Стандартгүй авто зам
- 2020-10-22
- Үнэн
- 0
Дор хөндсөн сэдвийг уншигчид “цагаа олоогүй” хэмээн шүүмжилж магадгүй. Гэхдээ л нийслэлд орхигдуулж болохгүй таван асуудал байдгийн нэг нь авто замын стандарт юм. Хэдийгээр өнөөдөр нийслэлд зам засварын ажил дууссан ч энхэл, донхол болж эвдэрсэн, орхигдсон нь цөөнгүй бий. Ганцхан жилийн өмнө тавьсан шинэ зам нэг өдрийн борооноор эмтэрч, машин явах аргагүй хотгор гүдгэр болдог дүр зургийг нийслэлчүүд олон удаа харсан. Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, “Бөмбөгөр”-худалдааны төв, Хархорин, Зурагт, Баянхошуу гээд л тоочоод байвал нийслэлд эвдрээгүй, цоороогүй замтай газар бараг байхгүй. Хөөгөөд явбал А бүс гэгдэж буй хотын төвийн зам ч хагаралтай, эвдрэлтэй л байгаа. Ялангуяа туслах замуудад том, жижиг нүх, ан цав, хагарал үүссэн нь хаа сайгүй. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ юм. Шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз. Жилийн жилд л замын нөхөөсөнд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулдаг. Тийм атлаа үр дүн нь дандаа тааруу. Ганцхан жилийн настай засвар, арчлалт хийхийн тулд хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөх хэрэг байна уу. Тэрбум, тэрбумаар зам засварт хөрөнгө зарцуулж байгаа бол ядаж л 5-10 жилийн насжилттай ажил хийж болдоггүй юм уу гэж өөрийн эрхгүй асуумаар санагддаг.
Нийслэлийн авто замд гарч буй осол аваарт хагархай, эвдэрч хэмхэрсэн зам багагүй нөлөөлж байна. Замд таарсан том нүхийг тойрч гарахдаа том, жижиг аваар хийж байна, жолооч нар. Үүнээс болж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирдог. Эвдэрсэн замаар тойрч гарах гэж байгаад багахан хэмжээний осол гаргахад доод тал нь 50-100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, машин жолоодох эрхийн онооноосоо хасуулахын сацуу осол гаргасан гэдэг үндэслэлээр дахин 50-100 мянган төгрөгийн торгууль төлөх шаардлага гардаг. Эвдэрсэн замыг тойрч гарсны төлөө шүү дээ. Мэдээж жолоочийн авхаалж самбаа, сонор сэрэмж чухал ч хэдий болтол ан цав үүссэн, хагарсан, эвдэрсэн замаар нийслэлчүүд зорчих вэ. Манайд шинээр тавьж буй ихэнх зам хоёр үеэр хийгддэг байна. Энэ нь нэг км замын төсөвт өртөг дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад асар их ялгаатай байдагтай холбоотой гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, манай улс зам барихдаа төсөв, мөнгөндөө тааруулж л хийгээд байна. Гэтэл Орос, Америк, Япон зэрэг оронд 15 үеэр буталсан чулуун сууриныхаа оронд том ширхэгтэй асфальт хийдэг ажээ. Манайд 10-20 минут үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн зун л гэхэд тэрбум, тэрбумаар хэмжигдэх хохирол гарсан. Өнөөдөр Монгол Улсын авто замын салбарт мөрдөгдөж буй 226 стандарт байдаг аж. Харин авто зам тавьж буй компаниуд үүнийг мөрддөг эсэх нь тодорхой бус. Түүнд хяналт тавьдаг мэргэжилтэн ч ховор байдаг.
