Г.Тэмүүлэн: Эдийн засаг хэвийн түвшиндээ хүрэхэд багадаа хоёр жил шаардлагатай

УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭНТЭЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ирэх оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад гишүүд орлогыг хэт өндрөөр төсөөлсөн, өндөр алдагдалтай төсөв оруулж ирлээ гэх байр суурийг илэрхийлж байна. Таны хувьд ирэх оны төсөвт ямар тооцоололтой байна вэ?

-2021 оны төсвийг “COVID-19” цар тахлын онцгой цаг  үед батлах гэж буйгаараа онцлогтой. Цар тахлын нөхцөл байдал ирэх жил ч үргэлжлэх төлөвтэй байна. Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг харахад бизнес, эдийн засгийн салбарууд эргээд хэвийн түвшиндээ очиж сэргэхэд таван жил шаардлагатай. Харин Монгол Улсын эдийн засаг 2019 оны буюу хэвийн түвшиндээ хүрэхэд наад тал нь хоёр жил шаардлагатай гэж байна. 2022-2023 оноос хойш тогтворжих нөхцөл байдал харагдаж байна. Ирэх оны төсвийн орлогыг өмнөх жилүүдийн жишигт нийцүүлэн, ирэх жилүүдийн зах, зээлийн прогнозыг харж тооцсон. Ойролцоогоор 11.7 их наяд төгрөгийн орлого орно. Үүний дийлэнх нь уул уурхайн салбараас буюу гурван их наяд төгрөгийг уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос орно гэж тооцсон. Тухайлбал, ирэх онд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөг, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг олно гэж тооцсон байна. Зэс, нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн жишиг үнээр тооцсон. Ирэх жилүүдэд манай уул уурхайн түүхий эдийн гол худалдан авагч БНХАУ-ын зах зээл, эрэлт хэрэгцээ их байна гэсэн төлөвтэй байгаа. Тиймээс нүүрс, зэсийн үнэ харьцангуй тогтвортой байна. Мөн манай улсын экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа алтны үнэ ч ирэх жилүүдэд тогтвортой байна гэж харж байна. Тиймээс төсвийн орлогыг хэт их хөөсрүүлж тооцсон, ихэсгэсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Өнгөрсөн парламент сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын төсөвтэй холбоотойгоор гаалийн шинэчлэлийг эхлүүлсэн. Монгол Улсын бүх хил, гаалийн нэвтрэх чадварыг сайжруулах, орц, гарцыг нэмэгдүүлэх, түүхий эд бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах лабораториудыг байгуулсан. Гаалийн шинэчлэлийг 70 орчим тэрбум төгрөгөөр хийсэн бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжүүлнэ. Хил, гаалийн бүх боомтоор орж, гарч байгаа бүтээгдэхүүнд хяналт тавих бүрэн боломжтой болсон.

 

 

 

Тухайлбал, нүүрс, зэсийн чанарын агууламжийг судлах, хяналт тавих болон татвар хураамжаа бүрэн авах боломж, бааз суурийг гаалийн шинэчлэлийн хүрээнд бэхжүүлсэн гэж хэлж болно. Ер нь ирэх оны төсөвт шинэчлэлийн ажлуудыг эхлүүлж байна.

 

 

 

-Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд ирэх оны төсвийг батлахын тулд юунд анхаарах шаардлагатай гэж харж байна вэ?

 

