Н.Оюунчимэг: Манай улс ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас хамгийн богино хугацаанд гарсан орон болсон

Санхүүгийн Зохицуулах Хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.ОЮУНЧИМЭГТЭЙ ярилцлаа.

-Монгол Улсад санхүүгийн зах зээл сүүлийн үед хурдацтай хөгжиж байна. Шинэ төрлийн бүтээгдэхүүн хэр нэмэгдэж байна вэ?

-Манай хороо санхүүгийн зах зээл дээр 15 жилийн турш зохицуулалт хийж, энэ үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Тус хороонд хамааралтай салбарууд ДНБ-д 14 хувийг эзэлж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 1926 нэгжээр буурч, 17.5 мянгад хүрлээ. Энэ оны гуравдугаар улиралд 40.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан. Түүний 85.4 хувийг хувьцаа, 13.1 хувийг компанийн бонд, 1.4-ийг Засгийн Газрын үнэт цаас эзэлж байна.

Энэ оны хувьд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болгохын тулд төлбөр тооцооны Т-2 системийг нэвтрүүлснээр брокер, дилерийн компанид хөрөнгийн аливаа хязгаарлалт тавихгүйгээр төлбөр тооцоог хийх боломж бүрдүүлсэн. Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд биржийн болон биржийн бус бонд босгох ажилд зохицуулалт хийж байна. Мөн Хамтын сан бий болгоход түлхүү анхаарч байгаа юм. Саяхан УИХ-аас зээлийн хүүг бууруулах стратегийг хэлэлцэж баталсан. Энэ хүрээнд бид дөрвөн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг банкны салбарыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, нэг хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээг багасгах /монополь байдлыг задлах/ зэрэг ажпыг Монголбанктай хамтран хийж байна.

 

УИХ-аас баталсан Зээлийн хүүг бууруулах стратеги банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/, хадгаламж зээлийн хоршоо ХЗХ гээд бүх секторт хамаатай юу. Одоо ХЗХ-ны зээлийн хүү гэхэд сарын 2.9 хувьтай байгаа шүү дээ?

 

-Энэ нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагад хамаарах стратеги юм. Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/-наас эхлээд арилжааны банкуудад ч үйлчилнэ гэсэн үг. Тиймээс бид мөнгө хүүлэлтийн эсрэг эрх зүйн орчныг бий болгохын төлөө ажиллана. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсныг буцаан татаж, мөнгө хүүлэлт гэж юу юм бэ, ямар шинж тэмдэгтэй байх зэргийг нэг бүрчлэн нарийвчлан зааж оруулахаар бэлтгэж байна. Энэ нь зээлийн хүүг бууруулах эрх зүйн орчинд томоохон нөлөө болно гэж тооцож байгаа юм. Мөн технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж, 552 мянгад хүрсний дээр нийт харилцагчдын тоо 2.6 сая болсон. Түүний нэг нь PDK үйлчилгээ юм.

 

Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 495 ББСБ-аас зургаа нь гар утсанд холбогдсон, ес нь уламжлалт аргатай хосолсон зээлийн үйлчилгээ эрхэлж байна. PDK компаниудын хувьд шинэ тутам үйлчилгээ явуулахдаа техник, технологийн шинэчлэл хийх зэрэгт зардал их байгаа ч үйл явц тогтворжоод ирэхээр зээлийн үйлчилгээ хямдарч, илүү шуурхай болно. Тэр хэрээр зээлийн хүү буурна гэж тооцож байна.

 

-Иргэн, аж ахуйн нэгж зээл авахдаа арилжааны банкаас илүүтэй ББСБ, ХЗХ-нд яагаад ханддаг юм бол, Тэд ямар зээлд илүү хамрагддаг вэ? Та ямар бодолтой байдаг вэ?