ЗАМЫН АЖЛЫГ ЧАДДАГ ХҮМҮҮСЭЭР НЬ ХИЙЛГЭЕ
Цаашид, жил ирэх тусам үүнээс ч их бороо хур орвол нийслэлийн бүх зам урсаж мэдэхээр байгааг энэ зун хангалттай харууллаа. Бусад улстай харьцуулахад Монголд тавьсан нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон мөнгө хоёр дахин бага байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор аюулт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд ойртож, тоо нь нэмэгдсээр байгаагаас гадна урьдчилсан таамаг зөрөх нь цөөнгүй болсон. Тухайлбал, 2016 оны долоодугаар сард аадар бороо орж, үер буусан тохиолдол 11, өнгөрсөн оны мөн сард хоёр удаа л байгаа бол энэ жил 47 удаа тохиожээ. Ингээд бодохоор манай улсын авто замын стандартад шинэчлэл хийхгүй бол улам илүү хохирол учирна гэдгийг урьдчилан тооцоолохоос аргагүй болов. Эсвэл бүр хийж чаддагаар нь гаднынхнаар бариулах нь урт хугацаандаа эдийн засагт хэмнэлттэй бөгөөд үр ашигтай юм. “Нарны зам”-ыг л аваад үзье. Энэ замыг япончууд Улаанбаатар хотод барьж өгөөд 20 жилийн нүүр үзэх гэж буй. Гэтэл өнгөрсөн хугацаанд үерийн усанд автаад өм цөм хагарсныг нь бид харсангүй. Увс, Ховд аймгийг холбосон авто замыг нутаг орноороо явсан хүмүүс нь шагшиж байсан. Хэдхэн жилийн өмнө бондын хөрөнгөөр барьсан замууд эхнээсээ хагарч, цөмөрч байхад хятадуудын тавьсан орон нутгийн тэр зам засвар хийх шаардлагагүй, дардан сайхан байгааг зарим иргэн твиттер хуудастаа жиргэснийг анзаарсан байх. Үнэндээ орон нутагт манайхны өөрсдөө тавьсан зам талхан дээр масло долоолгосон мэт нимгэн бөгөөд өндөрлөгөө, далан, шуудуу хангалттай өндөр, бат бөх биш байгаа учраас л бороо, шар усны үерт “живж” байгаа хэрэг. Адаглаад ус зайлуулах шугам хоолойг урьтаж барих ёстой байхад үүнийг огт төлөвлөдөггүй. Орон нутаг гэлтгүй хотын зам ч адилхан. 5-10 минутын хүчтэй борооны ая даахгүй хуулардаг нь маргах аргагүй үнэн. Дээрээс нь ихэнх замд ус зайлуулах шугам байхгүй. Байгаа хэд нь стандарт бус.
Монгол Улс олон улс болон улсын чанартай 15.231 км замтайгаас 6300 км гаруй нь хатуу хучилттай. Сүүлийн жилүүдэд замын ажил урьд өмнө байгаагүйгээр эрчимжсэн. Гэвч стандарт хангалтгүй эрсдэлийг тооцоолоогүй, эцэст нь хариуцлага хүлээх тогтолцоо нь тодорхой биш учраас хэчнээн шинэ зам тавиад ч нэмэргүй, жилийн жилд нөхөөс, засвар арчлалтад 40 орчим сая ам.доллар зарцуулж буй нь байх ёстой үзэгдэл мэт хэвшжээ.
Түүнээс гадна бусад улс оронтой харьцуулахад манай тавьсан нэг км зам тутамд зарцуулахаар тогтоосон хөрөнгө хэт бага байгааг Азийн хөгжлийн банкнаас хийсэн судалгаанд тусгасан байдаг. Энэ нь мөнгөндөө таарсан чанаргүй зам тавих нэг шалтгаан байдаг байж болох юм. Тэгвэл 10 км муу зам барих мөнгөөрөө олон улсын стандартад нийцсэн таван км чанартай зам тавьж яагаад болохгүй гэж.
Хариуцлагын тогтолцоо байхгүй байгаагаас л чанар, стандартгүй зам барьсан хүмүүс хөлжөөд явдаг нь үнэндээ нууц биш. Уг нь авто тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн чухал хэсэг юм. Гэвч энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн чадвар, сэтгэл дутагдаж байгаагийн гороор нийслэлчүүд жил бүр эд хөрөнгөөрөө хохирч байна.
ДӨРВӨН САРЫН ДАРАА ДАХИАД Л ЗАМЫН ХЭРҮҮЛ ХИЙХ ҮҮ
Энэ жилийн хувьд засвар, шинэчлэлийн ажил үндсэндээ дууссаныг албаныхан хэлж байна. Гурван сарын өмнө нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэвлэлд ярилцлага өгөхдөө “Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 52.8 километр хатуу хучилттай замын ажил өрнөж байгаа. Мөн 17.6 километр замыг засварлана. 50.2 километр дугуйн зам тавих ажил төлөвлөсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулах ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Хэдийгээр, коронавирустэй холбоотойгоор хүндрэл бэрхшээл байгаа ч өөрсдийн дотоод нөөц бололцоо, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран цаг алдахгүй хөрөнгө оруулалтын ажлаа хийгээд явж байна. Нийслэлд нийт 387 километр дугуйн зам тавих ажил байгаа. Сүүлийн 20-30 жилд 80 километр дугуйн зам тавьсан байдаг. Үүнийг эрс өөрчилж энэ онд 50 километрээр нэмж нийт 130 километр дугуйн замтай болно гэж ойлгох хэрэгтэй. Захын дүүргийн иргэд сүүлийн үед санал хүсэлтээ ихээр ирүүлэх болсон. Үүнийг бид харгалзан энэ жилийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын ихэнхийг захын хороод руу чиглүүлж байгаа. Ингэснээр захын дүүрэг, гэр хороолол доторх дэд бүтцийн ажил өрнөнө” хэмээн мэдэгдэж байсан юм.
