Саран дээр төсөөлж байснаас илүү их ус байгааг NASA тогтоожээ
- 2020-10-27
- Дэлхий
- 0
АНУ-ын сансар судлалын байгууллага NASA саран дээр урьд нь төсөөлж байснаас илүү их хэмжээтэй ус байгааг тогтоосноо өчигдөр зарлажээ. Ингэснээр хүн төрөлхтөн саран дээр суурьших, сарнаас цааш сансрын гүн рүү аялах боломж нээгдэж байна.
Нарны туяанаас хамгаалах агаар мандал бараг байхгүй тул сарны гадаргуу дээр ямар ч ус байхгүй гэж 1990-ээд оныг хүртэл үздэг байв. Үүний дараа сансрын хөлгөөс хийсэн судалгаагаар сарны туйлуудын ойролцоох тогоонуудад мөс хадгалагдаж буй шинж тэмдгийг илрүүлж байжээ. Харин сая Boeing 747 нисэх онгоцонд суурилуулсан 2.7 метр телескопын тусламжтай цуглуулсан мэдээлэл дээр шинжилгээ хийгээд сарны гадаргууд хангалттай хэмжээний усны молекул байгааг тогтоосон байна.
Sofia (Stratospheric Observatory for Infrared Astronomy) нэртэй уг телескоп нь сарны гадаргуугаас ойсон нарны гэрлийн долгионы уртыг хэмжих замаар мэдээлэл цуглуулдаг юм.Нарны гэрэл тусдаг сарны тал дээр их хэмжээний ус байгааг энэ удаа баттай тогтоосон байна. Тодруулбал сарны хөрсний нэг шоо метр талбай бүрт нэг жижиг лонхны хэмжээтэй ус агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.
Энэ нь саран дээр байнгын суурин байгуулж, хүн амьдрахад хангалттай хэмжээний ус юм. NASA 2024 онд сар руу хоёр сансрын нисгэгч илгээхээр бэлдэж байгаа. Тэдний нэг нь саран дээр хөл тавьсан анхны эмэгтэй болох юм. Үүний дараа 2030 он гэхэд байнгын суурин ажиллуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Уг суурин нь сарны гадаргуугаас ус олборлож, амьдралаа тэтгэх чадвартай байх юм.Ингэж чадвал сарны гадаргуу дээрээс бусад гараг руу аялах хөлгийг хөөргөх боломж бүрдэнэ. Сансрын хөлгийг дэлхийгээс хөөргөснөөс сарнаас хөөргөх нь илүү бага зардалтай байх юм.
Одоо эрдэмтдийн судалгааны дараагийн зорилт нь сарны гадаргуу дээр ус яг ямар хэлбэртэй оршиж байгааг тогтоож, сарны хөрснөөс шингэн ус гаргаж авах технологи боловсруулах болж байна.Энэ ажлыг гүйцэтгэхэд 2024 онд саран дээр буух сансрын нисгэгчид чухал үүрэг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (0)