Э.Миеэгомбо: БНСУ-д суралцах нь дэлхийн хэмжээний боловсрол эзэмшихэд дөхөм болж, аль ч улс оронд ажиллах боломж нээгдэнэ

Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-д суралцах сонирхолтой оюутан залуучууддаа зориулж  “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг онлайнаар энэ сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй шилдэг  их, дээд сургуулиуд оролцож, сургалтын хөтөлбөрөө танилцуулж байгаагаар ихээхэн онцлогтой болж байна. Энэ үеэр бид хамгийн залуу ИТХ-ын төлөөлөгч Э.Миеэгомбоос зарим зүйлийг тодрууллаа. Учир нь тэрээр гадаад, дотоодын таван их сургууль төгссөн аж.

НЭГ. “Солонгост суралцацгаая” үзэсгэлэнд БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож байна

 

-Сайн байна уу. Солонгост суралцах боловсролын үзэсгэлэнгийн үеэр тантай таарч байгаад байртай байна. Юуны түрүүнд танд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Та яагаад энэ үзэсгэлэн оролцох болсон вэ?

-Баярлалаа. Баянгол дүүргийн 18 дугаар хороонд МАН-аас нэр дэвшиж ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдлоо. Намайг дэмжсэн бүх хүмүүс баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Миний хувьд эзэмшсэн боловсрол, сурсан зүйлийнхээ үр шимийг эх орныхоо хөгжилд зориулах, хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаад баяртай байна.

Харин Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос урилга авсны дагуу өнөөдрийн “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнд оролцож, залуучуудад гадаад суралцах талаар өөрийн туршлагаас хуваалцаж, санал солилцон оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монголд анх удаа онлайн хэлбэрээр энэ сарын 20-24-ний өдрүүдэд МУИС-ийн Төв номын сангийн байранд зохион байгуулж байна. Үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуустаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл солилцох боломжийг олгож, мэргэжлээ зөв сонгоход нь туслах ихээхэн ач холбогдолтой болж байна.

-Хэчнээн их, дээд сургуулиуд оролцож байгаа вэ?

-Үзэсгэлэнгээр БНСУ-ын төрийн болон хувийн 50 гаруй их, дээд сургуулиуд оролцож, 200 гаруй мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын хөтөлбөр, танилцуулгууд анх удаа онлайн хэлбэрээр хийгдэх юм байна.

-Онлайн хэлбэрээр зохион байгуулж байгаа гэхэд БНСУ-ын их, дээд сургуулиудтай шууд харилцаад явах уу?

-Тэгнэ. БНСУ-д суралцах хүсэлтэй оюутан, залуус маань энэ сарын 20-22-ны өдрүүдэд сонирхсон их, дээд сургуулийнхаа багш, мэргэжилтэнтэй цахимаар шууд харилцаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжоор бүрэн хангаж өгч байна. МУИС-ын төв номын сангийн байранд шууд харилцах өрөө бэлдсэн байна. Харин 23-24-ны өдрүүдэд энэ үзэсгэлэнд оролцож байгаа 50 гаруй Их, дээд сургуулийн удирдлагууд дөрвөн хурлын танхимаас онлайнаар хуралдах бөгөөд тэдэнтэй шууд холбогдох боломжтойгоор явуулж байна.

Мөн  залуучууд болон сонирхсон хэн бүхэн энэ үзэсгэлэнд оролцож байгаа сургуулиуд болон хэрхэн суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг (studyinkorea.go.kr) сайтаас давхар авах боломжтой. Мөн манай Солонгост сургууль төгсөгчдийн холбоо гэсэн фэйсбүүк пэйж дээр мэдээллийг тогтмол байршуулж байна.

-Та гадаадад боловсрол эзэмшсэн хүний хувьд  ер нь БНСУ-ын сургуулиудын тогтолцоо нь ямар байдаг вэ. Тус улсад суралцах давуу тал?

-БНСУ-ын сургуулиуд тогтолцоогоо улсын болон хувийн  сургууль гэж ангилдаг. Манайхтай яг адилхан гэсэн үг. Гэхдээ давуу тал нь сургууль болгонд бүх мэргэжлийг олгодог. Нэг, хоёр мэргэжлээр дагнасан сургууль гэж ховор.  Тиймээс  Солонгосыг сонгож суралцах гэж буй залуучууд  маань хүссэн газраас хүссэн мэргэжлийг сонгон суралцах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, ах, дүүс, хамаатан садан нь байгаа газар ч юм уу, өөрийн боломж бололцоонд тааруулж аль ч сургуулийг сонгон суралцах боломжтой гэдгээрээ ихээхэн онцлогтой байна лээ.

