Б.Азжаргал: Эхний ээлжинд 1000 хүнийг PCR шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн

Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргалтай шуурхай штабын хурлын дараагаар уулзаж, ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой комисс ямар ажилд голлон анхаарч байна вэ?

- Сэлэнгэ аймагт үүссэн шинэ голомтоос шалтгаалан тус хавьтлын нэгдүгээр хавьтлуудыг эрж олон, шинжилгээнд хамруулах ажлыг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна. Тархвар судлаач эмч нарын гаргасан судалгаагаар өнөөдрийн байдлаар /2020.11.14-ний 12:00 цаг/ нэгдүгээр хавьталд орсон байх магадлалтай 169 иргэний судалгааг гаргасан.

Тэдгээр иргэдээс шинжилгээ авахад шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Хоёрдугаар хавьтал болсон байх магадлалтай 380 орчим иргэний судалгааг гаргаад байна. Дээрх судалгаа нь нэмэгдэж тоо нь өөрчлөгдөх магадлалтай. Цагдаа, Тагнуул зэрэг мэргэжлийн байгууллагууд иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг нарийвчлан судалж тогтоож байна. Одоогоор хоёрдогч хавьтлаар тогтоогдоод байгаа 380 иргэнээс PCR шинжилгээ авч байна. Үүнээс гадна зөвхөн хавьтал бүхий гэхээсээ илүүтэй олон нийтэд үйлчилдэг такси, худалдаа үйлчилгээний төвүүд, онцгой нөхцөлд ажиллаж буй төрийн албан хаагчдаас шинжилгээ авах ажлыг давхар зохион байгуулж байна. Манай аймаг нь Сэлэнгэ аймагтай хил залгаа учир голомтын бүстэй нэгэн адил анхаарал хандуулах ёстой гэж үзсэн. Тархалтын хүрээг хумих бодлогын хүрээнд Дархан-Уул аймгийн иргэдийн дунд тандалтын судалгаа хийж эхний ээлжинд 1000 хүнийг PCR шинжилгээнд, түргэвчилсэн шинжилгээнд 500-600 хүнийг  хамруулахаар шийдвэрлэсэн. Иймд энэ ажлыг яаравчлан зохион байгуулахыг аймгийн Эрүүл мэндийн газарт өглөө даалгалаа.

- Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Онцгой комиссоос хэд хэдэн арга хэмжээнд чиглэж ажиллалаа. Эдгээрээc дурдвал?

-Бүх нийтийн хөл хорио манай зарим айл өрхөд их хүнд тусч байгаа. Ялангуяа өдөр тутмын орлогоор амьдралаа залгуулж буй иргэдэд хөл хорио хүндээр тусч байгаа учраас мэргэжлийн анги бүлгүүд зорилтод үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нэн тэргүүнд бид эмзэг бүлгийн эрсдэлт нөхцөлд хамрагдах магадлалтай 380 хүүхдийн судалгааг гаргасан. Хүүхдүүдээр дамжуулж тухайн айлуудад хүнс тэжээл болон хувцас хэрэгслийн туслалцаа үзүүлж байна. Түүнээс гадна эмзэг бүлгийн болон эрсдэлт бүлэгт хамрагдах 400 өрхөд хүнс тэжээлийн тусламж үзүүлж байна. Мөн түлээ түлшний хомсдолд орсон 800 өрхөд 10 хоногийн нөөцөөр тооцож түлш хүргүүлж байна. Коронавирусний халдварын эрсдэл бүхий бүсийн обьект болох зах худалдааны төвүүдийн гадна, дотно талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажил үргэлжилж байна. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллагууд өөр өөрийн үүрэг чиглэлийн хүрээнд тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж байна.

- Мах худалдаалах үнийн дээд хязгаарыг тогтоосон. Энэхүү шийдвэрийн хэрэгжилт ямар байна вэ?

-Бид холбогдогдох байгууллагууд, иргэдээс гаргасан саналын дагуу өргөн хэрэглээний бараа тэр дундаа махны худалдаанд хяналт тогтоох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, махны үнийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Энэ шийдвэрийг зах худалдааны төвийнхөн эерэгээр хүлээн авч хамтарч ажиллаж байна. Мөн дөрвөн цэгээр дамжуулан хонины махыг 7500, үхрийн махыг 8500-гаар борлуулахаар махны худалдаа эрхлэгч үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж эхэллээ. Бусад өргөн хэрэглээний барааны хувьд Дархан-Уул аймагт санаа зовох асуудал байхгүй. Төмс, хүнсний ногооны 210 хоногийн нөөц байна. Гурилын 4240 хоногийн нөөцтэй. Манай аймагт гурилын 4 томоохон үйлдвэртэй. Шатахуун түээх 32 станцын түлш шатахууны татан авалт хэвийн байна. Банк санхүүгийн байгууллагууд, бэлэн мөнгөний машинууд бүгд хэвийн ажиллаж байна. Хөл хорио тогтоосонтой холбогдуулан аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний эрчим 85-90 орчим хувиар буурсан. Энэ нь иргэд аймгийн Онцгой комиссын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж буй илрэл юм. Мөн гэмт хэргийн гаралт зөрчил дутагдал 50-80 хувиар буурсан мэдээлэл байна. Цаашид аймгийн онцгой комиссоос дараалсан үе шаттай ажлуудыг авч хэрэгжүүлж иргэдээ энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

Тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

- Эрүүл мэндийн байгууллага шаардлагатай тохиолдолд эмчлэн тусгаарлах байраа бүрэн бэлтгэсэн. Өчигдөр бид 26, 24 ортой хоёр эмнэлгийг бэлэн болгож бэлтгэл хангасан. Үүн дээр нэмээд дээр хэлсэнчлэн PCR-ийн шинжилгээг эхний ээлжинд 1000 хүнээс авна. Ингэснээр иргэдийг эрүүл аюулгүй орчинд байна гэдгийг батлах юм. 

- ААНБ, иргэдээс ирж байгаа хандив тусламжийг хаана төвлөрүүлж байгаа вэ. Онцгой дэглэмийн үед хүн олноор цугларч болохгүй. Гэрээсээ битгий гар гэдэг зөвлөмж өгч байгаа. Ийм нөхцөлд хандив тусламжийг хэрхэн яаж хүргэж байна вэ?

-Бид албан ёсоор ард иргэддээ хандсан уриалга хандивын үйл ажиллагааг зохион байгуулаагүй байна. Гэхдээ бидний хийж буй үйл ажиллагааг аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд маань дэмжиж тусламжийн гараа сунгаж байгаад ихэд талархаж байна.

Цугларсан хандив тусламжийг аймгийн Онцгой байдлын газарт байрлах Шуурхай штабт төвлөрүүлээд Сумдын онцгой комиссоор дамжуулж, мөн аймгийн Улаан загалмайн хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрууд хамтран тухайн айл өрхүүдэд гэрт нь орохгүйгээр халдвар хамгааллын дүрмийн дэглэмийн гэрийнх нь гадна утсаар мэдэгдээд бараа бүтээгдэхүүнээ дөхүүлж өгч байна.

Эцэст нь хэлэхэд, иргэд та бүхэн гэртээ байж дархлаагаа дэмжин өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалаарай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)