"Гайхамшигт 50: Экскаваторын цахилгаанчин бүсгүй

ЧАНЦАЛЫН БАДАМДАДЬ

ЭКСКАВАТОРЫН ЦАХИЛГААНЧИН

"Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх" номонд  Багануур ХК-ийн ахмад уурхайчин Ч.Бадамдадь гуайн тухай өгүүлжээ. 

Багануурын нүүрсний уурхай анх Нүүрэнтэйн хөндийн Бага гүн нуурын орчимд илэрсэн нүүрсний ордыг түшиглэн сүндэрлэсэн нь 1978 он. Дөчин жилийн түүхт их уурхай 34 жилд нь “Төмөр өөрийн эрчимтэй” хэмээн сүслэх Ч.Бадамдадь өндөр хүчдэлийн засварчин, экскаваторын цахилгаанчнаар ажиллажээ.

Монгол Алтай нурууны бэлд, сүрлэг өндөр уулсын оргил харж өссөн охин сонгож болох олон мэргэжил дундаас “уулын” гэх үгэнд нь татагдан мэргэжлээ сонгон суралцсанаар МУИС-ийн уулын цахилгаан механик, инженерийн ангийн анхны төгсөгчдийн нэг болжээ. Ч.Бадамдадь эрт бэлэвсэрсэн ээждээ туслан багаас ажилч хичээнгүй амьдрахын төлөө шургуу хөдөлмөрлөх ёстой хэмээн итгэж өссөн юм.

Хичээл амрах дөхөхөөр хурдхан харьж ижийдээ туслахаар яарна. Хожим хүүхэд насаа дурсах үеэс тоглож, наадахаасаа илүү хонь хариулж, адуу мал аялуулж явсан нь тодхон гэнэ. Ийм л зантай тэрээр оюутан ахуйдаа жил бүрийн зуны амралтаараа нэг ч амарч үзэлгүй уурхайд ажиллаж, олсон арав таван цаасаа ар гэр, хэдэн дүү нарынхаа амьдралыг тохинуулж, гарыг ганзаганд хөлийг дөрөөнд хүргэхээр чармайдаг байлаа. Анх нэгдүгээр дамжаандаа дадлага хийхээр Багануурын уурхайд очихдоо нэрээсээ болж “эрэгтэй” хэмээн андуурагдан өрмийн мастерын туслахаар хоёр сар ажилласан гэдэг. Түүнийг энэ ажилд хуваарилсан мэргэжилтэн нь андуурсан болохоо дараа нь мэдэж, өөр тийш хуваарилах гэтэл өрмийн мастер нь “Та л хуваарилсан шүү дээ Ч.Бадамдадь хотын банди нараас илүү. Солих хэрэггүй” хэмээж байж.

Энэ дадлагын үеэр “уурхай” гэгчтэй гүнд нь ортол танилцсанаар сонгосон мэргэжлийнхээ мөн чанарт нь дурласан юм. Ч.Бадамдадь цахилгаан засварыг цаг хугацаанд нь чанартай хийж, цахилгааны гэмтлээс үүдсэн экскаваторын сул зогсолтыг бууруулахыг эрмэлзэнэ. Түүний ажиллах хугацаанд цахилгааны гэмтлээс шалтгаалах сул зогсолт жил бүр таван хувиар буурч ирсэн байдаг. Зах зээлийн нийгэмд шилжих үед хөрөнгө хэмнэх үүднээс зарим засвар үйлчилгээг “монголчлох” шаардлага ч хааяа гарч ирнэ.

Экскаваторын өндөр үнэтэй генераторыг өөр төрлийн трансформатороор орлуулан үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 44 сая төгрөгийн хэмнэлт гаргалаа хэмээн сайшаал хүртсэн удаа ч бий. Тэрээр ахмад, туршлагтай экскаваторын цахилгаанчны хувиар өөрийн бригаддаа чанарын дугуйлан байгуулан ахлагчаар нь ажиллахын зэрэгцээ хорь гаруй шинэ залуусыг дагалдуулан зааж сурган цаашдаа мэргэжлийн хувьд өсөж дэвших замыг нь засаж, нөлөөлсөн сайн багш. Ч.Бадамдадь Багануурын уурхайд гуч илүү жил ажиллахдаа өөртэй нь ижил мэргэжлээр ажиллах эмэгтэйтэй таарч явсангүй.

Хэдий тийм ч “ганцхан эмэгтэй” хэмээн бахархах эсвэл сүрдэх нь үгүй. “Тавилан минь надад ийм л амьдралын зам оноож. Туулаад л гарах ёстой.” хэмээн эрсхэн бодож зүтгэсээр иржээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)