Трамп Ерөнхийлөгч сонгуульд ялбал Вашигтон, Бээжингийн харилцаа улам хурцадна
- 2020-11-02
- Үнэн
- 0
“South China Morning Post” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль БНХАУ-д хэрхэн нөлөөлж болохыг судалжээ. АНУ-ын сонгогчдын дийлэнх нь Трампын засаглалын дараа Байден бүх зүйлийг буцаан хэвэнд нь оруулна хэмээн найдаж байгаа боловч хоёр улсын харилцааны тал дээр олонх нь эргэлзсэн байр суурьтай байгаа аж.
Хэдэн арван жилийн турш үргэлжилсэн найрсаг харилцаа төгсгөл болж байгаа учир цаашдын харилцааг сөргөлдөөнгүйгээр төсөөлөхөд бэрх хэдий ч Бээжингийн зүгээс энэ сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг шинэ боломж нээнэ хэмээн найдсаар байна. Сүүлийн хэдэн сарын хувьд БНХАУ-ын мэргэжилтнүүд хоёр улсын харилцаа муудсанд Трампыг буруутгаж байсан билээ. Мөн Трампын хувьд Бээжин Байденыг дэмжиж байгаад итгэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн юм. Байденыг дэмжиж буй хүмүүс түүнийг хоёр улсын хурцадмал харилцааг сэргээж, Барак Обама Ерөнхийлөгчийн үеийнхтэй адил болгоно хэмээн найдаж байгаа аж.
Жишээ нь, Уилсон төвийн Киссинжер хүрээлэнгийн захирал Роберт Дали ‘‘Байден олон улсын байгууллагуудтай холбоогоо сэргээж, Бээжинтэй хамтран ажиллах боломжуудыг эрэлхийлсэн бодлого хэрэгжүүлэх болно. Энэ нь өнөөгийн үл ойлголцлыг тодорхой хэмжээнд бууруулж, тогтвортой байдлыг авчирна” хэмээсэн байна.
Харин Вашингтон дахь Олон улсын аюулгүй байдлын шинжилгээний хүрээлэнгийн захирал Гал Люфт аль ч нэр дэвшигч Бээжингийн сонирхлыг төдийлөн татахгүй байгаа хэмээн тэмдэглэж, “Бээжингийн хувьд арай бага зовох, эсвэл дайнд бэлтгэх гэсэн хоёр салаа замын эхэнд ирээд байна. Харин Байден эхний сонголтыг санал болгож буй” хэмээн ярьжээ. Бээжингийн Реньминий их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван Ивэй "Хятад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн санаа зовж байна.
Хэрэв Байден ялбал үүсээд буй асуудлыг арай олон талаас нь авч үзэж магадгүй. Харин Трамп ялбал Хятад руу чиглэсэн хатуу бодлогоо үргэлжлүүлэх болно. Ингэснээр хоёр улсын харилцаа улам хурцадна” гэжээ.
Энэ сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын 80 сая орчим иргэн саналаа урьдчилж өгөөд байгаа юм. Саналаа урьдчилж өгсөн сонгогчдын тоогоор Калифорни муж /8.48 сая хүн/ тэргүүлж байна.
Энэ үзүүлэлтээр өмнө нь Техас /8.45 сая хүн/ тэргүүлж байв. Тус мужийн араас Флорида /7.38 сая/, Хойд Каролина /3.87 сая/ бичигджээ. Энэ сарын 3-нд болох АНУ-ын бүх нийтийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүнийг, мөн 13 мужийн болон орон нутгийн захирагч нарыг сонгоно. Аравдугаар сарны 27-29-ний хооронд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 44 хувь нь Трампыг, 52 хувь нь Байденыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)