Цар тахлын үед олон улсын сэтгүүл зүйд учирч буй аюул
- 2020-10-28
- Топ сэдэв
- 0
Ямар ч орон бэлтгэлгүй байхад гэнэт дэгдсэн цар тахал дэлхийн олон орны салбар бүрт том цохилт өгсөн билээ. Тэр дундаа хөл хорио тогтоосноор сэтгүүл зүйн салбар хэцүүхэн асуудалтай нүүр тулсан. Өдгөө 43 сая хүн халдварлаад буй COVID-19 сэтгүүлчдийн ажил, амьдралд хэрхэн нөлөөлсөн талаарх “Цар тахлын үеийн сэтгүүл зүй” судалгааны тайланг орчуулан хүргэж байна. Энэ судалгааг Сэтгүүлчдийн олон улсын судалгааны төвийн захирал, доктор Жули Позетти, Колумбийн сэтгүүл зүйн сургуулийн профессор, цахим сэтгүүл зүйн “Tow” төвийн захирал Эмилли Белл, Колумбийн цахим сэтгүүл зүйн “Tow” төвийн судалгааны захирал, доктор Пит Браун нар хамтран хийжээ. Судалгаанд АНУ, Энэтхэг, Нигери, Их Британи, Бразил гэсэн таван орны 1406 сэтгүүлч, редактор гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцсон байна.
Тэдний 65 хувь нь 25-49 насныхан юм.
Цар тахлын үед олон улсын сэтгүүл зүйд учирч буй аюул
Нийт оролцогчдын 70 хувь нь тахлын хямралын үед ажлаа хийж байхдаа сэтгэл зүй болон бие физиологийн хувьд их өөрчлөгдсөн байв. Харин 67 хувь нь санхүүгийн асуудалдаа санаа зовниж байна гэжээ.
Дээр нэр дурдсан эрдэмтдийн COVID-19-ийн дэлхий нийтийн сэтгүүл зүйн үр нөлөөг судлах судалгаа энэ оны тавдугаар сарын 13-наас зургадугаар сарын 30-ны хооронд үргэлжилжээ. Судалгааны эхний үр дүн гайхмаар бас сэтгэл түгшээсэн байв. Цар тахлын эхний давалгааны үед хүн төрөлхтөнд уй гашуу авчирсан түүхийг бүтээхийн тулд олон сэтгүүлч эрсдэлд орж, үүнийгээ даван туулахын төлөө хичээж буйг 1406 хүний санал асуулгын дүнд олж мэдсэн юм. Нийт оролцогчдын 70 хувь нь тахлын хямралын үед ажлаа хийж байхдаа сэтгэл зүй болон бие физиологийн хувьд их өөрчлөгдсөн байв. Харин 67 хувь нь санхүүгийн асуудалдаа санаа зовниж байсан бол халдвар авахаас сэргийлсэн хөл хорио тэдний сэтгэлийг зовоосон асуудлын гуравдугаарт оржээ.
Түүнчлэн сэтгүүлчдийг сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр төдийгүй бусад ажил олгогчид хангалттай хэмжээнд дэмжээгүй нь тэдний сэтгэл гутралыг нэмэгдүүлсэн нь гарцаагүй. Учир нь судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн гуравны хоёр нь сэтгэл зүйн асуудлаа мэдээлж, дэмжлэг хүссэн ч ажил олгогчдын бага хувь нь тэдэнд тусалсан байна. Тухайлбал, халдварын онцгой бүсэд ажиллаж буй сэтгүүлчдийг халдвараас сэргийлэх хувцас хэрэгслээр хангах үүргээ ажил олгогчид биелүүлээгүй гэсэн үр дүн гарсан юм. Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа сэтгүүлчээ редакци нь нэг удаагийн хамгаалах хэрэгслээр хангаагүй хэмээн оролцогчдын 30 хувь нь хариулжээ. Мөн гуравны хоёр нь цар тахлын аюулгүй байдлыг албан байгууллага нь хангаагүй гэсэн байна.