 

-Банк санхүүгийн байгууллагуудын олгосон нийт зээлийн 90 гаруй хувийг төгрөгөөр олгосон зээл эзэлдэг. Валютаар зээл олговол ханш хэлбэлзэлтэй байдаг учраас зээлдэгчид дарамт болох магадлал нь их. ББСБ-аас гарсан зээлийн ихэнх нь буюу 66 хувийг хэрэглээнд олгосон байдаг. 13 хувийг худалдаа, үлдсэн хэсгийг хөдөө аж ахуй болон бусад салбарт олгожээ. Харин зээлийн үлдэгдэл 1.4 тэрбум байгаагийн 47 хувь нь мөн л хэрэглээнд ногдож байна. Иргэд яагаад энэ секторыг сонгоод байна вэ гэхээр, зээлийн нөхцөл боломжийн, барьцаа хөрөнгө бага шаарддагаас гадна зээлийг шуурхай гаргадаг юм билээ. Ачаалал ч бага байдаг байх. Нөгөө талаар бидний одоо дагаж мөрдөж байгаа хуульд банк болон банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчдэд санал болгох зээлийн бүтээгдэхүүний нөхцөл шаардлага хүү хэмжээг өөрөө тогтоохоор заасан байдаг. Хорооны зүгээс зээлийн хүүг тогтоосон аргачлалаа зүй зохистой мөрдөж байгаа эсэхийг хянаж зохицуулах үүрэг хүлээж байна. Жишээ нь, хоёр сая төгрөгийн зээл олгохдоо хүүг нь урьдчилж суутгасан мөртлөө зээлд бүтнээр нь хүү бодож авч байсан тохиолдол гарсан. Бид ийм байдал гаргуулахгүйн тулд хяналт тавьж шалгах л ёстой. 

 

-Санхүүгийн зах зээлийн бас нэг чухал хэсэг нь даатгал байдаг. Энэ салбарт хэчнээн байгууллага ажиллаж байдаг юм бэ?

 

-Даатгалын байгууллагын 2448 төлөөлөгч ажиллаж байна. Ердийн болон урт хугацааны даатгалын мэргэжлийн оролцогч 141, тэдгээрт тооцооллыг нь хийдэг 30-40 ажилтан, даатгалын аудитор гээд нийт 300 гаруй хүнтэйгээ нийлээд даатгалын үйл ажиллагаа цогц, нэгдмэл болдог. Энэ салбарт нөөц сангийн асуудал хамгийн чухлаар тавигдаж байдаг юм.Даатгалын хураамжаар нөөц сан бүрдэнэ шүү дээ.

Өнөөдрийн байдлаар ердийн болон урт хугацааны даатгалын компаниудын хураамжаар 180.5 тэрбум төгрөгийн нөөц бүрдүүлсэн байна. Үүнээс зөвхөн энэ оны гуравдугаар улиралд 43.5 тэрбум төгрөгийг даатгалын хохирлын нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн орлогын 27.2 хувь болжээ. Иймд даатгалын компани аль болох бага хохирол амсахын тулд давхар даатгалын компанитай хамтран ажилладаг болсон.

 

Тодруулбал, нэг даатгуулагч авто зам дээр осолд орж, машин тэрэг нь эвдэрч хэмхэрсэн байлаа гэж бодоход хохирлыг нь А компани нөхөн төлөөд Б компаниасаа тодорхой хувийг буцааж авна гэсэн үг. Нөхөн төлбөрийн ихэнх нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд ногддог учраас энэ жишээг авсан юм.

 

 

 

Одоогоор даатгалын зүйлийн тоо 18.4 хувиар өсөж, 3.4 сая төгрөгт хүрсэн байна. Энэ оны гуравдугаар улирлын дүнгээр даатгалын компаниуд 40 орчим бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлж, нийтдээ 630 гаруй төрлийн даатгалын үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

 

-Манай улс саяхан Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын “Саарал жагсаалт”-аас гарлаа.Үүнд СЗХ багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж ойлгоод байгаа. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү? 

