Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
- 2020-11-04
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2020 оны 11 дүгээр сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
Харин энэ сарын 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар мөн хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна.
Харин 11 дүгээр сарын 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 6-нд зарим газраар, 7, 8-нд говь, тал, хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгаар, 8-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)