АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц - 2020
- 2020-11-04
- Дэлхий
- 0
АНУ-ыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ, одоогийн Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп уу, эсвэл дэд Ерөнхийлөгч асан, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден уу гэдгийг шийдэх бүх нийтийн сонгууль АНУ даяар өнөөдөр явагдаж байна.
Энэ цаг мөчид АНУ-ын 59 дэх Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалтын үйл явцыг дэлхий даяараа анхааралтай ажиглан харж байна. Дональд Трамп, Жо Байден гэсэн байр суурь нь илт зөрүүтэй хоёр нэр дэвшигчийн хэн нь ялах вэ гэдгээс олон улсын харилцааны цаашдын чиг хандлага, дэлхийн эдийн засгийн төлөв байдал тодорхой хэмжээгээр шалтгаалах учраас дэлхийн олон нийтийн анхаарлыг татах нь зүйн хэрэг. Энэ удаагийн сонгууль коронавирусний цар тахал дэгдэж, Америк-Хятадын харилцаа хурцадсаар байгаа амаргүй цаг үед болж байгаа билээ.
Өнөөдрийн сонгуулиар америкчууд Ерөнхийлөгчөө сонгохын зэрэгцээ АНУ-ын Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын бүх 435 гишүүн болон 13 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчдыг сонгоно. Мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудыг сонгоно.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд нэр дэвшигч нь төлөөлөн сонгогчдын коллегийн 538 гишүүнээс 270 гишүүний саналыг авсан байх шаардлагатай. Коллегийн гишүүдийн тоо нь Сенатын 100 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн ба нийслэл Вашингтон хотын Колумбиа тойргийн 3 төлөөлөгчийн тоотой дүйцдэг.
АНУ-ын сонгуулийн тогтолцоо нь хоёр шатлалтай. Үнэн хэрэгтээ бол сонгогчид өөрсдөө тодорхой нэр дэвшигч улстөрчийн төлөө санал өгдөггүй. Тэд Ерөнхийлөгч ба дэд ерөнхийлөгчийг дараа нь дэмжин батлах хүмүүсийн төлөө буюу Төлөөлөн сонгогчдын коллегийн гишүүдийн төлөө санал өгдөг гэсэн үг. Энэ тогтолцооны хүрээнд хүн амынхаа тооноос хамааран муж улс тус бүр тодорхой тооны саналын эрхтэй. Нийтдээ төлөөлөн сонгогчдын коллегид 538 саналын эрх байдаг бөгөөд наад зах нь 270 санал авсан нэр дэвшигч ялалт байгуулна. Зарим муж улсууд дахь төлөөлөн сонгогчдын тоо нь бусад муж улсуудтай харьцуулахад олон байдаг. Ийм учраас нэр дэвшигчид төлөөлөн сонгогч олонтой газруудад хүрч ажиллахын тулд илүү их цаг зав, хүч хөрөнгө зарцуулдаг.
Америкийн сонгуулийн ийм нарийн төвөгтэй тогтолцооноос шалтгаалан онолын хувьд муж улс бүр сонгуулийн дүнг шийдэх боломжтой. Гэвч бодит байдал дээр сонгуулийн эцсийн дүн нь цөөхөн хэдэн “хаашаа ч холбирч магадгүй” муж улсуудаас /аль аль нам нь илт давамгайлдаггүй/ хамаардаг.
Тухайлбал, Миннесота, Висконсин бол саналын хэлбэлзэл ихтэй муж улсууд учраас энэ хоёр газарт ширүүн өрсөлдөөн явагдах нь тодорхой. Холбирч магадгүй бусад муж улсуудын тоонд Пенсильвания, Флорида, Аризона, Хойд Каролина, Мичиган орж байна. 2016 онд Дональд Трамп эдгээр муж улсад ялалт байгуулсан ажээ. Түүнчлэн 1976 оноос хойш БНН-ын нэр дэвшигчийг дэмжсээр ирсэн 38 төлөөлөн сонгогчтой Техас муж улс дахь санал хураалтын дүн анхаарал татаж байна.