-Ирэх жилийн хувьд зардал дээр анхаарах ёстой. Төсвийг анхнаас нь оновчтой төлөвлөх шаардлага бий. Улсын төсөвт хамгийн их ачаалал болж байгаа зүйл нь гадаад өр, зээл. Зээлийн хүүгийн зардалд ирэх жил 1.1 их наяд төгрөг төлөхөөр байна. Улсын төсвийн орлогын 10 орчим хувийг зээлийн хүүгийн зардалд зарцуулна гэсэн үг. Тиймээс Засгийн газар өмнө нь тавьсан байсан өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг аль болох өөрчилж, урт хугацаатай, бага хүүтэй бодлогын зээлээр солих буюу зээлийн бүтцийг өөрчлөх ажлыг үе шаттайгаар амжилттай хийж байгаа гэж харж байна. Цаашид дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өр, зээлийг бууруулах чиглэлд дорвитой өөрчлөлт хийх шаардлага бий. Мөн төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой анхаарах асуудал нь урсгал зардлыг бууруулах. Жишээ нь, Монгол Улсын төрийн албаны данхайсан бүтцийг бууруулах шаардлага байна. Учир нь, төрийн албан хаагчийн цалин хөлсөнд ойролцоогоор 2.4 их наяд төгрөг зарцуулахаар байна. Үүний 13 хувь нь төрийн захиргааны албан хаагч, үлдсэн нь төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлс байдаг. Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашгийг дээшлүүлэх, төрийн албаны орон тоог тодорхой хэмжээнд цомхотгох, үр ашиггүй зардлыг бууруулах, хууль, хүчний байгууллагын зардлыг бууруулах шаардлагатай гэж харж байна. Ирэх оны төсөвт ямар ч албан контор, барилга байгууламж барихгүй гэдэг шийдвэрийг гаргасан. Түүнчлэн улсын төсөвт тэтгэвэр, халамжид тав орчим их наяд төгрөг тавьдаг. Үүнээс харахад төсвийн орлогын тал хувь нь халамжид зарцуулагдаж байгаа нь халамжийн бодлогод анхаарах хэрэгтэйг харуулж байна. Манай улс нийт 68 төрлийн халамжийг иргэддээ өгдөг. Үүнийг цэгцэлж, давхардал хийдлийг цэгцлэх шаардлага. Тиймээс УИХ 2021 оны улсын төсвийг батлахтай холбоотойгоор Засгийн газарт тогтоолын төсөл хүргүүлээд байна. Үүнд нийгмийн халамжийн хамрах хүрээг оновчтой болгох, тодорхой халамжийг шинэчлэх, бууруулах бодлого баримтлах чиглэлийг тусгасан.

 

-Тойргуудад харилцан адилгүй төсөв хуваарилсан гэх шүүмжлэл өрнөж байна. Үүнийг хэрхэн дүгнэж байна вэ?

 

-Тойргуудын төсвийн хуваарилалтыг шүүж үзсэн. Дийлэнх нь энэ оноос шилжиж ирэх онд хийгдэх зам, бүтээн байгуулалттай холбоотой зардлууд байна. Өөрөөр хэлбэл, концессоор баригдсан бүтээн байгуулалтын хөрөнгө, санхүүжилтийг ирэх онд шийдвэрлэх ёстой. Энэ мэт байдлаас зарим газар харилцан адилгүй харагдаад байгаа юм. Ер нь аймгуудын баримталж байгаа үндсэн зарчим нь эрүүл мэнд, боловсролын салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэж байгаа. Бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгох, эмнэлгийн үйлчилгээ, орны хүртээмжийг нэмэгдүүлэх бодпогыг хэрэгжүүлнэ. Мөн хөдөө аж ахуйн салбарыг дэмжихтэй холбоотой тодорхой хөрөнгө, санхүүжилтийг хийж байгаа. 

 

-УИХ-аас бэлчээр хамгаалах талаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд санал асуулгыг ямар байдлаар зохион байгуулахаар ярилцаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

 

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улс түүхэндээ анх удаа Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулсан. Харин хоёр дахь удаагийн Зөвлөлдөх санал асуулгыг бэлчээрийн асуудлаар зохион байгуулах гэж байна. Монгол Улсын мал аж ахуйн салбарын гол асуудал болсон бэлчээрийн талаар хөндөж, ард нийтийн санал бодлыг сонсож, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлага байгаа. Үүний үндсэнд УИХ-аас бэлчээр хамгаалах талаар Зөвлөлдөх санал асуулгыг энэ онд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. 21 аймаг, 330 суманд ажиллаж амьдарч байгаа малчид, иргэд, бэлчээрийн харилцаанд оролцогч талуудыг оролцуулах юм. Ажлын хэсгийн хувьд санал асуулгын суурийг зөв тавих хэрэгтэй хэмээн үзэж, бэлчээр ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөж нэгдүгээрт тавьж байна. Бэлчээр ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтэд талуудын харилцаа, малчдын оролцоог хэрхэн бүрдүүлэх, төр болон орон нутгийн засаг захиргааны нэгжүүд, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн оролцоог хэрхэн хангах ёстой вэ гэдэгт анхаарч байна. УИХ-аас Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах сэдвийг нь батлах ёстой. Ажлын хэсгийн хүрээнд бэлчээрийн менежмент, ашиглалт, хамгаалалтыг сайжруулснаар малчдын амьжиргаа, орлогыг хэрхэн дээшүүлэх боломж, гарц шийдэл байна вэ гэдэг сэдвээр санал асуулгаа зохион байгуулахаар ярьж байна. Удахгүй УИХ-ын чуулганаар сэдвээ батлуулна. Мөн УИХ-ын тоггоолоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах зөвлөлийг байгуулах ёстой. Одоогоо уг зөвлөлийн бүрэлдэхүүнд нэрээ дэвшүүлэх иргэдийн нэрсийг авч байна. Ингээд УИХ-ын тогтоолоор Зөвлөлдөх санал асуулгын сэдвийг баталж, зохион байгуулах зөвлөл байгуулж, товыг зарлах, шаардлагатай төсөв, санхүүг нь батлах юм.

Хуулиар Зөвлөлдөх санал асуулга болон Зөвлөлдөх уулзалтыг Үндэсний статистикийн хороо зохион байгуулах үүрэгтэй байдаг. Тиймээс УИХ-ын тогтоолыг баталснаас сарын дотор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулна. Үүний дараа санал асуулгад .оролцсон иргэд, малчдын төлөөллөөс түүвэрлэн 50-аас доошгүй хувийг нь оролцуулан Зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

 

-Зөвлөлдөх санал асуулгаас ямар үр дүн гарна гэж хүлээж байна вэ?

 

-Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, малчдаас санал бодлыг нь авч бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн асуудлыг шийдвэрлэх гарц шийдлийг эрэлхийлэх юм. Ингээд санал асуулгаас гаргасан шийдлээ хуулийн хэлбэрт оруулах юм уу, эсвэл УИХ-ын тогтоол, удирдамж, чиглэл болгон гаргана. Ингэснээр манай улсын томоохон тулгамдсан асуудал болоод байгаа бэлчээрийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна. 

 

-Бэлчээрийн даац хэтэрлээ гэдэг асуудлыг олон жил ярьж байна. Гэтэл манай улсын мал сүргийн тоо жилээс жилд өсөж байна. Энэ хэрээр бэлчээрийн даац хэтэрч байгаа байх. Үүний хэрхэн зохицуулах боломжтой вэ?

 

 

 

 

-Монгол Улсын малын тоо толгой 100 сая байхад манай бэлчээрийн даац хангалттай хүрэлцээтэй гэж хувь хүнийхээ хувьд үздэг. Гол нь зөв менежментээр ашиглах, зохицуулах хэрэгтэй. Өнөөдөр яагаад бэлчээр тулгамдсан асуудал болоод байна вэ гэхээр малчид бэлчээртээ хүний буюу “хоноцын” сэтгэлээр хандаад байгаатай холбоотой. Өөрийн мал идэш, хоолтой байвал бусад нь хамаагүй гэсэн байдлаар яваад байгаа нь нөлөөлж байна.

 

 

 

 

Өнөөдөр хамгийн бэлчээр, нутаг сайтай газар нь зүүн аймгууд болоод байна. Эдгээр аймгийн нутаг руу баруун аймгуудаас нүүдэл, отор хийж олон сая малаа нэг газар руу оруулснаас бэлчээр тарамдаж, даац хэтэрч байгаагийн шалтгаан. Ингэж тарамдсан бэлчээрийг нөхөн сэргэхэд 3-4 жил шаардлагатай болдог. Тиймээс энэ асуудалд цэг тавьж, тухайн аймаг, сумдаа бэлчээрийн менежментийг хийдэг болох хэрэгтэй.

 

-Бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх нэг шийдэл нь ирэх оны төсөвт тусгасан малын тоо толгойн албан татвар байж болох уу?

 

-Малын тоо толгойн татварыг орон нутаг нь өөрсдөө тогтооно гэж байна. Энэ нь магадгүй урт хугацаандаа үр дүн гарч болох юм. Харин өнөөдрийн нөхцөлд малын түүхий эд, махаа хангалттай эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байна. Малчдын амьжиргаа хүндхэн байна. Тэр дундаа энэ өвөл олон аймагт өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байхад дээр нь татвар тогтоож малчдад ачаалал үүрүүлэх эрсдэлийг үүсгэж болохгүй. Миний хувьд ядаж 3-5 жилийн дараа буюу мал аж ахуйн салбараа жаахан өндийлгөснийхөө дараа тогтоох нь зөв байх. Эхлээд Дарханы арьс ширний үйлвэрээ ашиглалтад оруулж, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын шинэчлэлүүдийн үр дүн гарч, бэлчээрийн асуудлыг нь шийдвэрлээд малын шим нь нэмэгдэж, энэ нь малчдын амьжиргаанд нөөлөлж эхэлсний дараа малын тоо юлгойн татварыг тавьж болно гэсэн байр суурьтай байна.

 

 

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)