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт хатуу хучилттай нийт 800 гаруй километр зам байдаг гэсэн тооцоо судалгаа бий. Үүний 187 километр зам нь борооны ус зайлуулагчтай. Бусад зам борооны ус зайлуулагчгүй, зориулалтын борооны усны шугам байхгүй учраас тухайн зам эвдэрч байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, зөвлөх инженер Д.Гэрэлтням “Ус зүйн иж бүрэн тооцоо судалгаа хийх, авто замын ус зайлуулах байгууламжийн тооцоотой холбоотой техникийн багц баримт бичгийг боловсруулах ажил манай стандартчиллын сүүлийн хоёр жилийн төлөвлөгөөнд тусгагдаад зөвлөх компани маань энэ ажлыг хийж байна. Уг ажил одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ баримт бичиг батлагдвал манай улсын ус зүйн аргачлалтай холбоотой судалгаан дээр суурилсан стандарт боловсорч олон асуудлын шийдэл гарч ирнэ” хэмээн ярьсан юм. Ирэх оны гуравдугаар сараас дулаарахаар өнөөх л замын эвдрэлийн талаарх шүүмжлэл үргэлжилнэ байх. Тиймээс жил бүр стандартад нийцэхгүй нөхөөс тавихын оронд эвдрэлтэй замуудаа бүрмөсөн шинэчилмээр байна. Замын эвдрэлийн асуудлыг нэг тийш шийдэж, авто замын шинэ стандарттай болоосой. Тэгэхгүй бол жил бүр нөхөөсөнд хэдэн тэрбум төгрөг төсөвлөж, тэр нь хурган дарга нарын цавчаа хийх гол хэрэгсэл болсоор байх вий.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 25302 зам тээврийн осол хэрэг бүртгэгджээ. Эдгээр ослын шалтгаан нөхцөлийн 98.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 0.01 хувь буюу нийт ослын 130 нь замын нөхцөл байдлаас болсныг тогтоосон байна. Жишээлбэл, замын гадаргуу хэсэгт нүх үүсэх, шүүрт худгийн таг байхгүй, тэмдэг тэмдэглэгээ буруу байрлуулснаас болоод хурдтай явах зэргээр осол гардаг болохыг Замын цагдаагийн албанаас мэдээлсэн.
Хэрвээ замын урсгал засвар, арчлалтыг хийгээгүйн улмаас зам тээврийн осол гарч, иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон тохиолдолд Авто замын тухай хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үүрэгтэй. Энэ үүргийг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллах үндсэн чиг үүрэгтэй байдаг ажээ. Харамсалтай нь, үүнийг хэрэгжүүлэх нь ховор бөгөөд замын эвдрэлээс болж осол гаргасан жолооч өөрөө хохирогч болоод үлддэг жишиг Монголд тогтоод багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлийн жишээг дурдъя.
Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн 1000 дахь 39 дүгээр сургуулийн замын эсрэг талд байрлалтай туслах замын эргэх хэсэгт эвдрэл гарсны улмаас машин осолдсон. Уг осол өнгөрсөн тавдугаар сарын 31-нд гарсан бөгөөд эцэст нь анхаарал болгоомжгүй явсан гэдэг шалтгаанаар 67 настай жолооч өөрөө хохирогч болоод үлдсэн байдаг. Ийм явдал дахин гаргахгүйн тулд шат шатандаа хариуцлагатай ажилламаар байна.
Дахин хэлэхэд, Монгол Улсын авто замын салбарт мөрддөг 226 стандарт бий. Эдгээрийг мөрддөг болгоё. Хэрвээ дээрх стандартууд хоцрогдсон бол даруй шинэчилмээр байна.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)