RealClearPolitics гэдэг цахим хуудаснаас явуулсан үндэсний хэмжээний санал асуулгын дүнг үзвэл, нэр дэвшигч Ж.Байден одоогийн ерөнхийлөгч Д.Трампаас дунджаар 6,7 хувийн саналаар илүү буюу 51:44,3 гэсэн харьцаагаар давамгайлж байна.
Үндэсний хэмжээний санал асуулга бол тухайн нэр дэвшигчийн нэр хүндийн чансаа улс орны хэмжээнд ямар байна вэ гэдгийг тандаж мэдэх хамгийн сайн чиг баримжаа мөн. Гэхдээ санал асуулгын дүнд үндэслэн сонгуулийн дүнг урьдчилан хэлэх боломжгүй. Жишээ нь, 2016 онд Хиллари Клинтон санал асуулгын дүнгээр илүүрхэж байснаас гадна Трампаас 3 саяар илүү тооны сонгогчдын саналыг авсан боловч эцсийн дүнд ялагдал хүлээсэн билээ. Учир нь, муж улсуудаас төлөөлөн сонгох тогтолцоо АНУ-д үйлчилдэг тул илүү тооны санал авна гэдэг нь ялалт байгуулна гэсэн үг биш юм.
Үүнийг тодруулбал, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэг онцлог бол “ялагч бүхнийг авах” систем буюу нэр дэвшигч тухайн муж улсад ялимгүй олон санал авахад л /нэг санал илүү авсан ч гэсэн/ тухайн муж улсын сонгогчдын коллегийн бүх саналыг өөртөө авдаг, нэр дэвшигч олон муж улсад ялалт байгууллаа ч гэсэн эцсийн дүндээ тухайн муж улсын төлөөлөн сонгогчдын коллегийн саналын тоо сонгуулийн дүнг шийддэг билээ.
Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийн сонгуулийн онцлог гэвэл, маш олон тооны сонгогчид саналаа /зарим нь шуудангаар/ урьдчилан өгсөн байна. Тэдний тоо 100 саяас давсан нь түүхэнд тэмдэглэгдээгүй өндөр үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь мөн л цар тахалтай холбоотой бөгөөд сонгогчид олон хүн цугларсан үед санал авах байранд очихоос болгоомжилж буй нь илт. Ер нь бол, цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө ба сонгуульд оролцох хүмүүсийн идэвхээс шалтгаалан энэ удаагийн сонгуульд яг хэн ялахыг урьдчилан таамаглах боломжгүй байна.
Өнөөдрийн сонгууль өөр нэгэн онцлогтой. Хэрвээ Байден ялбал түүнтэй баг болон өрсөлдөж буй Калифорни муж улсаас сонгогдсон Сенатын гишүүн Камала Харрис АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болно. Өдгөө Ямайк-Энэтхэг гаралтай өнгөт арьстан энэ эмэгтэйгээс өмнө Жеральдин Фераро, Сара Пэйлин гэсэн хоёр эмэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байсан боловч сонгогдож чадаагүй юм.
Үүний ташрамд нэгэн баримтыг дурдахад, экзит-пол буюу санал авах байрнаас гарч ирэх үед нь сонгогчдоос авсан санал асуулгаар сонгуульд оролцогчдын 53 хувь нь эмэгтэйчүүд, 47 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ нь 2016 оны сонгуультай харьцуулахад өөрчлөгдөөгүй үзүүлэлт гэдгийг CNN агентлагийн мэдээнд дурджээ.
Улаанбаатарын цагаар 3-ны өдрийн 17 цагт АНУ-ын зүүн эргийн Коннектикут, Мэн, Нью-Жерси, Нью-Йорк болон Виржиниа муж улсууд дахь санал авах байрууд хамгийн түрүүнд нээгдлээ. Санал хураалтын эхний дүнгүүд Улаанбаатарын цагаар 4-ний өглөөний 9 цагийн орчимд тодорхой болно.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Өмнөд Каролина муж улсад Трамп итгэлтэй тэргүүлж байгаа бол 29 төлөөлөн сонгогчтой Флорида болон 16 төлөөлөн сонгогчтой Жоржиа гэсэн хоёр чухал муж улсад Байден давамгайлж эхэллээ. Дөнгөж сая тэрбээр Вермонт муж улсад ялснаар 3 төлөөлөн сонгогчийн саналыг авлаа.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл (0)