Нөгөө талаас миний харснаар бас хэд хэдэн онцлогтой байна. Тухайлбал,

  • Оюутнуудад суралцах орчин нөхцөлийг бүрэн бүрдүүлж чадсан байна.
  • Газар нутгийн хувьд их ойрхон 3 цаг нисээд л очиж байна.
  • Багшлах боловсон хүчин нь дэлхийд үнэлэгдсэн шилдэг багш нар хичээл ордог.
  • Төлбөрийн нөхцөл нь уян хатан. 100%  урьдчилж төлөхгүй улирал, улиралдаа багтаад төлбөрөө төлж болохоор.
  • Оюутнууд суралцангаа ажиллаж төлбөрөө төлөх боломжтой.
  •  Англи хэлтэй бол Солонгост хэлний бэрхшээл гарахгүй. Яагаад вэ гэвэл сургалт болон сургалтын материалууд нь ихэвчлэн англи хэлээр явагддаг. Сургууль болгонд хэлний бэлтгэлийн нэг жилийн ангиудтай. Магистрын сургалтандаа хэлээ сонгоод цааш суралцах боломжтой.
  • Магистр, докторын хичээлүүд 7 хоногт 1-2 удаа хичээллэдэг тул бусад цагуудаараа судалгааны ажил хийнгээ өөр албан байгууллагуудад ажил хийнгээ суралцах боломжтой.
  • Оюутны визээрээ суралцангаа улирлын амралтаараа өөр улс руу жишээ нь Австрали улс руу ч юм уу виз мэдүүлэхэд гарах магадлал маш өндөр байдаг.

-Тэгвэл  тус улсын сургуулиудын бусад улс орнуудаас ялгарах онцлог нь юу вэ?

- Дэлхийн хэмжээнд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэж яригдаж байна. Солонгос улс даяар энэ дөрөвдүгээр  хувьсгалын аж үйлдвэрийн технологи талыг хамгийн их барьж хөгжиж байгаа улс юм. Бүх сургуулиуд нь аж үйлдвэрийн хувьсалдаа тохируулан технологийн шинэчлэлийг хийх замаар шинэчилсэн байдаг. Дэлхийн топ буюу шилдэг эхний 50 сургуулиуд БНСУ-ын нэлээн хэдэн их, дээд сургуулиуд багтааж байгаа. Эдгээр сургуулиудад суралцсанаар дэлхийд өрсөлдөх чадварыг эзэмшинэ. Дэлхийн хэмжээний боловсрол олгох боловсролын  тогтолцоотой. Төгсөөд Солонгостоо болон бусад улс оронд ажиллах боломжтой.

Нөгөө талаас ажиглаад байхад Азийн улс орнууд дундаа Солонгос Америк маягаар хөгжсөн улс гэмээр. Жишээ нь, БНСУ-д улсад магистр хамгаалаад Европод очоод дахиад нэг магистр хамгаалахад л 4 жилийн дотор л Ази Европийн боловсролын тогтолцооны аль алиныг нь ялгааг нь олж мэдэх  боломжийг олгодог.

Монгол улсад бакалавраар геологийн чиглэлээр сурсан бол дахиад магистрт эрх зүйгээр суралцах боломжгүй байдаг. Тэр тогтолцоо гадаадад эсрэгээрээ байдаг. Эндээ геологийн мэргэжлээр сураад, БНСУ-д очоод дуртай мэргэжлээрээ давхар сураад магистр хамгаалах бүрэн боломжтой байдаг. Тиймээс манай залуучууд маань гадаадад магистр, докторт ямар ч мэргэжлээр суралцах боломжтой юм. 

 

- Гадны оронд мэргэжил эзэмшихэд олон талын чадварыг өөрийн болгодог. Үүний нэг нь яах аргагүй хэлний мэдлэг шүү дээ. Тэгэхээр гадаад хэлийг сурахад юуг чухалчлах хэрэгтэй вэ?

-Миний хувьд олон давуу талтай гэж боддог. Жишээ нь Солонгост ч юм уу, гадны улс орнуудад сургууль төгсөхийн давуу тал нь Монгол улсад сургууль төгссөнөөс нэг шат илүү байдаг. Яагаад вэ гэхээр албан байгууллагад миний зүгээс анкет явууллаа гэхэд хэлний, ур чадварын давуу талаар бид сонгох магадлал өндөр гэж боддог. Мөн хэд хэдэн газар ажлын анкет бөглөсөн гэж бодоход би бас өөрөө аль газарт ажиллахаа сонгох сонголт ч гараад ирдэг зэрэг маш олон давуу талтай шүү дээ.
Миний хувьд Англи хэлийг орчинд нь очиж суралцсан. Ер нь орчинд очиж суралцахад маш хялбар бөгөөд хурдан сурах боломжтой.  Нөгөө талаас хэл сурах гэж байгаа хүн маш их хичээх хэрэгтэй. Хүнээс ичиж болохгүй.
Мөн тухайн улсдаа очиж суралцана гэдэг нь тухайн улсын соёл, зан заншлыг давхар суралцдаг давуу талтай. Тэдгээр улс орны хүмүүстэй харилцаж харилцаа, сэтгэлгээ болон сурах, ажиллах арга барилыг сурч байдаг давуу талтай. Өөрөөр хэлбэл давхар ажил хийж, орчуулга хийхэд хэлийг төгс сурах давуу талыг бий болгож байдаг.  

-Баярлалаа. Таны цаашдын ажилд нь амжилт хүсье.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)