 

-Ер нь ФАТФ-ын 40 зөвлөмж гэж байдаг. Манай улсад тус байгууллагын төлөөлөгчид 2016 онд хүрэлцэн ирж санхүүгийн зах зээл, үүнд холбогдох салбарын байгууллагуудыг шалгаад 20 зөвлөмжийг бүрэн болон бүрэн бус биелүүлж, 20-ийг нь огт биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Уг нь эдгээр зөвлөмжөөс наймыг нь биелүүлээгүй тохиолдолд “Саарал жагсаалт”-д оруулдаг юм байна. Үүнээс гадна шууд хэрэгжүүлэх 11 үүрэг даалгавраас нэгийг нь хангаагүй байхад л дээрх жагсаалтад багтах магадлалтай. Үүний зургааг нь дахин хийхийг манай улсад даалгасан байдаг. Улмаар 2020 оны эхээр ФАТФ-д тайлангаа илгээхэд гурван зөвлөмжийг биелүүлээгүй гэж дүгнэсэн. Үүний дараа Сангийн яам, Монголбанк, СЗХ болон бусад Байгууллага хамтран ажлын хэсэг байгуулж ажиллаад хоёр, долоодугаар сард тайлангаа илгээсэн. Дээр хэлсэн ФАТФ-аас өгсөн зургаан үүрэг даалгаврын гурав нь СЗХ-той шууд хамааралтай байсан.

 

-Тэдгээр нь ямар үүрэг даалгавар байв. Үүнийг биелүүлэхийн тулд та бүхэн хэрхэн ажилласан бэ?

 

-Санхүүгийн ажил үйлчилгээ буюу үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын байгууллага, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавихыг үүрэг болгосон. Энэ хүрээнд СЗХ-ноос холбогдох журмыг боловсруулж батлуулснаар үл хөдлөх хөрөнгийн зуучлалын 140 байгууллага, үнэт эдлэлийн арилжаа наймаа эрхлэгч 400 орчим аж ахуйн нэгж, иргэнийг бүртгэлжүүлж авсан. Улмаар тэдэнд хяналт тавьж, тайлан тооцоог гаргуулдаг болсон юм. Энэ явцад тэдэнд тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Дээрх хоёр сектороос гадна хөрөнгийн болон үнэт цаасны зах зээл, даатгал, хадгаламж, банк бус санхүү зэрэг зургаан салбарт эрсдэлийн үнэлгээ хийж, холбогдох газруудаар хэлэлцүүлж, эрсдэлийг тооцох тусгай журмыг боловсруулж мөрдүүлсэн нь үр дүнгээ өгч байна. Мөн эдгээр зургаан салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хяналт тавихын зэрэгцээ зөрчил дутагдал гаргасан тохиолдолд ногдуулах торгууль, шийтгэлийн арга хэмжээг өндөрсгөж чангатгасан. Энэ нь ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн нэг хэсэг байлаа. Дээрх зөвлөмж, үүрэг даалгаврын дагуу Монголбанк, Сангийн яам, СЗХ болон бусад байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулж, санаа сэтгэл нийлж ажилласны үрээр Монгол Улс “Саарал жагсаалт’’-аас гарч чадсан. Энэхүү жагсаалтад орчихвол улс орны эдийн засагт ямар их сөрөг нөлөөтэйг иргэдээс эхлээд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэн маш сайн ойлгосон байх. Хамгийн сүүлд ФАТФ-ын төлөөлөгчид ирж, газар дээр нь хяналт шалгалт явуулахад УИХ-ын даргаас авхуулаад Засгийн газрын гишүүн, яамдын сайд нар, зохицуулалтын байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн гээд бүх шатны хүмүүс сэтгэл, зүтгэл гаргаж оролцсонд туйлын ихээр баярлаж байлаа.

 

Монгол Улс ФАТФ-ын “Саарал жагсаалт”- аас маш богино буюу зургаан сарын дотор гарч чадсан анхны улс болсон гэдгийг тус байгууллагын төлөөлөл онцлон тэмдэглэсэн.

 

Тэгэхээр бид эв нэгдэл, зүтгэл санаачилгатай байвал юуг ч хийж бүтээж, амжуулж чадна гэдгээ дэлхий нийтэд харуулсан гэсэн өөдрөг сэтгэгдэлтэй байгаа юм. Одоо “COVID-19” вирусийн цар тахлыг дотооддоо алдаагүй улс гэж үнэлэгдэж байгаа маань ч үүний баталгаа гэж бодож байна.

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)