан баталсан. Тиймээс даатгуулагч болон аж ахуйн нэгж ирэх оноос нийгмийн даатгалын шимтгэлээ 22 хувиар төлөх ёстой. Тэгвэл ирэх оны төсвийн төсөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувь байхаар тооцжээ. Энэ нь “СOVID-19” цар тахалтай холбоотойгоор хийсэн хувилбар аж. Нийгмийн даатгалын шимтгэлд тэтгэврийн даатгал 17, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн даатгал нийлээд тав орчим хувь нийт 22 хувийн шимтгэл авдаг. Үүнээс ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн шимтгэлийг нь авахгүйгээр зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн 17 хувийг авахаар тусгасныг Сангийн сайд онцолсон.
Орон нутагт тасралтгүй ажилласан эмч нарт тэтгэмж олгоно
Засгийн газар ирэх жил эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг багагүй нэмэгдүүлэхээр тооцжээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг энэ оныхоос 225 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ирэх онд 1.4 их наяд төгрөг болгохоор тооцжээ. Ингэснээр төсвийн төсөлд резидент эмч нарын цалинтай болгох төсвийг суургаж, үүнд 21.4 тэрбум төгрөг тусгав. Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-т заасны дагуу резидент эмч нар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллахад Засгийн газраас баталсан ангилал, зэрэглэлийн дагуу цалин хөлсийг тооцож олгохоор заасан юм. Түүнчлэн 2016 онд баталсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн зарим байгууллагын ажилтанд олгох хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр заасан. Үүний дагуу хуулийн үйлчлэлд хамаарах 463 ажилтанд 2.2 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт тасралтгүй олон жил ажилласны тэтгэмж олгохоор болжээ.
Малын тоо толгойн татварын орлогыг малын бэлчээр, эрүүл ахуйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ
2021 оны төсвийн төсөлд нэгэн шинэ зүйлийг нэмж оруулсан нь малчдаас малын тоо толгойн албан татвар авахаар тусгасан байна. Ингэхдээ тус татвараас орсон орлогыг улсын төсөвт шууд татахгүй. Тухайн сум, орон нутагт нь захиран зарцуулах эрхийг олгосон нь малчдын хувьд ч, орон нутгийнхны хувьд ч хэрэгцээтэй заалт болсон гэж хэлж болох юм. Учир нь, дээрх татвараас орж ирсэн орлогоор малчдын хоршоо байгуулах, малын бэлчээр, эрүүл ахуй, чанарыг сайжруулах, таваарлаг байдлыг нэмэгдүүлэхэд зарцуулах боломжтой аж. Нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг хэсгийг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ИТХ тодорхой хязгаарт багтаан орон нутагтаа татвар тогтоох эрхтэй болсон юм. Үүний дагуу малын тоо толгойн татварыг ИТХ нь тогтоож, захиран зарцуулах юм байна. 2021 оны төсвийн төсөлд нэг малын тоо толгойд жилд ногдуулах албан татварын хэмжээг 2000 хүртэл төгрөг байхаар тусгажээ. Малын тоо толгойн албан татвар төлөгч нь татвараа хоёр хувааж долоодугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор төлөхөөр оруулсан байна.
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)