ХАБЭМТ-ийн ажлын хэсэг “Оюутолгой”-д хугацаат хяналт, үнэлгээ хийлээ

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабатаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвд хугацаат хяналт үнэлгээг хийн ажиллалаа.

Энэ үеэр ХАБЭА-н Сургалтын удирдлагын систем, сургалтын танхим, аюулыг таниулах төв, өндөр эрсдэлийн дадлагын талбайн үйл ажиллагааг “Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвийн менежер Ч.Наранцогт танилцуулав.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаар тушаал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”-ын дагуу “Оюутолгой” ХХК-ийн Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын төвийн гэрчилгээний хугацааг сунгах, сургалтын төрөл нэмэх хяналт үнэлгээг Б.Мөнхдөл (Сургалт, судалгаа мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга), Г.Нямдэжид (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга),  Д.Гангаамаа (Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга),  А.Адъяасүрэн (Сургалт судалгаа, бүртгэл мэдээллийн хэлтсийн дарга),  М.Булгантамир (Сургалт хариуцсан мэргэжилтэн) нар амжилттай хийж дуусгалаа.

Мөн газрын гадаргаас 1340 метрийн гүнд байрлах гүний уурхай, ил уурхай, баяжуулах үйлдвэрт ажиллаж буй ажилчдын хөдөлмөрийн нөхцөлтэй танилцсан юм.

“Оюутолгой” ХХК нь Монгол улсын хамгийн том зэс, алтны нөөц бүхий баригдаж буй хамгийн том гүний уурхай бөгөөд 2013 оноос анхны зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлжээ. Тэдний зүгээс дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ аюул осолгүй ажлын байр бий болгохоор ОУ стандарт, сургалтыг дотооддоо зохион байгуулан ажиллаж байна. “Оюутолгой” ХХК нь байгаль орчны өндөр стандарт баримталдаг бөгөөд өмнийн говийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажилладаг байна. 2019 оны эцсээр “Оюу толгой”-д 13000 гаруй ажилчид ажилладаг ба үүнээс монгол ажилчдын тоо нийт ажиллах хүчний 94 хувьд хүрээд байна. Үүнээс 22,7 хувийг Өмнөговь аймгийн иргэд эзэлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)