Харин сэтгүүлчдийн 20 хувь нь цар тахлын үед энгийн үеэс илүү цахим дайралт, халдлагад өртсөн гэж хариулжээ. Тэд Facebook-ийг худал, төөрөгдүүлсэн мэдээг хурдан хугацаанд олон хүнд хүргэдэг сүлжээ хэмээн дүгнэсэн байна. Судалгаанд хамрагсдын 80 хувь нь долоо хоногт нэг удаа халдварын тархалттай холбоотой ташаа мэдээлэлтэй таарчээ. Түүнчлэн оролцогчдын 34 хувь нь намаас хамааралтай хэвлэл, төрийн хэвлэлийг худал мэдээллийн эх сурвалж хэмээн тодорхойлсон нь анхаарал татаж байна. Ийн халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байхад хамгаалах хэрэгсэл олгодоггүй хайхрамжгүй удирдлагууд, улс төрчдөөс ирэх халдлага нь сэтгүүлчдийн сэтгэл гутралыг улам нэмэгдүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагын орлого 75 хувиар буурав
Цар тахал эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагын орлого 75 хувиар буурч, санхүүгийн байдлаа алдаж эхэлсэн гэж оролцогчдын 17 хувь нь хариулжээ.
COVID-19 нь сэтгүүл зүйн тогтвортой байдал, мэдээллийн байгууллагуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн нь тодорхой. Цар тахал эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн байгууллагын орлого 75 хувиар буурч, санхүүгийн байдлаа алдаж эхэлсэн гэж оролцогчдын 17 хувь нь хариулжээ. Тодруулбал, оролцогчдын 43 хувь нь байгууллагынх нь орлого 50 хувиар буурсан, 89 хувь нь редакци цалингаа бууруулах, ажилчдаа халах зэргээр хатуу чанга арга хэмжээ авсан хэмээн хариулсан байна. Үүнээс гадна долоон хувь нь байгууллага нь үйл ажиллагаагаа зогсоосон, 11 хувь нь сонины хэвлэх тоогоо бууруулсан гэсэн нь анхаарал татаж байгаа юм. АНУ-ын хэвлэл мэдээллийн судалгаагаар сэтгүүлчдийн ажиллах цаг, цалин багассан, зарим тогтмол хэвлэлийн тоо хэмжээ буурсан, зарим нь татан буугдсаныг тогтоожээ. Олон улсын хэмжээнд орон нутгийн олон тооны хэвлэл хаагдсан байна.
Тиймээс энэ үеэр сэтгүүлчдэд хамгийн их хэрэгтэй зүйл нь санхүүжилт байсан гэж 76 хувь нь хариулсан байна. Ингэхдээ сэтгэл зүйн хүнд байдлаа даван туулах, гутралаас сэргийлэх тал дээр хамгийн их тусламж хэрэгтэй байсан аж. Учир нь байгууллагын орлого буурч, ажилчдаа цомхотгож, цалингаа танаж, ажлын цагаа багасгасан нь ажлаасаа халагдах вий гэсэн айдсыг төрүүлж, сэтгүүлчдийн сэтгэл зүйн хямралыг улам нэмэгдүүлжээ.
Цар тахлын үеэр хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь ихэсчээ
COVID-19-ийн үед улс төрч, Засгийн газрын ажилтнууд сэтгүүлчдийн мэдээллийн гол эх сурвалж байх нь тодорхой. Энэ байдлыг ашиглан Засгийн газар болон бусад эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийн нэр хүндийг унагахыг хичээж, дарамтлах, хэвлэлийн эрх чөлөөг боох явдал ихэссэн байна. Тухайлбал, 10 сэтгүүлч тутмын нэг нь цар тахлын үеэр мэдээлэл бэлтгэж байхдаа улстөрч, аль нэг эрх мэдэлтний дарамтад өртсөн хэмээн хариулжээ. Судалгаанд хамрагдсан сэтгүүлчдийн 34 хувь нь мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах, сурвалжлах зөвшөөрлийг нь цуцлах зэргээр сурвалжлах үйл ажиллагаанд хориг тавьсан гэсэн байна. Халдварын улмаас Засгийн газрын эх сурвалж, албан ёсны мэдээлэлд итгэх сэтгүүлчдийн итгэл нь төр болон улс төрийн бүлгүүдийн сэтгүүлчдэд үзүүлэх дайралт, хуулийн дарамт, хязгаарлалтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Оролцогчдын 10 хувь нь улстөрч болон аль нэг албан тушаалтны хүчирхийлэлд өртсөн аж. Мөн долоон хувь нь Засгийн газрын хяналт, дөрвөн хувь нь цахим дайралтад өртсөн гэж хариулжээ. Түүнчлэн мэдээлэл өгсөн эх сурвалжуудын ихэнх нь ажлаа алдах, торгуулах, шоронд хоригдохоос эмээж байгаагаа сэтгүүлчдэд ярьсан байна. Судалгаанд оролцогчдын хамгийн чухал зүйл нь шинэ амьдралын хэв маягт дасан зохицох байв. Тэдний 76 хувь нь санхүүгийн байдлаа сайжруулах нь чухал, гуравны хоёр нь алсын зайнаас ажиллах шинэ технологид суралцах нь чухал гэжээ.
