Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр сонголт байхгүй

Монголд ганцхан өдрийн дотор бүгдээрээ маскаа зүүж, автобусны буудал хүнгүй болж, хүүхдүүд гудамжинд тоглохгүй болов. Монголчууд бидний цусанд удирдуулж сурсан ухаан урсаж байна. Ийм ард түмнийг удирдахад амархан. Гэтэл дэлхийд юу болж байна гээч, Энэтхэгт иргэдээ саваадаж байна. Америкт дэлгүүрээ тонож байна. Орост өвчтөнүүдээ зөнд нь хаяж байна. Хятадад үнэн хэрэгтээ юу болж буйг дэлхий мэдэхгүйд хүрэв. Европ бол үгэнд орохоо байсан ард түмнээ “Ковид хэмээх бактерлогийн дайн эхэллээ” хэмээн сүрдүүлэн дарж авч байна. Харин монголчууд бид бол дэг журамтай, сахилга баттай байна. Ийм нөхцөлд бид хальж болохгүй, бас жижгэрч болохгүй. Зүгээр л мөрөөрөө амьдарцгаая. Ингэхийн тулд ямар байх ёстой вэ.

Бидэнд ухаалаг удирдлага, сайн зохион байгуулалт, Төрийн шинжлэх ухаанч хандлага, байр байрандаа яс тас байх шинж чанар чухал. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг юм байж болохгүй. Таван хоног яс тас гэртээ сууцгаая. Халдвар хамгааллын зөвлөмжийг нь яс тас сахин биелүүлье. Бүтэн жил шахуу тэсч чадсан монголчууд таван өдөр юу байхав. Одоо монголчуудын хамгийн их хүлээх ганц сайн мэдээлэл бол таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар бууруулах шийдвэр гарлаа” гэсэн мэдээ байх ёстой. Үүний төлөө л хичээцгээе. Энэ мэдээлэл зарлагдах хүртэл элдэв үймүүлсэн мэдээлэлд автах хэрэггүй. Хэрэвзээ таван өдрийн дараа “Хатуу хөл хорионы дэглэмийг цааш нь сунгах боллоо” гэвэл төрөөс халдварын тархалтыг таван өдөрт багтааж, хумин авч чадаагүй юм байна гэсэн албан ёсны ойлголт болох юм. Энэ бол эмгэнэл…

Халдварыг нэгэнт дотроо алдсан нь тодорхой болохоор одоо бүх зүйл ердийн биш. Дэлхий нийтээр энэ үеийг туулж байгааг ойлгож халдвартай хамтдаа, зэрэгцэн оршихоос өөр аргагүй. Нэг ч монгол хүнийг алдаж болохгүй учраас өөрсдөд байгаа гэгээн сайхнаа ярьж, сэтгэлээ цэлмээж сууцгаах нь зөв. Жишээ нь, “Монгол Улс бусдаас ялгаатай нь хүн амын нягтаршил бага учраас хээр хөдөө рүүгээ тараад алга болно. Жишээ нь, миний хувьд хотод нөхцөл байдал хэцүүдвэл Өвөрхангай руу давхиж очно. Тэнд дургүй хүрмээр байвал сум руугаа давхина. Суманд тээртэй байвал хөдөө гэртээ очоод хэдэн адууныхаа захад эхнэр хүүхэдтэйгээ хэвтчихнэ. Тэгээд өглөө оройд овооны орой дээрээс утсаар хот руу ярьж, хов базсан шигээ цагийн байдлыг харна” ч гэдэг юм уу, эсвэл зуслан дээрээ хоолоо хангалттай бэлдэж очоод бүгчихнэ… гэх шиг нэг талаас хэнэггүй ч гэмээр, боломжиндоо итгэсэн, сэтгэл санаагаа өөд нь татсан байдалтай байцгаах хэрэгтэй. Нэгэнт тулаад ирсэн зовлон бэрхшээлийг даваад гарах сонголт нь энэ мэтээс эхлэх хэрэгтэй. Дэлхийд Монгол Улс л зах хязгааргүй их нутагтай, тэр их газар нутгийн хаана ч хүн амьдрах нөөц боломжтойг харах хэрэгтэй. Тэрнээс ямар Сахарын элсэн цөл, Сибирийн их тайга руу зугт гэж байгаа биш. Монголын говьд, их хээр тал, хөвч хангайд хүн амьдарч болохгүй юу байгаа юм. За энэ бүхэн бол нэг талын өөдрөг төсөөлөл.