Тодруулбал, 67 хувь нь ажилдаа цахим хэрэгслийг илүү их ашиглаж, 21 хувь нь шинэ программ туршиж, 31 хувь нь олон нийтийн сүлжээн дэх группээр дамжуулан эх сурвалжууд, уншигч, үзэгчидтэйгээ харилцсан байна. Ингэснээр сэтгүүлч болон олон нийтийн харилцаа гүнзгийрч, иргэн төвтэй сэтгүүл зүй хөгжсөнийг нотолсон юм. Гэвч зарим нэг цахим групп худал мэдээлэл түгээх чухал бай болох эрсдэл тулгарч, цахим халдлага нэмэгдсэн байна.
Судалгааны үр дүнд сэтгүүлчид мэргэжлийнхээ ач холбогдлыг илүү ойлгож, гэр бүл, найз нөхдийнхөө үнэ цэнийг мэдэрч, амьдралдаа илүү их анхаарал хандуулдаг болсон гэсэн гурван сайн үр дүн гарсан юм. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүл зүйд итгэх уншигч, үзэгчдийн итгэл нэмэгджээ. Түүнчлэн иргэдийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх хандлага нэмэгдсэн байна. Хэдийгээр ийм өөдрөг үр дүн гарсан боловч цар тахал хүрээгээ тэлэх тусам сэтгүүлчдэд үзүүлэх нийгмийн болон мэргэжлийн, сэтгэл зүй, бие физиологийн үр нөлөө муудах магадлалтай байна. Цар тахлын хоёр дахь давалгааны үед эхний давалгаанд тулгарсан энэ бэрхшээлийн үр нөлөөг хэрхэн даван туулах вэ гэсэн асуудалтай бид тулгарав.
Хоёрдугаар давалгаанд сэтгүүл зүй бэлэн үү
Цар тахлын үед сэтгүүлчид санхүү, сэтгэл зүй, бие махбодийн хувьд хүнд дарамттай ажиллаж байгааг бидний судалгаа харууллаа. Халдварын туршид хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд энэ хэцүү давааг даван туулах болно. Үүн дээр худал мэдээлэл, найдваргүй эх сурвалж, улстөрчдийн үнэнч, хариуцлагатай байдал нэмэгдэнэ. Гэсэн ч энэ сорилтоос үл хамааран сэтгүүл зүй шинэ түвшинд гарах боломжийг цар тахал нээсэн юм. Жишээлбэл, сэтгүүлчид өдөр тутмын амьдралдаа санаа тавьдаг, илүү бүтээлч болж уншигч, үзэгчидтэйгээ харилцах шинэ аргыг нээсэн.
Алсын зайнаас эх сурвалжуудтай харилцах эхэндээ том сорилт болж олон нийтийн сүлжээгээр худал мэдээлэл тарж байв. Энэ нь сэтгүүлчдийн шинэ технологид суралцах хүсэл сонирхлыг өдөөж өгсөн юм. Ингэснээр худал мэдээллийн аюулаас болгоомжилж, сэтгүүл зүйг илүү чанартай болгох боломж бүрдсэн юм. Сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хоёрдугаар давалгааг амжилттай давахын тулд нэн тэргүүнд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Дараа нь бид COVID-19-ийн үеийн хэвлэлийн эрх чөлөөнд учирч буй аюул, худал мэдээлэл, олон нийтийн оролцоо, цар тахлын дараах сэтгүүл зүй ямар байх талаар судалгааны тайланг танилцуулна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)