Нөгөө талаас өнөөдөр иргэн бүр үнэн зөв мэдээлэлд ойр байх нь чухал. Ингэж гэмээнэ таны тархи оюун итгэл үнэмшлээр дүүрнэ. Амьдралаа эрсдэлд оруулахгүйн тулд чи супер амьтан байх албагүй. Зуу зуу, мянга мянган хүн таны аюулгүй амьдралын төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгааг та бид харцгааж байна. Хичнээн зуун эмч сувилагч, Онцгойгийн ажилтнууд, Мэргэжлийн хяналтынхан, Цагдаагийн албан хаагчид, Тагнуул хүчнийхэн, салбар мэргэжлийн хүмүүс, мянга мянгаараа зөвхөн таны аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй зогсож байгааг сана, хүндэл, тэднийг хайрла. Тэд бүгдээрээ тань шиг хань ижилтэй, үр хүүхэдтэй, аав ээжтэй хүмүүс. “Өөрийн минь төлөө санаа зовох хүнтэй гэж өегхөн бодоход амьдрал сайхан” гэсэн О.Дашбалбар найрагчийн үгийг сана. Тэд бүгдээрээ вирустэй тэмцэж байна. Бүгдээрээ бактерлогийн дайны галын шугаманд алба хааж байна. Тэд ямар ч айдасгүйгээр, амь насаа дэнчин тавин зогсож байна. Тэдний хажууд иргэн таны гэртээ байж, гэр бүлээ халамжлах нь жаргал юм. Тэд бол жинхэнэ баатрууд, бурхны илгээсэн сахиусан тэнгэрүүд. Тэдэнд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ өвчин хэрвээ миний ээжид, эхнэрт, миний хүүхдэд халдвал юу болох вэ гэдгийг өглөө бүр сана. Дээр нь нэмж хэлэхэд бидний хэнд маань ч дэлгүүр доторх бүх хоол хүнс, мах гурил хэрэггүй. Бидэнд жаахан хүнс байхад л хангалттай. Тэр жаахан хүнс чинь агуулах агуулахаар дүүрэн байгааг өнөөдрийн төр засгийн удирдлагууд цаг минут тутам бидэнд мэдээлсээр байна. Юунд нь санаа зовсон юм. Үүний оронд энэ боломжийг ашиглаад өөрсдийгөө хувь хүний хувьд хөгжүүлэхэд анхаар. Боломжтой байгаа зүйлс дээрээ төвлөрч өөртөө өөрчлөлт хий. Суралц, ном унш, подкаст сонс, шинэ хобби, эсвэл ур чадвараа ахиул, шинэ жороор хоол хий, хөгжим тоглож сур… Гэртээ байж бусдаас зайгаа барих нь нийгмээс тасарсан гэсэн үг биш. Технологиор дамжуулан бид хэнтэйгээ ч харилцаа холбоо үүсгэх, бусдад алсаас дэмжлэг үзүүлэх боломжтой. Өнөөдрийн хөл хорионы түвэгтэй нөхцөлд найз нөхөд, гэр бүлдээ халамж, анхаарал тавих нь хамгийн аз жаргалтай чухал үйл хэрэг болоод байна шүү. Энэ бүхэн монголчууд бид бүгдийн итгэл найдвар, зорилго, утга учрыг өдөөж чадна.

Ялангуяа залуу хүмүүс гэртээ байх хэрэгтэй байна. Тэд настай хүмүүст энэ вирусийг халдаах магадлалтай. Та бид чинь ээж аавдаа аминаасаа илүү хайртай биз дээ. Болж өгвөл 65-аас дээш насны хүмүүстэй битгий уулз. Би одоо ээж аавыгаа, эмээ нараа харахыг маш их хүсч байна. Гэхдээ ингэхгүй байх нь тэдний төлөө хийж буй хамгийн зөв үйл гэж бодож сууна. Хүссэн хүсээгүй настай хүмүүсийн дархлаа суларсан байдгийг хэн хүнгүй мэднэ.

Эцэст нь хэлэхэд, эргэн тойронд маань эргэлзээтэй зүйлс, тогтворгүй хандлага мэдрэгдэх шинжтэй болсон учраас нэг их мэргэн өвөө шиг энэ зүйлсийг бичлээ. Стресс, сэтгэлийн түгшүүрээ арилгах хамгийн үр дүнтэй арга бол өөрсдийн хяналтад байдаг үйлдлүүддээ төвлөрөх гэж бодож сууна. Өөр бид юу хийж чадах билээ. Өнөөдрөөс эхлэн бид хагас жил тэссэн шиг тэсч чадвал вакцин их ойрхон байна. Учир нь өнөөдрийн байдлаар хоёр ч эрдэмтэн коронавирусийн хувирах, мутацид орох үйлдлийг таслан зогсоосон вакциныг гаргаж авчихаад байна. Шинээр гарч ирсэн олон вакцины үр дүнгүй болсон гол шалтгаан нь эдгэсэн гэх өвчтөн нь эргэж өвчлөөд байсанд байгаа юм. Тэр юу гэхээр вирус өөрчлөгдөөд байсан учраас. Одоо тэр шинж чанарыг барьж авч чаджээ. Тэгэхээр вирусийг эмчлэх хугацаа хором хормоор ойртсоор байгаа хэрэг. Энэ бол итгэл найдвар. Хүүхдүүддээ анхаарал тавь. Ахмадуудаа хайрла. Төрөө хүндэл. Хувь хувьдаа хичээцгээе. Ингэж чадахгүй бол түгшүүр, стресстээ түүртээд, түүнээсээ болж уур уцаар нэмэгдэж, эрүүл бус хооллож, уйтгар гуниг, анхаарал төвлөрөл сарних аюул газар авах нь байна шүү…

П.Хашчулуун

Эх сурвалж: Өдрийн сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай